Жагсагчид шоронд, уриалагчид төрд гардгийн тод жишээ нь Ж.Батзандан

714

-Таван залуу амиа алдсан жагсаалын автор төрд орж, нэрд гарсныг мартах учиргүй-

Одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-нд болсон иргэдийн жагсаал, цуглаан эмх замбараагүй ширүүссэн нь таван залуугийн амийг авч одсныг монголчууд мартаагүй. Уг жагсаалын гол автор нь тухайн үеийн иргэний хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандан, О.Магнай нар байв. Гол байгаараа МАН-ыг сонгосон уг жагсаалаар дамжуулж “Монголын улс төр бохир боллоо. Шударга ёсны төлөө” гэж тэрбээр лоозондож иргэдийг турхирсан. Гэвч эцсийн дүндээ таван залуу амиа алдаж, олон арван залуус аавын хаалга татах шалтгаан болсон юм. Ж.Батзандангийн хувьд Цагдан хорих 461 дүгээр ангид хэд хоног саатуулагдах үедээ “Амь нас минь заналхийлэлд өртлөө” гэж захидал хүртэл бичсэн удаатай.

Гэтэл аравхан жилийн өмнө улс төр бохир болсныг гайхаж, өөрийнхээ шударгыг шагшиж суусан Ж.Батзандан УИХ-д хоёронтоо сонгогдоод байна. Ингээд зогсохгүй УИХ-ыг бойкотлож, спикерээ 48 цагийн хугацаанд огцрохыг шаардаж, хэрвээ шаардлагыг нь биелүүлэхгүй бол эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэв. Тэр өдөр нь өнөөдөр. Гэтэл 10 жилийн өмнөх түүх давтагдаж, идэр 9-ийн хүйтэнд жагссан иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирвол хэн хариуцлага хүлээх вэ. Долдугаар сарын 1-ний жагсаалыг зохион байгуулж, иргэдийг турхирсан хэрнээ ард нь гэмгүй үлдээд зогсохгүй, УИХ-ын гишүүний сэнтийгээр “шагнуулсан” Ж.Батзандан лав хариуцлага хүлээхгүй нь лавтай. Тэгж мөрөөдөөд ч хэрэггүй байх. Учир мэдэх зарим улстөрчид долдугаар сарын 1-ний жагсаалыг албаар үймээлсэн гэх нь бий.

Үнэний ортой гэдгийг цөөнгүй баримтаар нотолсон. Тэгвэл өнөөдөр 11:30 цагаас зохион байгуулна гэж төлөвлөж, зарласан эсэргүүцлийн жагсаалд яг ийм тактик хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй. Жирийн иргэд жагсаал хийхдээ цагдаагийн байгууллагаас өөрсдөө очиж зөвшөөрөл хүсдэг бол өчигдөр УИХ-ын гишүүд цагдаа, тагнуулын удирдлагуудыг төрийн ордонд камерын өмнө дуудаж аархсан. Начир дээрээ бол жагсаалын үеэр ямар нэг үймээн самуун дэгдэхээс сэргийлж буй мэт. Гэвч үнэн зүйл гэвэл үймээн, самуун дэгдээхээр аль хэдийн төлөвлөж, үүнийгээ “Жагсдаггүй ард түмэн ядуу амьдардаг” гэсэн утгатай үгээр өнгөлөн далдалж, урдаа төрийн цагдаагаар халхавч хийж байхыг үгүйсгэхгүй. Ж.Батзанданг ингэж чадах хүн гэдгийг монголчууд мартах учиргүй.

Нэхэн сануулбал, долдугаар сарын 1-нийг зохион байгуулагчид “Манайхаан, дайраад. Бид хамтдаа байна. Бүгдээрээ тэмцэж сайхан амьдаръя” гэж уриалсан. Тэдний нэг нь Ж.Батзандан. Гэтэл түүнийг ингэж хэлж, уриалснаас хойш түүний амьдрал л сайжирснаас биш жагсагчдын амьдрал сайжирсныг мэдэхгүй. Жагсагчид шоронд, Уриалагчид УИХ-д заларсан нь л туйлын үнэн юм. Өнөөдрийн жагсаалаар хэн нэгэнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр түргэний тэрэг Сүхбаатарын талбайд дуут дохио хангинуулан ирж, харин жагсаалын авторууд чанга яригчаар буруугаа бусдад чихсэн үгсийг хашгирч зогсох сценари ч зурагдсан байх магадлалтай. Бидний ой санамж ингэтлээ богинохон байгаагүй бол таван залуугийн аминд хүрсэн жагсаалын гол зохион байгуулагч Ж.Батзандангийн уриалж буй жагсаалд дахин очиж түүний улс төрд мацах шатны гишгүүр болох хэрэггүй л юм.

Г.Алимаа

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>