Долоон голтон

744

Долоон голтон

 

Леонардо Ди Кабриогийн гол дүрд тоглосон “Revenant” буюу “Долоон голтон” хэмээн орчуулагдсан кино тайз, дэлгэцийн ертөнцөд шинэ өнгө төрхийг авчирсан билээ. Гэхдээ баавгайнд сэмлүүлж, хавцлаас нисч, өргөн их ойг хувцасгүй, шалдан шахуу туулсан залуугийн түүх зохиомол юм. Өөрөөр хэлбэл кино, урлагаар амьжуулсан нь маргаангүй үнэн. Харин дэлхийн нэг, хоёрдугаар дайнд “Долоон голтон” хэмээх цолыг авсан Английн армийн дэслэгч генерал Адриан Картон гэх бодит хүн байсны зэрэгцээ тэрээр кино урлагт ч дүрслэхэд хэцүү, нүд хальтрам түүхийн эзэн болжээ. “Revenant-ын зохиомол түүх Адриан Картоны туулсан амьдралын хажууд дэндүү балчирдах аж. Тиймээс Адриан Картоны түүхийг дор өгүүлье.
Английн армид дэслэгч генерал цолтой Адриан Картон де Виарт гэдэг олон удаа шархдаж, их бууны дэлбэрэлтэд өртөж, өрөөсөн нүд, нэг гараа алдаж, нисч явсан онгоц нь дайсны суманд оногдож тэнгисийн усанд унасан, дайсанд олзлогдож шоронд хоригдож байсан ч амьд үлдэж чадсан жинхэнэ “Долоон голтон” байсан аж. Тэр бол 60 жилийн хугацаанд Англи-Бурын дайн, Дэлхийн I болон II гэсэн гурван удаагийн дайнд оролцсон жинхэнэ баатар юм. Зарим хүн түүнийг чөтгөрт сүнсээ худалдчихсан ч гэж хошигнодог. Картон де Виарт 1880 оны 5 дугаар сарын 5-ний өдөр Бельгийн нийслэл Брюссель хотод язгууртны гэр бүлд мэндэлжээ. 1891 онд түүнийг Католик шашны дунд сургуульд суралцуулахаар Англи руу явуулсан ба хэдэн жилийн дараа Оксфордын хуулийн сургуульд элсэн оржээ. Гэвч 1899 онд тэрбээр сургуулиа орхиж, 25 настай “Байлдагч Картон” гэсэн хуурамч бичиг бүрдүүлж Английн армид элсэж орлоо. Удалгүй Өмнөд Африкт явагдаж буй  Англи-Бурын II дайнд оролцохоор сайн дураараа явсан байна.
 
Дайны эхэн үеийн нэгэн тулалдаанд гэдэс, цавиндаа бууны шарх авсан тул Англи руу эмчилгээнд явахаас өөр аргагүйд хүрэв. Харин энэ бүх явдлыг Египетийн Кайро хотод ажиллаж байсан нөлөө бүхий эцэг нь мэдээд нэлээд бухимдсан гэдэг. Энэ бүхний эцэст ямар ч байсан армид үлдэн, 1901 онд дэслэгч цол хүртэж, офицерын карьер нь эхэлсэн байна. 1902 онд бие нь эдгэрсэн түүнийг Энэтхэгт байрлах цэргийн анги руу шилжүүлэв. Энэтхэгт алба хааж байхдаа Картон де Виарт спортоор маш эрчимтэй хичээллэх болжээ. Удалгүй түүний алба хааж буй хороог нь Өмнөд Африк руу шилжүүлэн байрлуулахад Африкт хоёр дахь удаагаа дахин хөл тавьжээ. 1904 онд ахлах дэслэгч цолоор шагнуулж, тус оныхоо 7 дугаар сард Африкт буй Английн цэргийн ерөнхий командлагч, генерал Хенри Хилдярдын хувийн туслахаар томилогдов. 1907 онд Английн армид найман жил алба хаасны дараа албан ёсоор Англи улсын иргэн болов. Мөн хувийн амьдралд нь ч өөрчлөлт гарч Мариа хэмээх бүсгүйтэй гэрлэж, хоёр охинтой болжээ.
Түүний тайван амгалан амьдрал удаан үргэлжилсэнгүй. 1914 оны 11 дүгээр сард Дэлхийн I дайн дэгдэж, галын шугам руу дахин явлаа. Английн армийн Сомалийн тэмээн корпуст алба хааж, Дервишийн цэргүүдтэй тулалдаж байжээ. Нэг удаа залуу дэслэгч Картон де Виарт, дайсны бэхлэлт рүү хийсэн халз дайралтын үед гар, нүүрэндээ буудуулан зүүн нүд, чихнийхээ талыг алджээ. Ёстой л спортоор хичээллэдэг, биеийн эсэргүүцэл сайтай тулдаа амьд үлдсэн бололтой. Эмч нар түүнийг Англи руу удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээнд явуулжээ. Эмнэлэгт түүнд шилээр хиймэл нүд урлаж өгсөн хэдий ч хиймэл нүд түүнд их тавгүй сэтгэгдэл төрүүлдэг байсан учир авч хаяад нүдний хэсгийг далдалсан хаалт зүүдэг болсон байна. Дарга нар нь түүний байгуулсан гавьяаг үнэлж “Эр зоригийн шагнал” олгов.
Тэр эмнэлэгт удаан хэвтсэнгүй. Эдгэрч гармагцаа 1915 оны 5 дугаар сард баруун фронтын Ипрест байрлаж байсан ангид томилогджээ. Ипресын II тулалдааны үеэр Германы их бууны сум Картон де Виартын хажууд тусаж, хэлтэрхий нь түүний зүүн гарыг юу ч үлдээлгүй сийчжээ. Энд олсон шархнаас болж нэг гараа үүрд алдсан юм. Дахиад л эмнэлэгт хэвтлээ. Эмнэлэгт эмчлүүпж байхдаа эмч нарын комисст өөрийгөө байлдах чадвартай гэдгээ итгүүлж чадсан учир 1916 онд фронтод эргэн иржээ. Дэд хурандаа цол хүртсэн түүнийг Глоусестерширийн хорооны наймдугаар батальоны захирагчаар томилжээ. Далайн дээрэмчдийн ахлагч шиг өрөөсөн нүдний хаалт, цэрэг цамцны хоосон ханцуй, ширвээ сахал, баатарлаг тулалдсан тухай домог, түүх нь цэргүүдийг зоригжуулдаг байсан аж.
 
Францын нутаг дахь Ла Бойселле гэдэг тосгоны төлөө Англи, Германы цэргүүд ширүүн тулалдаж байлаа. Тосгон хоёр талын гарт хэд хэдэн удаа шилжээд байв. Аймшигтай тулалдааны дараа удирдлагын гурван офицер нь амь үрэгдэхэд Картон де Виарт бүх удирдлагыг гартаа авч шийдвэрлэх дайралтад орж, тосгоныг эзэлж аваад тэндээ бэхжив. Удалгүй Германчуудын хийсэн сөрөг дайралтыг амжилттай няцаасан байна. Тосгон англичуудын гарт үүрд үлджээ. Энд цэргүүдээ амжилттай удирдаж, ялалт байгуулсан учир гавьяаг нь цэргийн дээд командлал үнэлж, “Викторын Загалмай” одонгоор шагнасан юм. Энэ шагнал нь манайхаар улсын баатартай дүйцэхүйц, тухайн үеийн эр зоригтонд олгодог хамгийн том шагнал байсан билээ. Энэ дайнд Картон де Виарт олон ч удаа шархдаж байсан. Тухайлбал Сомме-д болсон тулалдаанд толгой, хөлийн шагайндаа, Пассчендаелед гуяндаа, Камбрайд хөлөндөө, Арраст чихэндээ шархдаж байв. Мөн тэрбээр маш эрэлхэг зоригтой тулалдаж, амжилт гаргаж байсан учраас түүний цол ч хурдан ахиж байв. 1916 оны 3 дугаар сард хошууч, харин 7 дугаар сард дэд хурандаа цол хүртжээ. Удалгүй түүнийг дивиз командлахад бүрэн дүүрэн тэнцэх хүн хэмээн тодорхойлж, дивизийн захирагч болголоо. Харин 1917 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр бригадын генерал цол хүртээсэн байна.
Ингээд нэг их удалгүй дайн ч дууслаа, мань эрийг Польшийн Засгийн газарт туслалцаа үзүүлэх зорилготой Английн цэргийн багийн орлогч даргаар томилж Польш руу явуулав. Дипломат ажилтай төстэй энэ албанд ажиллаж байхдаа олон ч хүнтэй танилцсан байдаг. Тэрээр 1923 онд хошууч генерал цолтойгоор албан ёсоор тэтгэвэрт гарчээ.
Тэтгэвэрт гараад 15 жил тайван амьдарч байтал Дэлхийн II дайн эхэллээ 1939 онд түүнийг цэргийн дээд командлалаас Польш дахь хуучин албан тушаалд нь эргүүлэн томилж, дайны голомт руу явуулав. Тэр Польш Улсын Засгийн газар, Жанжин штабын даргатай ойр дотно ажилладаг байв. 1939 оны 9 дүгээр сард Польш руу Фашист Герман дайрчээ. Варшавт байдал хүндэрч хэзээ мөдгүй эзлэгдэх ойртоход Польшийн Засгийн газар нүүлгэн шилжүүлэлт хийж эхэлсэн бөгөөд Картон де Виарт ч гэсэн өөрийн багийн хүмүүсийн хамтаар Румын орохоор явжээ. Замд нь түүний цувааг Германы цэргийн онгоц бөмбөгдсөний улмаас эхнэр нь туслахынхаа хамт алагдсан аж. Арайхийж Румын орсон тэрбээр 9 дүгээр сарын 21-ний өдөр өөр паспортаар онгоцонд сууж нутгийн зүг явж чаджээ.
Англид очоод зүгээр суусангүй. 61 дүгээр дивизийн захирагчаар томилогдож 1940 онд Хойд Ирландад байрлаж Норвегит явагдсан цэргийн ажиллагааг удирдаж байв. 1941 онгэ 4 дүгээр сард түүнийг Югослаь Засгийн газарт туслалцаа үзүүлэх зорилготой Английн цэргийн багийн ахлагчаар томилов. Тухайн үед А.Гитлер тун удалгүй Югославыг эзлэхээр төлөвлөж байсан тул тус улс Английн Засгийн газраас тусламж хүсээд байсан юм. Картон де Виарт Югославын Засгийн газартай хэлэлцээр хийхээр Белград руу нислээ. Гэвч түүнии онгоцыг газар дундын тэнгис дээгүүр нисч явахад нь буудаж сөнөөжээ. Гэвч баатар дахиад л амьд үлдэв. Тэнгист унасан онгоцноос гарч, нэг гараараа сэлсээр яваад эрэг хүрэхэд италичууд түүнийг олзолж авчээ. Итали дахь цэргийн шоронд хоригдож байх үедээ газар доогуур хонгил ухаж, хэд хэдэн удаа оргох гэж оролдсон гэдэг. Нэг удаа оргоод найм хоногийн дараа баригдаж байсан гэнэ. Тэр үед бараг 60 настай байсныг санах хэрэгтэй. 1943 онд тэрбээр суллагдаж, Англид буцаж ирлээ.
Англид ирээд нэг сар ч бололгүй Английн Ерөнхий сайд Винстон Чөрчиллтэй уулзжээ. В.Чөрчилл түүнийг хүндлэн биширдэг байсан юм. В.Чөрчилл түүнийг Хятадын Үндэсний удирдагч Чанг Кай Шекийн дэргэд суух өөрийн хувийн төлөөлөгчөөр томилж, Хятад руу явуулах санал тавихад, саналыг хүлээн авчээ. Ингэхдээ дэслэгч генерал цол хүртэж, Хятад руу явав. Тэрээр Хятадад 1943-1947 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан байна. Картон де Виарт нь амьдралынхаа сүүлийн жилүүдэд Англид тайван амьдарч байгаад 1963 онд 83 настайдаа өөд болсон юм.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>