МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ УЛСТӨРИЙН НАМЫГ СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ ХУУЛЬ САНААЧЛАХЫГ ХҮСЭВ

465

МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ УЛСТӨРИЙН НАМЫГ СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ ХУУЛЬ САНААЧЛАХЫГ ХҮСЭВ

 

МАН-ыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй байгаа талаар шүүмжилж, "Үнэн ба зөв" намаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус намын дарга А.Отгонбаатар "МАН-ыг мөрийн хөтөлбөрийнхөө амлалтыг биелүүлэхийг шаардаж байна. Улс төрийн нам гэдэг мөрийн хөтөлбөртэй. Тэр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж төрийн эрх авахаар сонгуульд оролцдог ганцхан зорилготой.

МАН-ын 1996-1999 оны хооронд хийсэн мөрийн хөтөлбөрийн амлалт нь их сайхан уриайтай байгаа юм. Тухайлбал, 1992 онд "Эх орон ард түмнийхээ төлөө" гэсэн уриатай оролцож байжээ.

1996 онд мөн "Эх орон ард түмнийхээ төлөө" гэсэн уриатай сонгуульд оролцсон бол дараа нь  "Төрөө хямралаас түмнээ ядуурлаас гаргая" гэсэн агуу уриатай орж байсан. Гэвч энэ мөрийн хөтөлбөрүүд нь огт хэрэгжээгүй байдаг юм.

Түүнчлэн 2004 оны үед "Таны төлөө тантай хамт", 2016 онд 65 суудал авахдаа "Иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгийн хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журам баян хүчирхэг Монголыг цогцлоож чадна" гэсэн уриатай ялалт байгуулж байжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар огт хэрэгжүүлээгүй сайхан хоосон худал амлалт байсан байгаа юм.

Тиймээс мөрийн хөтөлбөрийнхөө 60 хувийг биелүүлээгүй намыг дараагийн сонгуульд оролцуулахгүй байх хуулийн төсөл баталж санаачлахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсч байна. Хэрвээ ийм хуулийн төсөл санаачилж, хэрэгжүүлэх юм бол эрх барьж байгаа намууд дараагийн сонгуульд оролцох нөхцөл нь бүрдэхгүй байх боломжтой.

Дээрх олон мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадаагүй МАН-ынханд ард түмнийг харах нүүр, хэлэх үг байхгүй учраас одоо хоорондоо нийлж нэгдэж байгаад "Шударга ёс" гэсэн шоу хийж эхэллээ.

Түүхч Өлзийбаатар гуайн бичсэнээр нэгнийгээ золиосонд явуулж, ард түмний тархийг буруу мэдээллээр угааж байгаа нь үнэн. Утаандаа хордож байгаа иргэд бослого гаргах гэхээр урдаас 60 тэрбумаа яриад завгүй болгочихоод байгаа юм. Сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэгийн хэргүүд замхраад дууслаа.

Ард түмэн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг шаардаж магадгүй. Тэгэхээр та нарын урдаас "Бид нар шударга ёсны төлөө тэмцсэн юмаа" гэж хэлж мэдэх л хүмүүс. Одоо энэ хийж байгаа жагсаал цуглаанууд ч тавилттай жүжиг юмаа. МАНАН-гийнхан өөрсдийгөө аврах ээлжит жүжиг" гэв.

Түүнчлэн МАНАН-г устгаж үгүй хийхийн тулд намыг нь татан буулгах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. 60 тэрбумын асуудлыг Ерөнхий сайд болон Хуульзүйн сайд нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч хариуцлага тооцох ёстой байтал намаа аврах гээд улайраад байгаа нь ёсзүйгүй үйлдэл.

МАН-ыг амлалтандаа хүрэхийг шаардаж байна. Хэрвээ амлалтандаа хүрэхгүй бол хариуцлагагыг нь Ерөнхий сайдаас нэхнэ. Шударга ёсны төлөө тэмцэж, нэгдэж байгаа бол мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, амлалтандаа хүрэхийг шаардаж байна гэлээ.

-Ардчилсан намаас ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж байгаа. Үүнийг танай нам дэмжих үү? 

-Тэр бол АН-ын акц. Ээлжит бус сонгууль явуулах бол АН ялах магадлалтай. Дахиад ард түмнийг хулхидана. Тиймээс Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөр, амлалтаа хэрэгжүүлдэггүй намыг сонгуульд битгий оруулаачээ. Өөрчлөлтийг өөрөөр хийх ёстой.

-Улстөрийн намууд попорч гарч ирдэг. Танай нам бусад намуудаас юугаараа ялгарч байгаа юм бэ? 

-Манай нам хөдөлмөрлөсөн хүнд боломж олгодог нам байя. Ард түмэнд таалагдах зүйл ярихгүй. Харин амьдралыг нь дээшлүүлэх бодит боломжийг ярина.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>