САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХООЛНЫ ХОРДЛОГООС СЭРГИЙЛЭЭРЭЙ

857

САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХООЛНЫ ХОРДЛОГООС СЭРГИЙЛЭЭРЭЙ

 

Хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогот халдвар гарахад нөлөөлөх гол хүчин зүйл бол хоол хүнсний зүйлийг тээвэрлэх, бэлтгэх, болгох, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм.

Хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах толгой өвдөх, ядрах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, ам цангах, гар хөл, үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Хэрэв танд эдгээр шинж тэмдэгүүд илэрсэн, өвчилсөн шалтгаанаа хүнснээс болсон гэж үзвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандаарай. Өвчлөх эрсдэл өндөртэй бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс өвчилсөн тохиолдолд эмчид нэн даруй хандах шаардлагатай. /Нийслэлийн түргэн тусламжийн төвийн утас-103, ХӨСҮТ-100/

Мөн өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол харьяа дүүрэг дэх мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй. /НМХГ-ын шуурхай албаны утас-70128012/

Хоолны хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг газруудаар үйлчлүүлэхдээ болон гэрийн нөхцөлд хоол хүнсийг бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэхэд дараахь зөвлөмжийг хэрэглэгч танд хүргэж байна.

• Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл сайн дэлгүүр, худалдааны төв, нийтийн хоолны газрыг сонгож үйлчлүүлэх, тооцооны баримтыг 2-3 хоног хадгалж хэвших.
• Хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хаяг, шошгын мэдээллийг бүрэн уншиж сонгож байх ба дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:
 

1. Бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, дуусах он сарыг харж хугацаа дуусаагүйг сонгох
2. Бүтээгдэхүүний хадгалалтын нөхцөл -Тухайн бүтээгдэхүүнийг ямар хэмд, хэдэн хувийн агаарын харьцангуй чийглэг орчинд хадгалах ёстойг шошгоны мэдээллээс харж, тохирсон нөхцөлд хадгалж, худалдаалж буй тохиолдолд сонгох
3. Хэрэглэх арга -Тухайн бүтээгдэхүүний сав баглаа, боодлыг зааврын дагуу зөв задлах, онгойлгосноос хойш хэдий хэр хугацаанд хадгалах, хэрхэн зөв хэрэглэх талаар тусгасан байдаг.
4. Орц, найрлага, шим тэжээл–Тухайн хүнсэнд агуулагдаж буй амьтан, ургамлын гаралтай түүхий эд, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хувиргасан амьд организмаас гарган авсан эсэх зэргийг шошгын мэдээллээс уншиж өөрийн эрүүл мэндэд тохирох, тухайн хүнснээс биемахбодийн өдрийн хэрэгцээт илчлэг, амин дэмийн хэдэн хувийг авч болох, харшил үүсгэхгүй байх байдлыг харж сонгож авах
5. Сав баглаа, боодол-бүрэн бүтэн, урагдаж цоороогүй, хагарч хонхойгоогүй зэрэг гэмтэлгүй эсэхийг шалгаж авах
6. Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэг зэрэг түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг хөргөгч, хөлдөөгчнөөс авах
 

Гэрийн нөхцөлд хоол хүнсийг бэлтгэхдээ дараах зүйлийг анхаарна уу.
 

1. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглээндээ тохирсон хэмжээгээр худалдан авч, зохих нөхцөлд хадгалах, /хөргөгч, хөлдөөгч, зоорь, хүйтэн сэрүүн газар г.м/
2. Хоол хүнснийг бэлтгэх, боловсруулах, хэрэглэхийн өмнө болон бие зассаны дараа гараа тогтмол угааж, халдваргүйжүүлж хэвших
3. Хоолыг дулааны боловсруулалт хийж гүйцэт болгосон даруйд хэрэглэх ба 2-4 цагаас илүү хадгалахгүй байх
4. Жимс, хүнсний ногоог сайтар угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх
5. Боловсруулсан хоол хүнс, зууш, салатыг угаасан сав суулга, аяга тавганд хэрэглэх
6. Аяга таваг, халбага, сэрээгээ сольж хэрэглэхгүй байх
7. Архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг тохируулан хэрэглэх
 

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтэс

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>