Хөрөнгө оруулагчид Монголоос үргэж байгаа гурван шалтгааныг нэрлэв

685

Намар, өвөлжин үргэлжилсэн улс төрийн зодоонд Монгол Улс, монголчууд бид ямар төлөөс төлж байна вэ. Эрх баригчдын сандал булаацалдсан үйл явдал нь гадаад ертөнцөд, гаднынханд яаж харагдсан бэ.

Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар байр сууриа идэвхтэй илэрхийлдэг манай улсад суугаа нэгэн Элчин сайдаас сонирхож асуусан юм. Дипломат харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүй учраас Элчин сайдын нэрийг дурдахгүйгээр түүнтэй ярьсныг сийрүүлье. Тэрээр: "Хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд Монголд шударга шүүх байна уу гэж асуудаг. Үнэндээ би Монголын шүүхэд итгэдэггүй учраас хөрөнгө оруулагч нарт гэрээндээ, хэрвээ маргаан үүсвэл Монголынхоос гадна олон улсын шүүхээр шийдвэрлүүлэх гэсэн заалт заавал оруулахыг зөвлөдөг. Харамсалтай нь монголчууд гэрээгээ дагаж мөрддөггүй. Энэ бүгдийг хөрөнгө оруулагчдад сануулж хэлдэг. Үнэнийг хэлэхэд хөрөнгө оруулагчид сүүлийн жилд Монголыг сонирхохгүй байгаа. Яагаад гэвэл арваннэгдүгээр сараас хойш Монголын Засгийн газрын үйл ажиллагаа зогсонги болж, парламент нь бие биедээ дайсагнасан талуудын нэгдэл болсон. Тэд бүх цагаа "байлдахад” зарцуулж байна. Ийм байхад хэн ч хөрөнгөө Монголд оруулахгүй. Монголын бизнесийн орчин Улаанбаатарын утаатай адил болсон. Гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд бүр Монголын нөхцөл байдлыг өөрийн улс орон болон хөрөнгө оруулагчдад ийм байдлаар тайлагнаж байгаа болов уу” гэв.

Дараа нь тэрээр Монголоос хөрөнгө оруулалт үргэх болсон гурван шалтгааныг нэрлэсэн юм.

1. Дөрөвдүгээр сарын барилчилгаа

2018 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын хууль, хүчний байгууллагаас Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг баривчилсан. Мөн Оюутолгойн далд уурхайг хөдөлгөсөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг барьсан. Хөрөнгө оруулагчид Монголыг Оюутолгой төслөөр илүү мэддэг учраас эдгээр  хүмүүсийг баривчилсан нь ихээхэн анхаарал татсан. Энэ эрхмүүдийг дэлхий мэдэхгүй, танихгүй. Харин "Оюутолгойн гэрээг байгуулсан хүмүүсээ баривчилжээ" гэсэн мэдээ нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татсан. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор энэ хүмүүсийг баривчилсан нь улс төрийн шийдвэр байсан уу, шударга хууль, шүүхийн шийдвэр үү гэдгийг бид мэдэхгүй. Мэдэхгүй удаж байна, энэ хэрээр хөрөнгө оруулагчид хүлээж байна.

Яагаад гэвэл дэлхийн хэмжээний Рио Тинто компанитай байгуулсан гэрээтэй холбоотойгоор ийм асуудал үүсч байгаа юм чинь түүнээс жижиг компани, жижиг хөрөнгө оруулагчдад ямар хандах нь ойлгомжтой гэх зэргээр хөрөнгөө татах, харзнах байдалд шилжсэн.

Ер нь Монголчууд Оюутолгойд дэлхий хэмжээний хөрөнгө оруулалтын том төсөл хэрэгжиж байгаагаар бахархах ёстой. Гэтэл улстөрчдөд нь эсрэгээрээ, том төсөл, том хөрөнгө оруулагчдыг үзэн ядуулах гэж оролддог нь харамсалтай. 

2. Хоёр хүний лобби буюу 30 хувийн татвар

2018 оны төсөв батлах үеэр хоёрхон хүний лоббигоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, лицензээ бусдад шилжүүлсний төлбөрөөс 30 хувийн татвар авахаар болсон. Ингэснээр төсвийн орлогыг 36 тэрбум төгрөгөөр өсгөнө гэж тооцсон. Уг заалт нь замбараагүй лиценз олголтыг цэгцлэх, дамлан худалдахад хаалт хийж байгаа нь  зөв ч, нөгөө талдаа гадаадын хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлж байгаа. Лицензээ шилжүүлж, 30 хувийн татвар төлөх хөрөнгө оруулагч Монголд байхгүй. Хайгуул хийх талбайгаа багасгахын дээр лиценз борлуулсны татвараа өндөр тогтоосноор уур уурхайн салбарын хөрөнгө оруулалт багасч байна. Зөвхөн энэ хууль хэрэгжиж эхэлсний дараа 100 сая долларын хөрөнгө оруулалт гацаад байна.

3. Монголын эрх баригчдын зөрчил

Монгол эрх баригчид үндсэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас л зөрчилтэй, улс орны хэмжээний бодлогын чухал асуудлуудад ахиц дэвшил гаргасангүй. Улс төрийн тогтворгүй байдал нь эргээд хөрөнгө оруулалтад нөлөөлж байна.

Эцэст нь, ноён Элчин сайд Монголын төр төрийн өмчит компаниудынхаа тоог бууруулсангүй, нэмсээр байна. Төр, төрийнхөн нь ийм их авлигатай үед төрийн өмчит компани нэмж байгуулсаар байвал авлига тийшээл шилжинэ, нэмэгдэнэ. Үнэндээ Монголын эрх баригчдын энэ их улстөржилт, хүнд суртлаас хөрөнгө оруулагчид залхаж байгаа.

Нэрээ нууцлахыг хүссэн ноён Элчин сайдын энэ үг хатуу ч гэсэн үнэн гэж бодлоо. Энэ яриа эзэнтэйгээс гадна сонссон олон гэрчтэй...

Э.Мөнхцэцэг



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>