Ц.Элбэгдорж: Надаас юу ч олж чадахгүй, надад ард түмнээс нуух юм байхгүй

558

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийж, сонирхсон асуултад нь хариуллаа. Уулзалтад Үндэсний шуудан, Өдрийн сонин, newspress.mn, baabar.mn, news.mn сайт болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцлоо. Уулзалт ярилцлагын товч мэдээллийг хүргэж байна.

-Өнөөгийн үүссэн бүх асуудлын ард Ц.Элбэгдорж гэдэг хүн байна аа гэдэг. Энэ хүн МАНАН, шударга бусын хонгилыг үүсгэсэн гэдэг. Та харин яагаад чимээгүй байна вэ?

-Би Монголын уул уурхайг гартаа оруулсан, хууль хяналтынхныг базчихсан учраас дуугүй яваад байгаа юм биш. Хэрүүл маргаанд тайлбар хийгээд суух нь өөрөө цаг бардаг. Тэгээд ч өөрийгөө өмөөрөөд байгаа юм шиг харагдах учраас би дуугардаггүй юм.

-Таныг Ерөнхийлөгч байхад Монголд олон генерал төрсөн. Б.Хурц гэх мэтчилэн. Та энэ хүмүүст ямар үндэслэлээр цол өгсөн бэ? 

-Би Монгол Улсын хуулийн дагуу ажилласан. Б.Хурц юуны төлөө явсан юм, та нар түүхийг нь мэднэ шүү дээ. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан. Би ажилдаа эзэн болсон хүнийг л албан тушаалд томилсон, шагнасан. Б.Хурц улстөрчдийн муу булхайг мэддэг хүн, тиймээс улстөрчид энэ хүнээс эмээдэг.  

М.Энхболдтой би ямар нэг байдлаар хамгийн бага холбоотой хүн. Х.Баттулгын ойлгодог шударга ёс бол миний ойлгодог шударга ёс биш. Х.Баттулга бол өөрөө Тавантолгойн төсөлд орсон бол шударга ёс гэж үздэг. Өөрт нь татвар төлдөггүй бол шударга бус гэж үздэг хүн. 

-Ерөнхийлөгч Х.Баттулга таныг шалгуулахаар Ерөнхий прокурорт хандсан. Тэр талаар ямар бодолтой байна?

-170 хуудас материалаа нээлттэй болго. Надад ард түмнээс нуух юм байхгүй. Та нар тэр материалыг нь олоод нийтлэх хэрэгтэй. Х.Баттулга бол архаг хулгайчийн зан гаргаж байгаа. Надад л бүгдийг наах гээд байгаа. Бүх хулгайтай наах гэсэн чинь юу ч олдохгүй байгаа юм. Ийм учраас өөрийнхөө хэргийг надад тохох гээд байхгүй юу. Хар нүүрсийг авдаг хүн байвал өгөх хэрэгтэй. Х.Баттулга аюултай хүн, өөрийнхөө хулгайд хамжигч болгож татдаг. Х.Баттулга шороо овоолж, овоолсон шорооноосоо мөнгө олсон хүн. Наад хулгайч нар чинь Ц.Элбэгдорж ирээд хэргийг нь илрүүлчих вий гэхээс айж байна.

-Таныг Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-нд өгсөн гэдэг?

-Эрдэнэтийн 49 хувь дээр, Тавантолгой дээр ийм баримт байна гээд надад үзүүл л дээ. Намайг таван жил харлуулсан. Та нар ч тэр таван жил харлуулсан хөөсийг л асууж байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Та хоёр нэг үе найз нөхөр байсан гэдэг. Яагаад ийм муу болчихов?  

-Хувь хүний хувьд Баттулга бид хоёр амин найз гэж хэлж болно. 2004 онд УИХ-д нэр дэвшсэн, тэр үед АН-аас анх мандат олдохгүй байхад нь би нэр дэвших боломж олгож байлаа. 

Таван жилийн өмнө би Баттулгыг дуудаж уулзаад, "Чи улс төрөөс гар, ерөөсөө бизнесээ хийгээд яв. Чи бол олон бизнестэй хүн. Халаасандаа гараа хийгээд, төрөөс ямар байдлаар мөнгө идэж болох вэ гэдэгт л анхаардаг хүн. Төрийн ажил ийм байдлаар явахгүй, чиний арга барилаар төрийн ажил явахгүй" гэж хэлж байсан. Хэрэв Баттулга сайн ажил хийвэл би Ерөнхийлөгч гэж хэлнэ. Харин муу зүйл хийвэл "Баттулга аа" гэж ярих болно. Баттулга Ерөнхийлөгч болоод юу ч хийсэнгүй.  Амласан амлалтаа л биелүүлж, ард түмний өр зээл хөнгөрсөн үү? Би Баттулгын өр зээл л хөнгөрсөн гэж харж байгаа. 

Эрдэнэтийн 49 хувь гэж Монгол дотроо, тогоондоо ороод ирсэн юмыг магадгүй гадагш нь гаргах гэж байна. Би гадагш нь гаргуулахгүйн төлөө тэмцэнэ. 49 хувийг Монголд орж ирснийг л би дэмжсэн, тэрнээс би 49 хувьд ямар ч хамааралгүй. 

Х.Баттулга Ц.Нямдорж хоёрын эв нэгдлийн баталгаа нь Элбэгдорж шүү дээ. ШХАБ дээр Монгол Улс боломжоо тултал ашигласан. ШХАБ руу орно гэж гүйж байхаар гурван улсын хэлэлцээрээ л ашиглах хэрэгтэй. 1990 онд оросууд та нар төмөр замаа өөрөө аваад яв гэж байсан. Тэр үед монголчууд "Орос ах наргүйгээр бид яах вэ?" гээд хийгээгүй. Баттулга Путинтай тийм найз юм бол Төмөр замын 50 хувийг аваад ир л дээ.  

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс элсэх асуудлаар таны байр суурь юу вэ? Та Ерөнхийлөгч байхдаа Монгол Улс төвийг сахина гэдэг байсан...

-Би ШХАБ-ын дээд түвшний 7 удаагийн уулзалтад оролцож байсан. ШХАБ-д элсэх ямар ч шалтгаан байхгүй. Гар барьсан улсууд бугуй барина, дараа нь тохой барина, тэгээд тэврэнэ. Тэр тэврэлтээс Монгол Улс гарч чадахгүй. Энэтхэг бол хаалгаар гарч чадна, харин Монгол Улс хаалгаа ч олохгүй.

-Шударга бусын хонгил гэж юм Монголд бодитой байна уу?

-Надтай Ч.Сайханбилэгээс авахуулаад бүгд л итгэл үнэмшлээрээ ажилладаг. Харин Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олддоггүй. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм. Хонгил гэж яриад байна. Хулгай хийх зүүдээ ажил болгох гэж байгаа юм.

-Та Х.Тэмүүжингийн авч явсан эрх зүйн шинэчлэлийг яагаад зогсоосон юм бэ? Зогсоох улс төрийн шалтгаан байсан уу?

-Би 38 хууль санаачилсан. Энэ дотор хууль шүүхийн байгууллагыг шинэчлэх 12 хууль байгаа. Би Х.Тэмүүжингийн шинэчлэлийг зогсоогоогүй, та нар андуурч байна. Би харин ч дэмжсэн.

-"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд гэдэг хүн таныг Америкт суралцаад ирсний дараа гэртээ хэд хонуулсан гэж ярьсан. Та тийм хэцүү байдалд орсон юм уу? 

-Ганболд гэж айл байгаа байх. Би тэр хүний гэр, зочид буудалд нэг хонож үзээгүй. Корпорэйт гэж зочид буудалд нь нэг саун байдаг юм, би саунд орох дуртай, саунд нь орж байсан. Тэрийг л хэлсэн байх. 

-Таны төрсөн гэрийн бууринд хөшөө байдаг уу? 

-Тэрийг хандиваар, нутгийн хүмүүстэй хамтарч хийсэн юм. Сумандаа орон сууц бариулсан. Би төрсөн сумандаа сайн зүйл хийхийг л боддог. Элбэгдоржийн төрсөн нутаг өнгөтэй өөдтэй байвал сайхан биз дээ. 

-Таныг АТГ-аас дуудсан уу? 

-Дуудсан бол би яваад л очно.

-Таныг уран зургийн маш үнэ цэнэтэй цуглуулгатай гэдэг. Өндөр үнэтэй, ховор зургууд авлигын маш боловсон хэлбэр гэж үздэг шүү дээ?

-Би уран зурагт сэтгэл зүрхнээсээ хайртай. 1989 онд би эхнэрийнхээ төрсөн өдрөөр уран зураг бэлэглэж байсан, 30-аад жил уран зураг цуглуулж байсан. Олон ч зурагтай болсон, бүгд Монголдоо байгаа. Би уран зургийн сайхан галерей байгуулах хүсэлтэй, тэр итгэл үнэмшилдээ үнэнч байгаа. 20 жилийн өмнө би “100 зураач, 100 зураг” гэж үзэсгэлэн гаргаж байсан. Миний цуглуулга дунд төсвийн мөнгөөр авсан нэг ч зураг байхгүй.

-АСЕМ-аар Монгол Улс маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан? 

-Одоо Монголд АСЕМ-ийг дахин зохион байгуулна гэвэл 100 жил хөөцөлдөөд ч чадахгүй. АСЕМ-ийг зохион байгуулахад Монголын төсвөөс 22 тэрбум төгрөг төсөвлөснөөс 10 тэрбумыг нь л зарцуулсан. АСЕМ-ийн зардлыг Монголын хувийн хэвшлийнхэн үүрч гарсан, хэвлэл мэдээллийнхэн үүрч гарсан. “АСЕМ сан”-д 500-гаад тэрбум төгрөг үлдсэн. Тэр санд аудит оруулсан. Тэнд үлдсэн 500 тэрбумын 200 саяар нь аудитын байгууллага тавилга авч тавьсан гэж би дуулсан. Би хэзээ ч тийм бузар гүтгэлэгт бууж өгөхгүй.

Х.Баттулгад ажлаа өгөөд гарахдаа "Хоёулаа олон уулзаад яах вэ. Арваннэгдүгээр нэг уулзья. Тэр болтол чи Ерөнхийлөгчийн ажлаа ерөнхийд нь мэдэрнэ. Тэр үедээ намайг дуудаарай" гэж хэлсэн. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хийж байсан, хэлэх ярих зүйл байсан. Би уулзалт хийх нэг, хоёр санал тавьсан. Чимээгүй л байгаа. Элбэгдоржтой уулзаж, гар баривал муухай харагдана гэж бодоод байгаа юм байлгүй. Ер нь бол Баттулга Ерөнхийлөгч болсон нь зөв. Хэн Ерөнхийлөгч болж болох, хэн болохгүйг ойлгуулж өгч байна. Дахиад Ерөнхийлөгчөөр сонговол бүр сайн. Тэр хэрээр ард түмэнд танигдана.

Ард түмэн надад олон асуулт тавьж байна. Энэ бүхэнд би дахин хариулт өгч, шууд ярилцлага хийж байх болно. Ярих зүйлээ ярьж байх болно оо. 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>