“Скай резорт” Богд ууланд 131.8 га биш 200 га газрыг төлбөргүй ашиглаж байна
Б.ДАМДИН-ОЧИР, Ц.МЯГМАРБАЯР
Дотоод, гадаадын томоохон компаниуд эзэмшдэг “Мариотт” ХХК-ийн Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн аманд байгуулсан “Скай ресорт” цаны бааз тэргүүтэй аялал жуулчлалын иж бүрэн цогцолбор бүхий төвийг бид мэднэ.
Тус компани төслийнхээ хүрээнд 140 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нийслэлийн хүүхэд, залуучуудад зориулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор олон улсын стандартын шаардлагад нийцсэн гольфын талбай байгуулсан байдаг.
“Мариотт” ХХК-ийг 2006 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Худалдааны зуучлал, Гадаад худалдаа, Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Д.Одгэрэлийн нэр дээр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж байжээ. Сүүлд, 2009 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Мариотт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь “Скай резорт” ХХК гэж бүртгүүлсэн байна.
Харин “Скай резорт” ХХК нь 2008 оны тавдугаар сарын 16-ны өдөр Гадаадын хөрөнгө оруулалттай, АНУ-ын “Kerry Resort Holdings”, “Петровис холдинг”, “Эм Си Эс холдинг”, “Скайтел групп” гэсэн дөрвөн хувьцаа эзэмшигчтэйгээр Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлд оржээ.
Гадаад худалдаа, Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж бүртгүүлсэн байдаг. Ийм том хувьцаа эзэмшигчидтэй “Мариотт” ХХК нь 2007 оноос хойш Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн аманд 13.9 га-г газар ашиглах, 131.8 га-г хариуцан хамгаалах гэрээгээр ашиглаж ирсэн.
Гэвч “хариуцан хамгаалах” нэрийн дор 131.8 га газрыг олон жил төлбөргүй ашиглаж ирснийг шүүх буруутгасан байдаг юм.
2018 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 221/МА2018/0530 дугаартай магадлалд “…“Мариотт” ХХК-тай БОАЖЯ Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан ба тухайн гэрээгээр “…“Мариотт” ХХК 13.9 га газар болон түүний эргэн тойронд орших 131.8 га газарт гольфын талбай бүхий аялал жуулчлал, спорт, амралтын иж бүрэн цогцолбор бааз байгуулах, байгалийг хариуцан хамгаалах, нөхөн сэргээхэд хөрөнгө оруулах, уг хөрөнгө оруулалтыг үнэлэх, газар ашиглалт, хамгаалалтын бүс байгуулахаар” тохиролцсон гэх БОАЖ-ын сайдын тайлбар үндэслэлгүй.
…БОАЖ-ын сайдаас “Мариотт” ХХК-д олгосон 13.9 га газраас илүү газрыг хамгаалалттай талбай гэж тогтоож өгсөн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж үзэхгүй” гэж үзсэн.
Хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны 494 дугаартай тогтоолд “…Гэрээгээр “хариуцан хамгаалах”-аар тохирсон гэх 131.8 га газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Мариотт” ХХК-д “газар ашиглах”, эсвэл “газар эзэмших” эрх үүсээгүй. “Мариотт” ХХК нь 131.8 га газарт Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу “газрын төлбөр төлдөггүй” болох нь тогтоогдсон. Уг үйл баримттай талууд маргаагүй байх тул гуравдагч этгээд “Мариотт” ХХК-ийг тухайн газарт газар эзэмших, ашиглах хууль ёсны эрхтэй гэж шүүх дүгнэх боломжгүй” гэсэн байна.
Үүнээс гадна БОАЖЯ-ны албаны эх сурвалж “… Аялал жуулчлал, амралт зугаалга, соёл спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор газрыг ашиглаж байгаа тохиолдолд төлбөрөөс чөлөөлөхгүй. Газрын төлбөрийн тухай хуулиар газрын гэрчилгээнд заасан га-гаар журамд заасан хэмжээгээр төлбөрөө төлж барагдуулна. Сайд нарын хамтарсан тушаалаар газрын төлбөрөөс чөлөөлж болно гэсэн хуулийн заалт байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Улсын Дээд шүүхийн энэ шийдвэрээс 23 хоногийн дараа, 2019 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “Мариотт” ХХК-ийг эзэмшигч “Скай резорт” ХХК-ийн Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт орсон байдаг. Хувьцаа эзэмшигч дөрвөн компанийн нэг “Скай резорт” ХХК-ийн 11.96 хувийг эзэмшдэг “Скайтел групп” солигдоод “Алтай холдинг” ХХК болсон байгаа юм.
“Зууны мэдээ” сонин дээрх мэдээллүүдийн талаар өмнө нь хэд хэдэн удаа хөндсөн.
Харин энэ удаад Байгаль орчны асуудал эрхэлсэн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Мариотт” /”Скай резорт”/ компанийн гурвалсан гэрээнүүдэд заасанчлан яг 131.8 га газраа ашигладаг эсэхийг нягталсан юм.
2008 оны долдугаар сарын 3-нд БО-08/А-09 тоот гэрээнүүд, 2007 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн БО-04/А-09 тоот, 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэгийн баталсан гэрээ, 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарын баталсан 2016/001 тоот гэрээ болон 2009 оны аравдугаар сарын 2-ний өдөр БОАЖ-ын сайд Л.Гансүх, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт гурав Монгол улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбар болох Хүүхэд залуучуудын спорт сургалтын төв барьж байгуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих тухай 317/447/235 тоот хамтарсан тушаалын хавсралтуудад “Мариотт” ХХК-д “хариуцан хамгаалуулах” газрыг 131.8 га гээд эргэлтийн цэгүүдийг заасан байдаг.
Гэтэл “Мариотт” буюу “Скай резорт” ХХК-ийн Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн аманд ашиглах эрх бүхий 13.9 га, төлбөр төлөлгүй ашигладаг 131.8 га газар нь хэмжээнээсээ том байгааг бид сурвалжлах явцдаа олж мэдсэн юм.
Манай сурвалжлах хэсэг Кадастрын зураглал хийх тусгай зөвшөөрөлтэй нэр бүхий компани /Үйл ажиллагааных нь тогтвортой байдлыг хадгалахын тулд нэрийг нь нууцлав. Сурв./-аар дээрх гэрээнүүдийн хавсралт дахь “Мариотт” ХХК-ийн ашиглалт, хамгаалалтын солбилцлыг сансрын зурагт давхцуулан тогтоож, хэмжээг гаргасан юм.
Ингэхэд төлбөр төлж хуулийн дагуу ашигладаг 13.9 га нь 25 га болж, хариуцан хамгаалах нэрийдлээр төлбөр гүй ашигладаг 131.8 га нь 200 га болов. Албан ёсны гэрээний хэмжээ л ингэж өсч байна гэсэн үг.
Энэ талаар БОАЖЯ мэдэж буй эсэхийг, тус яам иймэрхүү хяналт тавьдаг эсэхийг тордуулахаар 2019 оны нэгдүгээр сарын 23-нд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад албан ёсоор хандсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгсөнгүй.
Мөн бид “Мариотт” /“Скай резорт”/ ХХК-ийн захирал А.Батсуурьт хуулийн зөвлөх Ч.Сандаг-Очироор нь дамжуулж хоёр асуулт тавьсан юм.
Түүнээс “Танай компани, Байгаль орчны асуудал эрхэлсэн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны гурвалсан 2008 оны долдугаар сарын 3-нд БО-08/А-09 тоот гэрээнүүд, 2007 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн БО-04/А-09 тоот, 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэгийн баталсан гэрээ, 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарын баталсан 2016/001 тоот гэрээ болон 2009 оны аравдугаар сарын 2-ний өдөр БОАЖ-ын сайд Л.Гансүх, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт гурав Монгол улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбар болох Хүүхэд залуучуудын спорт сургалтын төв барьж байгуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих тухай 317/447/235 тоот хамтарсан тушаалын хавсралтуудад танай компанид 131.8 га газрыг хариуцан хамгаалуулахаар заасан байдаг. Танай компани дээрх гэрээ, тушаалуудын дагуу хариуцан хамгаалж буй газруудыг Хавсралтуудад заасан хэмжээний дагуу ашиглаж байгаа юу. Өөрөөр хэлбэл, та бүхэн 131.8 га биш 200 га, түүнээс дээш хэмжээгээр ашиглаж байгаа тухай мэдээлэл бидэнд байна вэ”, мөн “Дээрх гэрээ, тушаалд заасан хэмжээ бүхий Дархан цаазат газрыг төлбөргүй нэр бүхий хуулиудыг зөрчсөн гэж шүүх үзсэн байна. Тухайлбал, 2018 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “…“Мариотт” ХХК 13.9 га газар болон түүний эргэн тойронд орших 131.8 га газарт гольфын талбай бүхий аялал жуулчлал, спорт, амралтын иж бүрэн цогцолбор бааз байгуулах, байгалийг хариуцан хамгаалах, нөхөн сэргээхэд хөрөнгө оруулах, уг хөрөнгө оруулалтыг үнэлэх, газар ашиглалт, хамгаалалтын бүс байгуулахаар” тохиролцсон гэх БОАЖ-ын сайдын тайлбар үндэслэлгүй.
…БОАЖ-ын сайдаас “Мариотт” ХХК-д олгосон 13.9 га газраас илүү газрыг хамгаалалттай талбай гэж тогтоож өгсөн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж үзэхгүй” гэж үзсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх “…Гэрээгээр “хариуцан хамгаалах”-аар тохирсон гэх 131.8 га газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Мариотт” ХХК-д “газар ашиглах”, эсвэл “газар эзэмших” эрх үүсээгүй. “Мариотт” ХХК нь 131.8 га газарт Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу “газрын төлбөр төлдөггүй” болох нь тогтоогдсон. Уг үйл баримттай талууд маргаагүй байх тул гуравдагч этгээд “Мариотт” ХХК-ийг тухайн газарт газар эзэмших, ашиглах хууль ёсны эрхтэй гэж шүүх дүгнэх боломжгүй” гэсэн байна.
Бас БОАЖЯ-ны эх сурвалж “…Сайд нарын хамтарсан тушаалаар газрын төлбөрөөс чөлөөлж болно гэсэн хуулийн заалт байхгүй” гэсэн тайлбарыг бидэнд өгсөн юм.
Энэ талаар ямар тайлбар өгөх вэ” гэсэн асуултыг өөрсдийнх нь санал болгосны дагуу имайл-ээр илгээсэн юм. Гэвч А.Батсуурь захирал өдөртөө багтааж тайлбар өгөх боломжгүй гэсэн хариуг хуулийн зөвлөх нь бидэнд хэлэв. Түүний тайлбарыг ирсэн үед бид нийтлэн хүргэх болно.
Ийн бид яам, газар, компани гурвын хамтарсан гэрээний хавсралт дахь солбилцлыг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж үзэхэд ийм ноцтой дүн гарлаа. Ямар нэг ашиг сонирхолгүй мэргэжлийн байгууллагаар уг зургийг гаргуулсан гэдгийг дахин хэлье.
Энэ дашрамд, албан ёсны гэрээн дэх солбилцол нь тогтоосон тооноосоо давж байгаа нь БОАЖЯ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хяналт энэ тал дээр дутагдалтай байдаг нь харагдаж байна. Тэгэхээр яг газар дээр нь хэмжилт хийж үзвэл 200 га-гаас ч илүүг хашаалж байгаад ашиглаж байж мэдэх магадлал бий гэсэн үг.
АНУ-ын “Kerry Resort Holdings”, “Петровис холдинг”, “Эм Си Эс холдинг”, “Алтай холдинг” ХХК-иуд Монголд ч, олон улсад нь нэртэй данстай. Жил бүр Монголын ТОП компаниудаар шалгардаг. Гэтэл Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Дархан цаазат газраар нэрлэгдэж, улсын тусгай хамгаалалтад байдаг газрыг ийм байдлаар, төлбөргүй ашиглаж ирсэн, ашигласаар байгаа нь зүгээр орхиж болохооргүй ноцтой асуудал юм.
Тэд ичих ёстой.
Товчхондоо тэд тусгай хамгаалалттай, дархан цаазат 13.9 га газарт төлбөр төлөөд 225 га газрыг ашигладаг гэсэн үг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин