У.Хүрэлсүх: Сэтгэл байхад хууль хамаагүй

512

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээлжит нэгэн үүргээ сайд Б.Энх-Амгаланд өглөө. Тэрбээр хувиараа такси эрхэлж байгаа хүмүүсийг нийслэлийн Тээврийн газраас 100 мянган төгрөгөөр торгож эхэлснийг зогсоож, иргэдийн халаас руу гараа дүрж болохгүйг Зам, тээврийн хөгжлийн сайдад жавтий хүртээнгээ, сануулжээ. Эл шийдвэрийг нийтээрээ алга ташин хүлээж авав. Салбарын сайд, нийслэлийн удирдлагууд ч Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу хувиараа такси эрхлэгчдийг “өршөөв”.

Иргэдийн болон сайд, дарга нартай уулзалт хийх бүртээ тодорхой асуудлыг онилж, тоймтой “том” үүрэг даалгавар өгдөг, түүнийгээ сошиалд “Ардын хүүхдийн дүр”-ээр түгээдэг нь манай Ерөнхий сайдын гэм биш зан гэдэг нь бүтээж, бүрдүүлж байгаа фигурээс нь тодорхой харагддаг юм, угаасаа. Харин энэ удаад тэрбээр дахин гол дүрд тоглож, тодрох гээд чадсангүй ээ. Эсрэгээрээ өөрт нь таалагдахгүй бол хууль хамаагүй гэдгийг Ерөнхий сайдын хувиар, өгсөн үүрэг даалгаварынхаа хүрээнд харуулчихлаа.

Парламентын сонгуульд МАН олуулаа бүр үнэмлэхүй олонхийн суудалтай болсны дараа хүчин төгөлдөр мөрдөж эхлэх хугацааг нэг жилээр сунгасан нь АН-ын үед баталсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга. Одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын дэд дарга байхдаа эцсийн найруулгыг нь уншиж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд байх үед ёсчилсон нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга биш гэж үү.

Уг хуулийн 14.6 дугаар зүйл Автотээврийн тухай хууль зөрчих заалтын 12-т “Тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд, Хуулийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын дэд дарга байхад баталсан хуулийн дээрх заалт одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Гэтэл хууль тогтоох дээд байгууллагаас баталсан, 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хуулийн заалтыг биелүүлэх, сайд нараа мөрдүүлэх, ташуур өгөх учиртай, үүрэг хүлээсэн гүйцэтгэх засаглалын тэргүүн нь өөрөө үгүйсгэж байгааг юу гэж ойлгох вэ. Угтаа бол Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд хувиар хуулийн төсөл санаачилж парламентад өргөн барьж, нэмэлт оруулах бүрэн эрх нь түүний танхимд байгаа шүү дээ. Хачирхалтай нь, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийнхаа эсрэг хувь хүний үзэмжээр хандсан нь буруу жишиг тогтоолоо. Үнэнийг хэлэхэд Ерөнхий сайд сэтгэл байхад хууль хамаагүй гэчихлээ. Үүгээрээ парламентаас томилогдож, түүнээс гарсан хуулийн хэрэгжилтийг хангах учиртай албан тушаалтны хувьд өөрт нь таалагдахгүй хуулийг хэрэгжүүлэх, шаардлагагүй гэсэн мессежийг нийгэмд өгөв. Энгийнээр хэлэхэд хувийн хэвшлийнхэн татвар төлж болохгүй нь. Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид ч даатгал хийлгэх шаардлагагүй гэсэн үг. Энэ бүгдийг гүйцэтгэх засаглалын тэргүүн нь харуулав. 

Ер нь УИХ-аас баталсан, хүчин төгөлдөр мөрдөж, хэрэгжүүлж байгаа хууль, тогтоомжийг Ерөнхий сайд нь байсхийгээд үгүйсгэж, парламентын бус өөрийнхөө хүрээнд шийдэх гэж зүтгээд байх нь зүйд хэр нийцэх вэ. Өмнө нь бид "Та нар яасан их хууль биелүүлдэг юм" гэж агентлагийн дарга нараа загнадаг гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй байв. Одоо УИХ-ын баталсан хүчин төгөлдөр хуулийн заалтыг бүү хэрэгжүүл гэж Засгийн газрын хуралдаан дээр чиглэл өгч, зогсоодог Ерөнхий сайдтай боллоо.

Уг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалангаас эхлээд Хуулийн яаманд олон жил ажилласан, энэ салбар, тэндээс санаачилж боловсруулсан олон хууль, журмыг гарын арван хуруу шиг мэддэг хүн байна, түүний удирдлагад бий. Гэтэл Засгийн газраас гарч байгаа бүхий л шийдвэр, тогтоолыг хуулийн хүрээнд яг цав хянаж, хуулийн алдаа гарахаас сэргийлдэг тэргүүн дэд даргаа Ерөнхий сайд сонсдог уу, зөвлөгөө авдаг уу гэдэг нь эргэлзээ төрүүлэм. Ядаж л Хуулийн салбарыг тав дахь удаагаа удирдан чиглүүлж буй Ц.Нямдорж сайд танхимын тэргүүнийхээ иймэрхүү шийдвэрт холбогдох тайлбар хийж, байр сууриа илэрхийлдэггүй, зүгээр хараад суудаг нь хачирхалтай.

Г.Сөрөлт

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>