ШШГЕГ-аас асууя, талийгаачтай хамгийн сүүлд хэн уулзсан бэ?

773

Гавьяат хуульч, шүүгч асан Б нь ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид нас барсан хэрэг нийгмийн анхаарлыг татаж байна. Хууль хяналтын зарим байгууллагаас түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэх мэдээлэл өгч байгаа хэдий ч гадны нөлөөтэй нас барсан гэдэг сэжиг ч олны дунд нэлээд явж байна.

Талийгаачийн бэр Р.Мөнхзул хэвлэлд өгсөн ярилцлагадаа” Суллах цаг нь болчихоод байхад суллахгүй байсан. Ээжийн ажлын хүн залгахад нэг авснаа “Энэнээс том асуудал үүсчихлээ” гээд тасалсан байгаа юм. Нөгөө хүний ярианы өнгө өөр, сэжигтэй байна гэж надад хэлсэн. Ээжийн бие муудсан юм болов уу, яасан юм бол гээд. Намайг дахиад шөнийн 2 цагт залгахад “Би даргатайгаа яриулъя” гээд тасалсан. Энэ хүртэл хорих ангийн дарга, хянагч нар утсаа нэгэндээ дамжуулж сандралдаад байсан. Шөнө 4 цагийн үед бөөн юм болж байж манай хүний дүү орж уулзаад “Ээж 21.40 цагийн үед өнгөрсөн байна. 15.00 цагт бүртгэлд хамруулахад зүгээр байж. Хорих ангийн дарга нь согтуу байна” гэж уйлаад гарч ирсэн. Шийдвэр гүйцэтгэлийнхэн шөнө 12 цагийн үед буюу ээжийг өнгөрснөөс хоёр цаг хагасын дараа цагдаа дуудсан байгаа юм. Биднээс нууцалж байгаад 4.00 цагт хэлсэн гэхээр долоон цагийн дараа.

Талийгаачийг харья гэхэд харуулахгүй, машинаар аваад моргийн газар руу шууд авч явсан. Хоёр хүүхэд нь шүүхийн шинжилгээнийхэнтэй зодолдож байж ээжийг харж, мишок дотроос царайг нь гаргаад зургийг нь дарсан. Тэгтэл цагдаагийнхан зургийг нь устгуулна гэж утсыг нь булаах гэж оролдсон ч манай хүн зугтааж амжсан. Энэ бол яавч амиа хорлолт биш. Тэр өрөө камертай бол бичлэг нь байгаа. Сүүлд сонсоход ээжийг амиа алдахаас гурван цагийн өмнө гадуур байцаасан юм билээ. Нэг бол тэр хооронд шахаж дарамталсан, үгүй бол хоолонд нь элдэв зүйл хольсон байх гэж би хардаж байна. Үнэхээр гомдолтой байна”гэжээ.

Эндээс харахад “Талийгаачтай хамгийн сүүлд хэн уулзсан бэ. Үүнийг ШШГЕГ яагаад нууцлах болов. Маргааш өглөө болоход л суллагдах ёстой гэдгээ мэдэж байсан хуульч хүн яагаад өөрийнхөө амийг хорлоход хүрэв. Мөн талийгаачийг яагаад камерын тусгал муу өрөөнд хорив. Амиа егүүтгэх оролдлого хийж байх явцад шоронгийн хянагч юу хийж байсан бэ” гэх мэт олон асуулт урган гарч ирж байна. Энэ асуултуудад хэн хариулт өгөх вэ?

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>