Алдарт дуучин Н.Норовбанзадын гэрэлт хөшөөг төрсөн бууцанд нь сүндэрлүүлнэ

902

 

Дуу хуурын нутаг Дундговиос  төрөн гарсан урлагийн олон од бий. Тэдний дундаас зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзад агсан  өөрийн уянгалаг сайхан дуу хоолойгоороо Монголын нэрийг дэлхий дахинаа дуурсгаж явсан нэгэн билээ.  Ийм хэмжээний ур чадал, гайхамшигт хоолойтой дуучин зуунд л нэг төрдөг байж мэднэ.

Тэрбээр 1993 онд Япон улсын Фукуокогийн Азийн соёлын шагнал хүртэж, ЮНЕСКО-гийн соёлын өвд түүний дуулсан уртын дууны дээжийг бүртгэж авсан юм.

Н.Норовбанзад гуайн  дуулсан алдарт “Уяхан Замбуутивийн наран” уртын дуугаар нэрлэгдсэн   задгай театрыг 10-аад жилийн өмнө  Дундговь аймгийн Их газрын чулуунд байгуулсан. Байгалийн үзэмж төгс энэ газарт  орших эл задгай театрт ардын урлагийн олон наадам болдог.  Ирэх наймдугаар сарын 9-11-нд Их газрын чулуун дахь байгалийн  Задгай театрт "Уяхан замбуутивийн наран" ардын урлагийн их наадам болох юм.

Ардын урлагийн энэ наадамд бэлтгэх ажлын хэсгийнхэн өнгөрөгч амралтын өдрүүдээр  их дуучны төрсөн бууцанд нь  гэрэлт хөшөө босгохоор шавыг нь тавьсан  тухай сайн  мэдээ дуулдлаа.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Намжилын Норовбанзад  агсан Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул юм. Түүний төрсөн тоонот Сүүдэртийн улаан овоо хэмээх өвөлжөөнд  Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Пунцагийн Цэгмид тэргүүтэй  уран бүтээлчид болон нутгийнхан  хөшөөний шав тавьж, их дуучны дурсгалыг мөнхжүүлэхээр зорьжээ.

Н.Норовбанзад агсан 1931 онд  төрж, 1952 оны намар 21 настайдаа аймгийн шүүхэд бичээчээр ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлж байсан гэдэг.

ЗХУ-ын нийслэл Москва хотноо болох Дэлхийн залуучууд оюутны VI-р их наадам болох дөхөж байх үед хөдөөнөөс ирж  уртын дууч  Дорждагвад “Сэрүүн сайхан хангай” дуугаа дуулж үзүүлснээр Их наадамд явахаар шалгарч байжээ. Ингээд тус наадмаас  тэргүүн байр эзэлж, алтан медаль авч дуучныхаа шанг татаж байсан түүхтэй. 

Улмаар 1961 оны Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт "Уяхан замбуутивийн наран" дуугаа дуулсан нь өндөр үнэлгээ авч, хожим энэ дуу Монголд төдийгүй дэлхий нийтийн сонсогчдын сонорыг мялаах болсон юм.

Н.Норовбанзад гуай ХБНГУ, Польш, Унгар, Чех, Словак, Болгар, хуучин ОХУ, Югослав улс, баруун Европын Итали, Франц, Дани, Голланд, Норвеги түүнчлэн Ази тивийн Энэтхэг, БНСУ, БНАСАУ, Хятад, Япон, Афганистан, АНУ зэрэг дэлхийн олон улс оронд монгол уртын дууны гайхамшгийг мэдрүүлж, Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж явжээ.

Мөн тэрбээр 1993 онд Япон улсын Фукуокогийн Азийн соёлын шагнал хүртэж, ЮНЕСКО-гийн соёлын өвд түүний дуулсан уртын дууны дээжийг бүртгэж авсан юм.

 

М.Нэргүй  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>