Уран зургийн галерейн сан хөмрөгт бүртгэлтэй зургуудыг “Элбэг галерей”-гаас хураасан уу

723

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийсэн тухай мэдээлэл өчигдөр цахим орчинд олны анхаарлыг ихэд татсан. Энэ мэдээлэлд Ц.Элбэгдорж твиттер хуудсаараа дамжуулан "Миний өрөөнд нэгжлэг болоогүй. Би зураг цуглуулдаг, зураг хулгайлдаггүй” хэмээн бичсэн байв.

Тэгвэл цагдаагийн байгууллагын баттай эх сурвалжууд "ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий "Элбэг галерей”-д үзлэг, нэгжлэг хийсэн. Нэг бус зураг эд мөрийн баримт болгож хураан авсан” гэлээ. ЭЦА-ны дээрх алба нь түүх, соёлын дурсгалт зүйлсийн хууль бус эргэлттэй тэмцэх ажил хариуцдаг учраас дээрх галерейд шалгалт хийсэн юм байна. Уг галерей нь Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү Х.Болдбаатарын эзэмшлийнх аж.

Бидэнд олдсон мэдээллээр, Уран зургийн галерейн сан хөмрөгт бүртгэлтэй, "Их тэнгэр” цогцолборт гэрээгээр аваачиж тавьдаг байсан уран зургуудаас алга болсон гэх хэргийг шалгах явцдаа ийнхүү шалгалт хийсэн бөгөөд эд мөрийн баримт болгон хураан авсан бүтээлүүдийг эх зураг уу, хуулбар уу гэдгийг нь нарийвчлан шинжлүүлэх болсон аж. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд уран зураг цуглуулдаг бөгөөд гадаадын урлан, үзэсгэлэнгээс багагүй үнээр уран зураг худалдаж авсан гэх мэдээлэл байдаг. Түүнчлэн манай улсаас гадаад оронд суугаа ЭСЯ-нд аваачсан зарим уран зургийг авсан гэх хардлага ч бий юм.

Г.Орчлон

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>