Зэрэг нэмэхийн өмнө

714

 

Зэрэг нэмэхийн өмнө

 

УИХ-ын ээлжит бус чуулганаар  Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсан. Ингэснээр АТГ, шүүх, прокурорын байгууллагын удирдлагыг солих хууль зүйн боломжтой болж байна. Учир нь, энэхүү байгууллагуудын удирдлагыг бүрэн эрхийн зургаан жилийн хугацаанаас нь өмнө ҮАБЗ-ийн саналын дагуу чөлөөлөх боломжтой болов.

Ерөнхийлөгч жилийн өмнөөс л АТГ-ын дарга, дэд даргыг солих гэсэн боловч өнөөдрийг хүртэл энэ зорилтоо хэрэгжүүлж чадаагүй юм. Бүр тус албан тушаалд нэр дэвшигчдийг ч тодруулсан. Ингэхдээ олон нийтийн дунд санал асуулга явуулж нэр дэвшигчдийг тодруулж байлаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны www.president.mn цахим хуудсаар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 1-ний хооронд явагдсан нээлттэй санал асуулгад 6.405 иргэн оролцож, 6.382 иргэн Авлигатай тэмцэх газрын даргад 179 хүнийг, 5.657 иргэн Авлигатай тэмцэх газрын дэд даргад 317 хүнийг нэр дэвшүүлж, санал өгсөн юм. Улмаар нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлагыг хангаж, хамгийн олон санал авсан Д.Даваа-Очирыг АТГ-ын дарга, Ж.Батсайханыг дэд даргаар томилуулахаар өнгөрсөн оны тавдугаар сарын 4-нд УИХ-д өргөн барьж байлаа. Түүнээс хойш удаан хугацааны дараа АТГ-ын дарга, дэд даргыг солих боломж үүссэн ч тэднийг томилуулахгүй юм байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр мэдээлэл хийхдээ "Хууль өөрчлөгдсөн учраас тэр хоёрыг татаж аваад өөр хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Тэр хоёр хүн чинь хуучин хуулийн дагуу нэр дэвшсэн хүмүүс. Харин одоо ажлаа хийхгүй байна гэдэг үндэслэлээр солих гэж байгаа учраас өөр хүмүүсийг дахиж өргөн барина. УИХ өөрөө ээлжит бус чуулган эхлэхээр томилгооны сонсгол зохион байгуулах байр суурьтай байгаа юм билээ гэв. Өөрөөр хэлбэл, Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нар АТГ-ын удирдлагаар томилогдох боломжгүй болж байгаа бололтой.

АТГ-ын удирдлагад нэр дэвшсэн Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нартай адилхан "Зэрэг нэмэхийн өмнө” гэдэг шиг байдалд орсон хүн бол Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч А.Цэрэнсодном. Түүнийг гуравхан хоногийн өмнө буюу энэ сарын 25-нд Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилуулахаар УИХ-д өргөн барьсан. Гэвч Ерөнхийлөгч энэхүү саналаа татаж, өөр хүнийг нэр дэвшүүлэхээр болжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ талаар хэлэхдээ "Ерөнхий прокурорын орлогчоор А.Цэрэнсодномыг нэр дэвшүүлэх саналаа УИХ-аас буцааж татахаар болсон. Түүнийг тагнаж чагнасан бичлэг гарсантай холбоотойгоор ингэж байгаа юм. Түүний оронд 10 жил ажилласан прокуроруудаас хэн нэгнийг нь томилуулна” гэлээ.

 
Eagle.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>