Б.Баатархүү:1000 гаруй охидын нүцгэн зургийг цуглуулсан этгээдийг шалгаж байна

2708
 fbook-gemthereg   Фэйсбүүк хуудсаар дотно танилцаж, улмаар зургаар нь сүрдүүлж охид, бүсгүйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог, зарим нэг иргэнээс мөнгө авдаг, сүрдүүлдэг байсан этгээдийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатууллаа. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
 
-Цахим хуудас ашиглан охидыг сүрдүүлдэг хэрэг их гардаг болсон байна. Хамгийн сүүлд ямар хэрэг бүртгэгдсэн бэ?
-ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс байгуулагдсанаасаа хойш интернэт ашиглан гэмт хэрэг үйлддэг хэд хэдэн хэргийг илрүүлэн ажиллаж байна. Сүүлийн үед фэйсбүүк ашиглан гэмт хэрэг үйлдэх хэрэг манай улсад их гарах болсон байна. Хохирогчид нь ихэвчлэн залуучууд, насанд хүрээгүй хүүхдүүд байдаг гэх судалгаа гарсан байдаг. Фэйсбүүк ашиглан бусдын итгэлийг олох, хуурч мэхлэх замаар тухайн хүмүүсийн хувийн мэдээллийг олж авах, улмаар олж авсан хувийн мэдээллээрээ тухайн иргэнийг дарамталж, мөнгө авах гэмт хэрэг бүртгэгдээд байна.


-Хамгийн сүүлд болоод удаа дараагийн үйлдэлтэй хэргээс жишээ дурдаач?
-Орон нутагт амьдардаг өөрийнхөө нэрийг нууцалсан, зураггүй, мэдээллээ нуусан хаяг нээсэн этгээд О гэгч нь бусадтай харьцаж, итгэлийг нь олж авсан байгаа. Улмаар тухайн хүмүүсийн хувийн мэдээлэл болон зургуудийг олж авч ашигласан хэрэг бүртгэгдсэн. Тухайн иргэний ашиглаж байсан компьютер болон гар утсыг шалган шинжлэхэд нийт 1000 гаруй охидын хагас нүцгэн зураг цуглуулсан байсныг олж тогтоон шалгаж байна.

-Тухайн иргэнд ямар хариуцлага тооцох вэ?

-Тухайн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123, 149 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа эрүүгийн төлөөлөгч нарын мэдээлснээр ялангуяа өсвөр насны насанд хүрээгүй охидууд таньж мэдэхгүй хүмүүст хуурч мэхлэгдэн, хувийн нууцад хамаарах мэдээллээ тухайн хүмүүст өгсөн мэдээллүүд тогтоогдож байгаа. Жилийн өмнө энэ төрлийн гэмт хэрэг гадаад орнуудад гарч байна гэж манай цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байсан. Тэгвэл одоо манай улсад үйлдэгдэж байна. Тэгэхээр иргэд сануулж хэлэхэд энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг шүү гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

-Бүх зургуудын эзэн холбогдогчийг нь олж сэрэмжлүүлсэн байгаа юу?

-Хохирогчдын заримыг нь олсон байгаа. Олоогүй охидоо эрэн сурвалжилж байна.Нэмж хэлэхэд, цахим хуудсаар хүнд дарамтлуулаад байгаа ийм төрлийн хохирогч болсон хүмүүс хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>