Халхын Гол-1939 оны 5 дугаар сарын 28
1939 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Японы 300 гаруй хүнтэй, мөн 14-ний өдөр 300 гаруй хүнтэй япон, манжийн цэргийн нэг отряд бүгд 600 гаруй морин цэрэг, 20 шахам нисэх онгоцны дэмжлэгтэйгээр манай хязгаарын 24 дүгээр отрядын 6, 7 дугаар заставуудыг дайран довтлов. Үүгээр Халхын голын дайн эхэлсэн юм.
Мөн өдрийн өглөөний 8 цаг хагасын үеэр хуягт дивизионы сургагч Крыченко дивизионы комиссар Шагдаржав нар дөрвөн хуягтаар олзлогдож, шархадсан дайсны 30 гаруй хүнийг өөрсдийнх нь эвдэрсэн машинд суулган хуягтаар чирч дивизийн штабт авчирч тушаасан юм. Энэ үед дивизийн штабын зүүн гар талаас японы их бууны хүчтэй гал ирж байсан учир түүний эсрэг байлдан устгуулахаар дивизионы сургагч Крыченкод миний бие дивизийн штабын өмнөөс тушаал өгсөн ёсоор хуягт сумангийн дарга Дэлгэр, салааны дарга Доржготов, наводчик Ернин, Бямбацэдэн, Лхасүрэнжав нар дивизионы сургагч Крыченко, комиссар Шагдаржав нарын командын дор явж, Японы их бууны батарейг амжилттай устгасан. Энэ даалгаврыг хуягт дивизион онц сайн биелүүлсэн юм.