Мөнгө төсөвлөсөн ч "нөөцийн мах нь олдохгүй байна гэв үү"

728

 

Мөнгө төсөвлөсөн ч "нөөцийн мах нь олдохгүй байна гэв үү"

 

Манай улсад "мах" магнагт гараад удаж байна гэхэд хилсдэхгүй ээ. Малчид малаа ахиухан мөнгө болгочих санаатай төв газар бараадан дамлан зарж байхад "ченж" гэгчид бага үнээр худалдаад авчихна. Муутгаж, нохойны хоол болгохгүйн тулд хөдөөний хэдэн малчид ченж нарын хэлсэн үнээр нь бушуухан өгчихөөд л нутаг буцдаг гэлцдэг. Тэгвэл үүний уршгаар "иргэд" үнэтэй мах идэж байна гэхэд үнэнээс хол зөрөхгүй нь лав. Урин хавартай золгохтой зэрэгцээд махны үнэ өссөөр байгаа. Жилийн жилд махны үнийг төрөөс барих бодлогоор "нөөцийн мах"-ыг зах зээл дээр гаргадаг. Гэвч нөөцийн мах нь иргэдэд олдоц муу байна гэх.

Нөөцийн махыг нийслэлийн дүүргүүдэд 45 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж байгаа аж. Энэ хаврын улирлын  хэрэгцээнд "Баатарууд Тэнгэр" ХХК, "Дархан меат фүүдс" ХХК, "Сүхбаатар мах маркет" ХХК-иуд нийт дөрвөн мянган тонн махыг 20 орчим тэрбум төгрөгөөр бэлтгэжээ. Бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг 2-3 кг-аар ангилан савласан гэнэ. Харин үнийн хувьд  үхрийн ястай махыг 7200, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр зарагдаж байна. Нөөцөлж бэлтгэн борлуулж байгаа махны үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байна гэж ХХААХҮЯ мэдээлсэн. Бэлтгэсэн махны 50 хувийг хонь, 30 хувийг үхэр, 20 хувийг ямааны мах эзэлж байгаа юм байна. 

Энэ хаврын нөөцийн мах бэлтгэлд улсын төсөвт 4.6 тэрбум төгрөг суулгажээ. Харин  боловсруулах үйлдвэр бүхий долоон аж ахуйн нэгж 10 мянган тонн мах бэлтгэн нөөцлөх хүсэлт ХХААХҮЯ-д гаргасан байна. Тэднээс нэр бүхий дээрх гурван аж ахуйн нэгж банкны шаардлага ханган мах бэлтгэсэн гэнэ. Нийслэлийн хаврын улирлын махны хэрэгцээ дунджаар 12.2 мянган тонн байдаг аж.  

Тэгвэл 2019 оны хаврын махны нөөц гурав дахин бага мах бэлтгэсэн гэв. Иймээс л нийлүүлэлт нь эрэлт хэрэгцээгээ гүйцэхгүй байгаа бололтой. Хүнсний захуудад хонины ястай мах найман мянга 500 төгрөг, үхрийн ясгүй гуяны цул 12 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. 

"Өмнөх жилүүдэд 10-аас доошгүй мянган тонн махны нөөц бэлтгээд худалдаанд гаргаж, үнийг барьж байна гэж ярьж, ойлгуулдаг байсан. Гэтэл өнгөрсөн намар болон энэ хавар тийм хэмжээний мах нөөцөлж чадаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 4000 тонн мах бэлтгэсэн гэж яриад л байна" хэмээн махны худалдаачин ярив. 

Ийнхүү нөөцийн махаа иргэддээ хямд үнээр хүргэх гээд улсын төсвөөс мөнгө гаргасан ч олдоц муу байгаа бололтой.

 
Dorgio.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>