Амьдрал болзооноос ихэлдэг гэхдээ...

1266
"Хүн төрөлхтөн мөхөөгүй цагт хайр дурлал оршсоор л байх болно” гэж нэрт яруу найрагч, суут сэтгэгч Омар Хайям хэлжээ. Үнэхээр амьдрал үргэлжлэхийн тулд хайр оршдог. Хайрлахын шалтгаан амьдрал болдог ажээ. Харин амьдралын эхлэл нь болзоо юм. Гэвч өнөөдрийн ихэнх залуус хайртай бүсгүйтэйгээ хэдхэн удаа болзоод л /эс бөгөөс уулзаад/ "Би энэ бүсгүйтэй заавал амьдарна” гэсэн бодол сэтгэлдээ тээдэг. Нэг талаар энэ нь зөв боловч нөгөөтэйгүүр сөрөг талтай. Хэт дэврүүн сэтгэлээр гаргасан шийдвэр буруу байх нь элбэг шүү дээ.

Гэр бүл болж хамт амьдрах, өөрийн амьдралаа зохиож аав ээж болох, амьдралд ямар асуудлууд үүсдэг вэ гэдгийг тэд огтхон ч боддоггүй. Эсвэл бодохыг ч хүсдэггүй байж мэдэх юм. Өнөө л хэдэн удаагийн болзоотойгоо адилтган санаж, хайрт бүсгүйгээсээ /залуугаасаа/ үргэлж л халуун дулаан дотно үг сонсож байх юм шиг, хайр гэрэлтэж, баярлаж догдолсон инээмсэглэл нь мөнх орших юм шиг, цаг үргэлж жаргалтай амьдрах юм шиг санадаг. Эдгээр сайхан бодлын хариу нь там болон хувирах нь ч бий. Амьдралыг дэндүү хялбараар төсөөлж, үргэлж л "хайраа идэж” амьдрах мэт санах нь эцэстээ нэг нэгийгээ үзэн ядахад хүргэдэг байх. Ажлаа тараад ядруухан орж ирэхэд өөдөөс нь тосон хэрэлдэх бүсгүй. Хэрүүлийн гол шалтгаан нь хардалт. Америкийн Калифорнийн их сургуулийн эрдэмтэд нэгэн судалгааны дүнг олон нийтэд танилцуулжээ. Тэдний судалгаанд хамрагдсан нийт бүсгүйн 75 хувь нь гэртээ суудаг бол 25 хувь нь ажил эрхэлдэг байж. Энэ бүсгүйчүүдийн дунд гурван асуултад хариулт авчээ.

"Та нөхрөө ажилдаа явсны дараа цагийг яаж өнгөрөөдөг вэ” гэсэн асуултад гэртээ суудаг дийлэнх эмэгтэй "Интернэтээр аялж өнгөрөөдөг. Зарим үед нөхрийнхөө мессенжерт орж үздэг” хэмээн хариулсан байна. Улмаар "Намайг хуурч байна гэж төсөөлөн бодож үзсэн үү” гэсэн асуултад мөн л дийлэнх эмэгтэй "Тийм” гэж хариулжээ. Үүнээс үүдэн эрдэмтэд гэртээ хэт удаан ажилгүй суусан бүсгүйчүүд ямар нэгэн зүйл ургуулан бодож, түүндээ хэт их автдаг болохыг тогтоосон байна. Харин Германы Мюнхений их сургуулийн эрдэмтэд эрчүүдийн дунд судалгаа явуулжээ. Ингэхдээ тэд хоёрхон асуултад хариулт авсан байдаг. "Та эхнэртээ уурласан үедээ ямар авир гаргадаг вэ” гэсэн асуултад 10 гаруй мянган хүний 80 хувь нь "Дуугаа хураадаг” гэсэн байна. Улмаар "Та хоёрын амьдрал анхных шигээ сайхан байж чаддаг уу” гэсэн асуултад 90 гаруй хувь нь "Үгүй” гэжээ. Дээрх хоёр судалгаа амьдрал бол болзоо биш гэдгийг бэлхнээ батлах буй заа. Гэхдээ амьдралын эхлэл нь болзоо юм.
 
Т.ЗӨН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>