Эх хэлийг минь хэзээ зарж идэх бол
Харин тэр захидлыг нохой хуцсан чинээ ч тоогоогүй нь харамсалтай. Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг нь боллоо. Энэ мэтээр Монголын түүхийн соёлын өвийн үнэт эдлэлүүд Монгол Улсын хил гаалиар гарч явсаар барагдаж байна. Харамсалтай нь эдгээр үнэт өвүүдийг хулгайлсан, хулгайлахад тусалсан хүмүүст хэдхэн жилийн ял оноож, цалингийн хувиар торгохоос өөр ял шийтгэл ногдуулдаггүй. Дэлхийд есөн тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн энэхүү үнэт соёлын өв Өвөрхангай аймгийн музейгээс алга болоод нэлээд хэдэн жил өнгөрсөн бөгөөд тухайн үед ажиллаж байсан хүмүүсийг цалингийн хувиар торгож, заримыг нь ажлаас халаад өнгөрсөн талаар учир мэдэх хүмүүс ярьж байсан юм.
Яг ийм байдлаар маш олон үнэт эдлэл, соёлын дурсгалт эд өлгийн зүйл музейн ажилчдын гараар дамжиж, Монгол Улсын хил гаалиар гарчээ. Хоёрдугаарт, монголчууд бид өөрсдөө хэтэрхий гэмээр хайнга, дүйнгэ улс юм. Эх оронч хэмээн цээжээ дэлдэх атлаа эх орныхоо үнэт өв, соёлын дурсгалыг хайрлах хадгалах талаар ямар ч мэдлэггүй. Харь орны хэлийг хар багаас нь заах атлаа хадгалж хамгаалах үнэт өвийн талаар хичээл ордоггүй гэхэд хилсдэхгүй. Арав гаруйхан хоногийн өмнө Хөвсгөл аймагт хэсэг залуус эртний булш ухаж алт үнэт эдлэл олж түүнийгээ зарж борлуулж байхдаа цагдаад баригдсан хэрэг гарсан билээ. Тухайн залуус ухаж болохгүй гэдгийг мэдээгүй гэсэн хариулт өгсөн байгаа юм.
Түүнчлэн, гарт нь байгаа бугуйвчийг авахын тулд ясыг нь нэг бүрчлэн үйрүүлсэн байсан нь тогтоогдсон гэнэ лээ. Эртний хиргисүүр, булш ухдаг бизнес хүртэл цэцэглэж байсан нь саяхан. Ингээд бодохоор бид тун удахгүй эх түүхээ, эх хэлээ мартах нь. Даяарчлагдаж байгаа улс орнууд түүхийн үнэт өв, соёлын дурсгалт эд өлгийн зүйлсээ хадгалж хамгаалахад илүү их хөрөнгө мөнгө хаяж, зуун зууны түүхээ хамгаалах талаар хүчин чармайлт гаргаж, түүгээрээ өрсөлддөг болчихсон. Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй Азийн орнууд өндөр өндөр шилэн барилгууд дундаа эртний байшин, хаадын өргөө, орон сууц, урц майхнаа тэр чигээр нь хэдэн арван км газарт хадгалаад үлдчихсэн байдаг юм билээ. Үүнийг нь сонирхож хөрөнгө хаясан баячуудад өндөр үнээр зардаг ч яг энэ хэвээр нь хадгалах, бага зэрэг засвар хийхээс өөрөөр хөндөхгуй байхаар шаардлага тавьдаг аж.
Гэтэл манайд эсрэгээрээ барьсан байшинг нь нурааж газрыг нь хувааж иддэг, балгас болсон газрыг нь буцааж сэргээгээд жуулчид татдаг, түүгээрээ мөнгө олж болохыг ойлгох хүн одоогоор байхгүй байна. Богдын музейн газар бизнесмэнүүдийн гараар орчихсон, Зайсан толгойг нүхлээд багтах зайгүй байшин барилга бүрхчихсэн. Хархорин хотын балгасыг хайрлах хямгадах талаар төр нэг ч төгрөг гаргаагүй. Төрөөс соёлын салбараа анхаарч яам байгуулж өгсөн ч албан тушаалын наймаанд хуваагаад хүртчихсэн учраас энэ салбар цаашдаа хөгжих үү гэдэг нь эргэлзээ дагуулж байна. Монгол ахуйг гадны улс орнууд булаацалдаж, өөрийнхөө түүх соёлын дурсгал мэтээр Юнеско-д бүртгүүлж байхад, монголчууд Оюутолгой, Тавантолгойгоо ярьж улстөржсөөр байна.
Тавантолгойг хувааж идэхээр мөрөөдөж, төр засгаа төвхнүүлэх гэж хэрэлдэж суутал хэдэн тэрбумаар үнэлэгдсэн соёлын өв маань гадагшаа зарагдаж дуусах нь ээ. Хэзээ л эх сайхан хэлийг минь зарчихлаа гэсэн мэдээ дуулдах бол.
Б.Өнөртогтох