Гэр бүлийн санхүү үнэхээр чухал

36

 

Мөнгөний дасгалжуулагч, санхүүч, эдийн засагч Ж.Оюуны зөвлөгөө

УИХ-ын гишүүд, төрийн түшээд Улсын төсвөөс хэдэн тэрбумаар нь идэж, улс орныг маань дампууруулах гэж байгаа тухай нэлээд шуугилаа. Одоо харин, та өөрөө өрхийн орлогоо ямар ч төсөв төлөвлөгөөгүй, үргүй зүйлд зарцуулж, идэж шамшигдуулж, хуримтлал ч хийхгүй байснаараа гэнэтийн зүйл гарахад хамаг хөрөнгөө тавиад зээл авахад хүргэж, “ӨРХ ГЭР” гэсэн том улс орноо АСУУДАЛ-д оруулаад байгаа тухай яривал яаж байна.

Миний үеэл дүү надаас яг л ийм асуудлаар дасгалжуулалт авсан юм. Нөхөртэйгөө 2-лаа хангалттай орлого олдог, тэгсэн хэрнээ байнга л мөнгө нь дуусчихдаг. Эргээд харахаар барьцтай юм юу ч байхгүй, тансаглаад идэж уугаад байсан ч юм байхгүй, хуримтлал бол бүр цаашаа.

-Мөнгө гарч байж орж ирдэг, хорголоо тоолж болохгүй, нарийлах тусам орлого орж ирэхгүй байгаа юм шиг санагддаг,

-Би яаж ийж байгаад л 3 хүүхэддээ нэг нэг орон байр бэлдээд өгчихвөл боллоо гэж боддог, харин нөхөр спортын маш том цогцолбортой болохыг хүсдэг.(нөхөр нь хөлбөмбөг тоглодог, маш спортлог залуу)

-Яагаад өдөр шөнөгүй л хичээж ажиллаад овоо ч сайн олоод байхад одоо болтол санхүүгийн хувьд “сэтгэл амар” болж чадахгүй байгаагаа үнэхээр ойлгохгүй байна гэж дүү маань ярьсан.

Дүүтэйгээ ярилцлаа, орлогыг нь ч зарлагыг нь ч маш сайн тооцож үзлээ, яг юунд АСУУДАЛ байсныг олж илрүүлж чадлаа. Мөнгөний талаарх итгэл үнэмшил, мөнгөтэй харьцах тал дээр аав ээжээс уламжлагдан ирсэн тэр л аргаар амьдраад байсан байна. Би ч тийм л байсан. Бид дараах гаргалгааг гаргаж, дүү маань хэрэгжүүлж эхэлсэн:

1.Өгч байж авдаг гэдэг нь мэдээж үнэн. Орлого олсон юм чинь гээд хамаа намаагүй цацаад байж болохгүй. Тэгэхээр олсон орлого бүрээсээ тодорхой хэмжээний зарлага гарга, зөвшөөрч байна. Гэхдээ эхлээд зөвхөн 5%-ийг “сайн үйлс”-д зориулж хандивлаж байхаар боллоо. Орсон үед гаргасан болохоор дараагийн орлого орох “ҮР”-ийг суулгачихлаа гээд санаа нь амарлаа.

2.Нарийлах биш яг хэрэгтэй зүйлдээ л ҮНЭТЭЙ ч хамаагүй мөнгөө зарж байхаар шийдлээ. Онлайнаар худалдаа хийдэг найзаасаа авсан зүйлсээс зарим нь 2 жил болоход ганц ч өмсөгдөөгүй байсан. Зүгээр л таалагдсан зүйлээ авчихаж, өөрт нь ямар ч хэрэгцээгүй. Одоо сайн бодож “7 хэмжиж 1 огтол” гэсэн зарчмаар худалдан авалт хийж байхаар боллоо.

3.Гэр бүлийн санхүүгийн НЭГДМЭЛ ЗОРИЛГО-той байхаар шийдсэн. Энэ жилийн зорилгоо тэр 2: -Спортын цогцолбортой болох дээрээ төвлөрүүлэх. Хэрвээ энэ цогцолбор нь ашиглалтад орчих юм бол даруй ОРЛОГО олоод ирэх юм байна гэдгийг харсан. Хүүхдүүддээ байр бэлдэх асуудлыг хойшлуулсан. Хүүхдүүд нь одоо нас бага, тэгээд бас байр авчихдаг, лизингийн хүүний зардал л гарна уу гэхээс ОРЛОГО орж ирэхгүй шүү дээ. Ашигтай хөрөнгө оруулалт биш. Нэгдмэл зорилго маш чухал шүү. Хэн хэн нь зорилгоо санаад л ЗАРЦУУЛАЛТ-аа зөв хйидэг болдог.

4.Хаашаа алга болсон нь мэдэгдэхгүй байсан мөнгөний ихэнх хэсэг нь орлого олсон гаргах ёстой гээд хүүхдүүддээ пицца, шарсан тахиа захиалж өгөх, хүссэн болгоныг нь авч өгөх, бас жижиглэнгээр үнэтэй олон дахин авсан хоол хүнс, амттан авахад зарцуулагдсан байв. Энэ бүх асуудлыг ӨРХИЙН ОРЛОГО ЗАРЛАГЫГ нь нарийн тооцож, бүртгэж үзэж байж тодорхой хугацааны дараа гаргаж ирсэн юм шүү. Өөрөөр хэлбэл “ХАЛААСНЫ ЦООРХОЙ”-нуудаа олж илрүүлж битүүлж оёсон гэсэн үг. Дүү маань ӨДӨР БҮР ОРЛОГО ЗАРЛАГАА БҮРТГЭЖ сурч байгаа.

5.Манай хүүхдүүд ч заримдаа ШИНЭ ХУВЦАС авч өгөхөд ямар ч сэтгэл хөдлөл үзүүлэхгүй тохиолдол байдаг. Тэгэхэд би багадаа хэдэн сар хүлээж байж ганц сандаал авахуулчихаад хэмжээлшгүй ихээр баярлаж байснаа одоо ч санаж байна. Хүүхэд нэг тоглоомноос ямар амархан уйддагийг та ч мэдэж байгаа. Дүүгийн хүүхдүүд үнэтэй, гоё, маш их тоглоомтой. Сайндаа нэг цаг тоглоод л уйдах, дахиад хэдэн сар тоож тоглохгүй тэр их зүйлд мөнгөө хайр гамгүй зарцуулжээ. Хүүхэддээ хүлээлт үүсгэж байж, авахыг хүссэн зүйлийнх нь мөнгийг ХАМТДАА ХУРИМТЛУУЛЖ байгаад авч өгч байхаар шийдлээ. Тэгж авсан зүйлдээ хүүхэд ч маш их хайртай, бас уйдах хугацаа нь удаан байдаг.

6.Хадгаламж нээлгэсэн. Сар бүр тогтмол дүнгээр татагдаж байхаар гэрээ хийсэн. (Аз жаргалд хүргэх алхам 4-ийг уншаарай)

7.Эхнэр нөхөр хоёр хоёулаа НЭГДМЭЛ ЗОРИЛГОТОЙ болсон болохоор юун илүү дутуу мөнгө зарах, нөгөө СПОРТ ЦОГЦОЛБОР-оо бүтээн босгохоор ханцуй шамлан орсон. Одоо дүү маань “орлогоо хэрхэн нэмэгдүүлэх” талаар дасгалжуулалт аван ажиллаж байгаа.

САНХҮҮГИЙН ЗОРИЛГО-той болох, түүнийгээ үнэхээр их хүсэх, хэмжиж болохуйцаар тавих хэрэгтэй. Бас орлого зарлагаа, өдөр бүр бүртгэж, дараа сарын, жилийн төсвөө гарган харьцуулж, сайжруулж явах САХИЛГА БАТ-ыг өөртөө суулгаарай.
Та өнөөдрийн санхүүдээ сэтгэл хангалуун байгаа бол ТАНД БАЯР ХҮРГЭЕ. Харин сэтгэл дундуур байгаа бол өрхийн санхүү рүүгээ өнгийн харж, өнөөдрөөс өөрчлөлт хийж эхлээрэй. 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.