Иран улсыг тогтоон барихын тулд Арабын орнуудад зэвсэг худалдана

702

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газар “Ираны түрэмгийллийг тогтоон барихын тулд” Арабын орнуудад 8.1 тэрбум ам.долларын зэвсэг худалдах шийдвэрийг Конгрессын зөвшөөрөлгүйгээр гаргажээ. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдэгдэлд дурдсан байна. Түүний мэдэгдлийг Төрийн департамент баасан гарагт нийтэлжээ.

Тэрбээр Ираны түрэмгийллийг тогтоон барих болон түншүүдийнхээ өөрийгөө хамгаалах чадавхыг нэмэгдүүлэхийн тулд нийтдээ 8.1 тэрбум ам.долларын зэвсгийг Иордан, АНЭУ болон Саудын Араб улсад худалдах тухай 22 гэрээг байгуулах үйл явцыг Америкийн хууль тогтоогчдоор хэлэлцүүлэлгүй дуусгах зорилгоор онцгой эрхээ ашиглахаар шийджээ. “Эл зэвсгийн худалдаа нь манай холбоотнуудад дэмжлэг болох бөгөөд Ойрхи Дорнодын тогтвортой байдлыг бэхжүүлэхийн сацуу эдгээр улсад Иран улсыг тогтоон барих болон тус улсаас хамгаалахад туслах болно” гэж Помпеогийн мэдэгдэлд дурдсан байна.  

Тодруулбал, АНУ “RQ-21A Blackjack” тагнуулын нисгэгчгүй 20 аппаратыг АНЭУ-д 80 сая ам.доллароор худалдана. Үүнээс гадна, Абу-Даби 102 сая ам.доллароор танк эсэргүүцэгч “Javelin” цогцолборын алсаас удирддаг 331 пуужин, 900 сая ам.доллароор “APKWS II” лазерын удирдлагатай пуужин 20004-ийг худалдаж авна. Түүнчлэн АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын зааварлагч сургагч нар АНЭУ-ын цэргүүдийг 100 сая ам.доллароор сургаж бэлтгэх аж.  АНУ мөн Саудын Арабын өмнө нь худалдан авсан 3 тэрбум ам.долларын нисдэг аппаратуудад засвар үйлчилгээ хийж, шинэчилнэ.

АНЭУ-ын эрэг хавьд нефть тээвэрлэгч хөлөг онгоцуудад болон Саудын Арабын дамжуулах хоолойд халдсан хэрэгт Иран улс холбоотой гэх мэдээлэл байгаа гэж Пентагон баасан гарагт мэдэгджээ.

Д.Жаргал

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.