Нисдэг такси 2025 oноос эхлэн үйлчилгээнд гарна

361

Германы Лилиум /Lilium/ стартап компани нисдэг таксины үйлчилгээг 2025 оноос эхлэн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нисдэг таксийг аппликэйшн ашиглан захиалах боломжтой бөгөөд өртөг нь энгийн такситай ижил байх гэнэ. Цахилгаанаар ажилладаг таван хүний суудал бүхий нисдэг таксины загварыг саяхан танилцуулсан байна.

Зайгаар ажиллах тийрэлтэт онгоц нэг удаагийн цэнэглэлтээр цагт 300 км зайг туулах хүчин чадалтай бөгөөд дэлхийн хотуудад буултын талбайн сүлжээг бий болгох гэнэ. Лилиум компанийн худалдаа хариуцсан захирал Ремо Гербер энэхүү үйлчилгээ зөвхөн бизнес аялагчдад төдийгүй энгийн зорчигчдод зориулагдах гэнэ.

"Өнөөдөр бид хотын агаарын тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон алхам хийж байна. Бид хүн бүр хүссэн газартаа, хүссэн үедээ нисэж хүрэх боломжтой тийм дэлхийг бүтээхийг мөрөөдөж байна”, гэж Лилиум компанийн үндэслэгчдийн нэг, гүйцэтгэх захирал Даниэль Вийганд ярьжээ. Энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд Германы старап компани дэлхийн брэндүүдтэй өрсөлдөхөд бэлэн байгаа гэнэ. Убер /Uber/ компани, НАСА агентлагтай хамтран 2023 он гэхэд нисдэг таксины сүлжээг нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байгаа бол Боинг, Роллс Ройс энэ зах зээл дээр өрсөлдөхөөр бэлтгэж байгаа юм.

2015 онд байгуулагдсан Лилиум компанийн онгоц өрсөлдөгчид компаниудын онгоцыг бодвол илүү урт зам туулах хүчин чадалтай хэмээн мэдэгдэж байна. Тус компанийг Skype-ийн үүсгэн байгуулагч Никлас Ценнштрюмийн тэргүүлсэн Аtomico технологийн хөрөнгө оруулалтын сан болон Хятадын технологийн Tencent компаниуд дэмжин, нийт 100 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Я.Болор

Эх сурвалж: zindaa.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.