Ч.Цэвээнпүрэв: Би 24 удаа өрсөлдөгч тамирчнаа нокаутаар ялсан байдаг
-Аварга хэсэг нам гүм, чимээгүй болчих шиг боллоо. Зодог тайлчихсан юм биш биз?
-Зодог тайлаагүй. Тулаанд оролцож байгаа. Харин сүүлийн үед уралдаан,
тэмцээнд оролцохоо цөөлсөн. Сүүлд өнгөрсөн наймдугаар сард тэмцээнд
оролцсон. Өмнөд Сслонгост очиж тулаан хийсэн. Азийн наадмын өмнөхөн юм
уу даа. Залуу тамирчинтай тулалдаж оноогоор тэнцсэн дээ.
-Боксын спортод нас нөлөөлдөг байх. Уралдаан, тэмцээнд оролцохоо цөөлж байгаа нь настай холбоотой юу?
-Би одоо хамгийн ахмад Азийн мэргэжлийн боксчин гэж нэрлэгдэж явна.
Хатуужил сууна гэдэг нь энэ насан дээр мэдэгддэг байх. Хааяа нэг
бэлтгэлийн үеэр мэдэгдэнээ. Би өөрөө уг нь тасралтгүй бэлтгэл хийхийг
хүсээд байдаг хүн. Гэхдээ ажил, амьдралын шаардлагаар төдийлөн
идэвхитэй бэлтгэл хийхээ болиод байна. Залуу тамирчидтай хамтран
ажиллаж, бэлтгэл сургуулилт хийж байгаа. Өөрийн туршлага, арга барил,
сэтгэлзүйн бэлтгэл, тулааны тактикийг залуу тамирчдад өвлүүлэх зорилгыг
өөртөө тавиад байна.
-Тэгэхээр гарын шавь бэлтгэж эхэлсэн үг үү?
-Яг гарын шавь бэлтгээд эхэлсэн зүйл алга. Миний өөрийн бэлтгэлийн бааз
суурь хараахан дуусаагүй байна. Өөрийн гэсэн сургалтын төвтэй болох
зорилго байна. Зуслан маягийн. Хүүхдүүдэд эрүүл мэнд, спорт, танин
мэдэхүйн чиглэлийн мэдлэг олгомоор байна. Миний шавь нар ганц тулаан
гэхээсээ илүү мэдлэгтэй байгаасай гэж хүсч байгаа юм. Одоогоор боксын
клубуудэд бэлтгэл хийнгээ залуустай ажиллаж байна. Хамгийн гол нь хамт
бэлтгэл хийж, алдааг нь хэлж өгч, өөрийн сурсан мэдсэнийг хуваалцаж,
урам оруулъя гэсэн юм. Яваандаа өөрийн боксын клубыг нээж, Монголынхоо
тамирчдыг мэргэжлийн тулааны төрлүүдээр дэлхийн хэмжээнд гаргах бодол
бий. Азийн наадмын аварга болсон Д.Отгондалайтай хамт бэлтгэл хийж
байлаа. Ер нь У.Мөнх-Эрдэнэ, П.Сэрдамба, Н.Төгсцогт гээд залуу
тамирчидтайгаа бүгдтэй нь л бэлтгэл хийж байлаа даа. Өөрийнхөө олон жил
хэрэглэсэн толгойн хамгаалалтыг Азийн наадмын өмнөхөн Д.Отгондалай
дүүдээ бэлэглэсэн.
-Ингэхэд "Эв найрамдлын хүч”
гээд төрийн бус байгууллага байгуулсныг нь мэдэх юм байна. Ямар
чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?
-2009 онд энэ төрийн бус байгууллагаа байгуулаад ажиллаж байна. Үүндээ
илүү их анхааран ажиллаж байна. Бас "Цэвээнпүрэв” төв үйл ажиллагаа
явуулж байгаад 2011 оноос "Монголын мэргэжлийн боксын шинэ үеийн холбоо”
гэж нэрээ өөрчилсөн.Үүнийхээ шугамаар Монголдоо хоёр удаа тэмцээн
зохион байгуулсан. Монгол туургатны 222 жилийн ойд зориулсан мэргэжлийн
боксын тэмцээн зохион байгуулахаар зориглож, Тувагаас шилдэг залуу
тамирчид авчрах гэсэн боловч биднийг яамны зүгээс дэмжээгүй. Уг нь
үндэсний бахархалт тэмцээн зохион байгуулъя гэж бодож байсан юм.
-Дэвжээнд гарах болгондоо үнэгэн малгай өмсдөг байсныг тань санаж байна. Бас төрийн далбаан өнгөтэй өмсгөл өмсдөг?
-Би эхэндээ улаан, цэнхэр хувцас өмсдөг байлаа. Хамгийн сүүлд төрийн
далбааны өнгөтэй өмсгөлтэй болсон. Шүдний хамгаалалт ч гэсэн. Малгай бол
имиж шүү дээ. Тэр малгай минь намайг чимдэг. Монгол гэдгийг минь
тодорхойлж өгдөг. Малгайгаа өмсөөд гараад ирэхэд л хүмүүс шаагилдаад
эхэлдэг юм шүү.
-Бас энэ өрсөлдөгч тамирчинд тодорхой хэмжээгээр сэтгэл зүйн дайралт болдог байсан болов уу?
-Сэтгэл зүйд нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байх шүү.
-Та хичнээн удаа мэргэжлийн тулаанд тулалдчихав. Тоо гаргаж үзэв үү?
-Би мэргэжлийн боксын 50 шахуу тулаан хийсэн. Сонирхогчтойгоо нийлвэл
100 гарах байх аа. Сонирхогчдын боксын олон улсын тэмцээнд би хоёр удаа
түрүүлж байлаа. Түрүүлэхдээ дандаа шилдэг тамирчнаар шалгарч байсан.
Үүгээрээ бахархдаг. Харин улсын аваргаас бол хоёр хүрэл, нэг мөнгөн
медальтай.
-Тэгвэл ялагдал хүлээсэн нь?
-Яг мэргэжлийн тулаанд би долоон удаа л ялагдсан.
-Пан Азийн аварга Д.Лхагвааг
таны их дотны найз гэж сонссон. Анх мэргэжлийн бокст хөтөлсөн ч гэдэг юм
билээ. Тэр хүн одоо хаана явнаа?
-Лхагваа Солонгост л байгаа байх. Солонгосчуудтай ажилладаг юм.
-Та хоёр хоорондоо хэр тулалдаж байв?
-Би чинь Лхагвааг дэлхийн аварга болтол бэлтгэлийг нь хангаж байсан хүн шүү дээ. Хамт бэлтгэл хийдэг байлаа.
-Таныг ном бичиж байгаа гэж сонссон юм байна?
-Би унших, судлахад багагүй цаг зарцуулдаг. Бичих сонирхолтой ч сүүлийн
үед цаг бага байна. Өнгөрснөө эргээд харахад миний амьдрал байнгын
бэлтгэл сургуулилт, тулаанаас тулааны хооронд өнгөрчээ. Тиймээс өөртөө
цаг гаргаж, өөрийгөө болоод залуучуудыг хөгжүүлэхийн төлөө ажиллая гэж
байгаа юм.
-Бас "Мод тарья” хэмээн уриалж явааг дуулсан. Хэзээнээс энэ ажилд ханцуй шамлав?
-Хүүхэд байхаасаа л уулаар явж бэлтгэл, сургуулилт хийх дуртай байлаа.
Одоо эргэн харахад хотын ойр орчинд харамсалтай дүр зураг харагдаж
байна. Үүнд байгууллагуудын гар, сэтгэл яагаад хүрч ажиллахгүй байна вэ.
Тиймээс байгаль орчноо нөхөн сэргээх, мод, ногоон байгууламжаа хайрлаж
хамгаалахад хүүхэд, залуусын оролцоог бий болгоё. Тэр тусмаа энэ ажилд
тулааны тамирчдын оролцоо түлхүү байх ёстой. Энэ бодлын үүднээс
тамирчдынхаа хамт уул хадаар явж, мод хамгаалж ирсэн. Сүүлийн үед мод
тарьж эхэлсэн. Мөн энэ ажилд ханцуй шамлан оролцож байгаа. Мод тарих
ажилд Монгол, Германд алдар нэрээ дуурсгасан эрдэмтэн зохиолч Ч.Галсан
гуай, түүний хүү Г.Галтайхүү нартай хамтарч ажиллаж байна.
-Ингэхэд та гудамжинд зодолдож байв уу?
-Манай тулааны спортын тамирчид, тэр дундаа боксынхон ёстой хүн зодож
байгаагүй байх. Гэмт хэрэгт ч холбогдсон тохиолдол байдаггүй шүү дээ. Би
рингнээс өөр газар хүн зодож чадахгүй юм билээ.
-Тоглолт, тулаан гээд хоёр янзаар яриад байна. Мэргэжлийн боксын хувьд аль нь зөв нэршил юм бэ?
-Мэргэжлийн бокс сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа эрчимтэй хөгжсөөр
байгаа. Тийм ч учраас сонирхогчдын боксоос илүүтэйгээр мэргэжлийн
тулааныг сонирхож, хөгжилд нь түлхүү анхаарч байгаа. Сонирхогчдын боксыг
"тоглох”, мэргэжпийнхийг "тулаан” гэх үйл үгүүдээр хэлбэршүүлэн
нэрлэдэг.Мэргэжлийн бокс өөрөө олимпод ордоггүй учир нь ердөө л энэ.
Дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг. Олимпод тулаан үзүүлэх нь зохистой бус
гэж үздэг. Манайд энэ төрлийн боксыг ганцхан тоглох гэдэг үгээр нэрлээд
байгаа нь буруу юм.
-Таны хувьд сэтгэл зүйн бэлтгэл хэрхэн хийдэг вэ?
-Тулаанд хүч, хурд мэдээж чухал. Гэхдээ сэтгэл зүйн бэлтгэл хамгаас
чухал. Бие махбодио бясалгаж, биеийнхээ хүчийг тэнцвэржүүлж цохилт
ирэхэд гал мэт дүрэлзэж, усны урсгал мэт тасаршгүй довтолж байх ёстой.
Тиймээс би уулын орой дээр гарч хүчилтөрөгчөөр биеэ их цэнэглэдэг.
-Мэргэжлийн бокс эрсдэлтэй спорт. Тулааны үед хүнд бэртэл авах энүүхэнд шүү дээ. Таны хувьд хэр их бэртэл авч байв?
-Мэргэжлийн бокс гэдэг хамгийн ширүүн спорт. Үхэхээс наагуур бэртэл авах
тохиолдол ч олон. Гар, хуруу бол байнга л гэмтэнэ. Хамраа хугалж,
толгойгоо хагалж явлаа. Би ч гэсэн таван ч тамирчинг хүнд бэртээж
байсан. Тэдний гурав нь дахиж ринг дээр гараагүй.
-Нээрээ тантай тулалдаж ялагдсан Францын аварга залуу дахиж рингэн дээр гараагүй шүү дээ. 2012 онд болсон тулаан байх аа?
-2012 онд тулалдсан л даа. Францын аварга залуу байсан юм. Эхний найман
үе маш ширүүн довтолж тоглосон л доо. Намайг ухрааж байсан хүн шүү дээ.
Харин наймдугаар үед би эгзэгийг нь тааруулж, тактик хэрэглэн баруун
гарынхаа хүчтэй цохилтыг хийсэн. Тэрнээс хойш тэр залуу дахиж рингэн
дээр гараагүй. Би 24 өрсөлдөгч тамирчнаа нокаутаар ялсан байдаг юм.
-Та хэд хүртлээ мэргэжлийн дэвжээнд хүч сорих вэ?
-50 хүртлээ тоглох бодолтой. Хөдөлмөрлөж байгаа хүн үр дүнд заавал
хүрдэг гэдэгт би итгэдэг. Харин нас гэгч богинохон. Тиймээс цаг
хугацаатай өрсөлдөн ажилламаар байна.
-Ер нь олон улсад манай боксчдыг үнэлэх үнэлэмж хэр байна вэ?
-Боксын тамирчид маш сайн байгаа. Гэхдээ мэргэжлийн сургалтууд маш их
хэрэгтэй. Хүмүүс биднийг зодолдоод л байдаг гэж хардаг байх. Гэхдээ үгүй
шүү дээ.
А.Халиун