Д.Цогтбаатар: Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан

80

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны  хуралдаанаар, гадаадад дипломат ажилтнууд хар тамхины хэрэгт холбогдсон асуудалд арга хэмжээ авах байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарн болон холбогдох албаныхны мэдээллийг сонсов. 

Тэрбээр мэдээлэлдээ, Их хэмжээгээр хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж буй, Турк улсын Станбул хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан. Тус улсын хууль, шүүхийн байгууллагын шалгалтын үр дүнгээс хамаарч зохих арга хэмжээг тухайн үед нь авна гэж байлаа.

Мөн Дипломат албаны тухай хууль, дипломат ажилтны сахилгын тухай дүрэм, байгууллагын дотоод журам, дипломат төлөөлөгчийн газар томилогдсон дипломат болон үйлчилгээ, техникийн ажилтнуудтай байгуулдаг томилолтын гэрээнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлдөг эм, тамхи зэргийг хувийн ашиг хонжоо олох зорилгоор тээвэрлэх, аливаа улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Монгол Улсын дипломат албаны нэр хүндэд харш, ноцтой зөрчилд тооцон дипломат албанаас халдаг. Ийнхүү халдаг нь тухайн ажилтныг дипломат албанд буцаан авахгүй байх үндэслэл болдог эрх зүйн зохицуулалт байгаа. Эдгээр зохицуулалтын дагуу тухайн албанд хариуцлага алдсан ажилтнуудыг  дипломат албанаас халж ирсэн бөгөөд цаашид хариуцлага тооцож ажиллана гэдгийг сайд мэдээлэлдээ онцолсон.

Дипломат төлөөлөгчийн газар ажиллах хугацаандаа мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг зөрчилд холбогдож байсан боловч төрийн  албанд үргэлжлүүлэн ажиллаж байсан албан тушаалтнуудыг шалган тогтоож, төрийн албанаас нэн даруй чөлөөлөх хүрээнд ажиллаж байна. Түүнчлэн энэ хүрээнд гадаадад биечлэн саатуулагдан шалгагдсан гурван ажилтан байгаагаас хоёр нь халагдсан бөгөөд нэгийг нь шалгаж, халах арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ эрх зүйн туслалцааны гэрээний дагуу Польшийн талаас манай эрх бүхий байгууллагад хандан лавлагаа авч байсан дээрх төрлийн хэрэг зөрчил үйлдсэн гэх хүмүүсийн асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Мөн УИХ-ын холбогдох Байнгын хороотой хамтран Гадаад харилцааны яамны нийт албан хаагчдын томилогдсон шийдвэрийг нягтлан шалгах ажлыг зохион байгуулна гэж байлаа.

Үргэлжлүүлэн Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Р. Отгонжаргал мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, Байнгын хорооны тогтоолд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албыг бэхжүүлэх, бүтэц орон тоог нэмэгдүүлэх болон иргэдэд хар тамхи болон түүнтэй холбоотой гэмт хэргийг талаар мэдээлэл олгох чиглэл тусгагдсан байсан. Одоогоор Хар тамхитай тэмцэх алба 33 албан хаагчтай ажиллаж байгаа бөгөөд цаашид улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй  тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэхэд бүтэц, орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Эхний ээлжинд 26 албан хаагчийн орон тоог нэмэх шаардлагатай байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан байгаа гэв. Шаардлагатай байгаа 26 албан хаагчийн орон тоо нь хил, боомт дагуу чиглэл хариуцах, урьдчилан сэргийлэх ажил болон энэ төрлийн гэмт хэрэг, нөхцөл байдлын судалгаа хийх чиглэлээр ажиллах орон тоо гэдгийг тодотгож байлаа. 

Мөн энэ сарын 17-нд Польшийн прокурорын байгууллагаас хоёр улсын эрх зүйн туслалцааны актын дагуу ирүүлсэн мөрдөн байцаагчийн даалгаварыг хүлээн авч, нийт Монголд байгаа 70 иргэнтэй холбоотой асуудлыг тодотгох санал ирснийг судалж, Польш улсад албан ёсны хариуг нь өгсөн. Одоо гадаад харилцааны яамнаас ирүүлсэн 69 хүнд холбогдох асуудалд хэрэг бүртгэл нээгээд, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна гэдгийг цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал  мэдээлэлдээ онцолсон.

Харин ТЕГ-ын дарга Д.Гэрэл мэдээлэлдээ, хар тамхитай холбоотой хэрэг далд нууц хэлбэрээр явагддаг бөгөөд үүнийг илрүүлэхэд зайлшгүй мэдээлэл шаардлагатай байдаг.  Энэ хэрэг зөвхөн мэдээллээр илэрдэг гэдгийг онцлоод өнөөдрийн байдлаар манай улсруу агаарын тээвэр, төмөр зам ашиглан хар тамхи оруулдаг болж, энэ нь их хэмжээгээр илэрч байна. Үүний учир нь Монгол Улсаар дамжихад зардал бага, нөгөөтэйгүүр энэ хэргийн мөрдлөг таван үе шатыг дамждаг бол манайх гурав дахь үе шатыг л хийдэг. Хэрэгт холбогдох хүмүүсийн тоог авч үзвэл зөвхөн нэг суваг дээр 100-аад хүн байдаг бөгөөд нэг сувгийг илрүүлж хаахад нөгөө сувгийн үнэ өсөх, шинэ суваг гаргах ажиллагаа эхэлдэг гэдгийг онцлон тэмдэглэсэн. Мөн тэрбээр, 58 улс цаазын ялтай байдгаас 32 орон хар тамхитай холбоотой хэрэгт цаазын ял оноодөг бөгөөд, ялын хугацааг нь авч үзвэл хамгийн бага нь 20 жил байдаг. Харин монголд энэ төрлийн гэмт хэргийн ял эхний удаа 2-7 жил, бүлэглэн үйлдсэн тохиолдолд 5-10 жил буюу ялын хэмжээ бага байгааг онцолж байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Л.Болд, Ц.Цогзолмаа, Б.Энх-Амгалан, С.Батболд нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Төрийн албан хаагчид хар тамхины сүлжээг эрхэлж, зохион байгуулж, байгаа учраас асуудал хүрээгээ тэлж байна. Энэ асуудалд дипломат алба, цагдаа, тагнуулын байгууллагын албан тушаалтнууд оролцсон нь монгол төрийн нэр төрийг  хүчтэй унагаалаа. Иймд Байнгын хорооноос баталсан тогтоолын дагуу эрс шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд “Дипломат албан тушаалтнуудын энэ хэрэг олон улсын анхаарлыг татаж, Монгол Улс энэ хэргийг мартуулаад өнгөрөөх үү, өмнөх шигээ толгойг нь илэх үү гэдгийг анхааралтай ажиглаж байгаа. Иймд маш тодорхой арга хэмжээ авах шаардлагатай. Ялангуяа дипломат шуудан, унаа машиныг гэмт хэрэгтээ ашигласан бол энэ асуудлаар  Монголд ч гэсэн хуулийн хариуцлага хүлээлгэдэг байх ёстой”  гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Батболд, “Энэ асуудлыг томоор харж, монголын төрөөс хар тамхины эсрэг явуулж байгаа бодлогоо хянаж үзээд, цаашид ямар дэмжлэг үзүүлж, хэрхэн ажиллах шаардлагатай байгааг анхаарч үзэх цаг болжээ” хэмээж байлаа. 

Гишүүд хар тамхи, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон дипломат ажилтнуудад монголд хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт бий эсэх, зөвхөн баривчлагдсан дипломатууд бус цаад талд нь байгаа сүлжээг  илрүүлэх талаар ямар ажил хийж байгааг сонирхож байлаа. Түүнчлэн салбарын яам боловсон хүчний бодлогоо хэрхэн явуулж байгаа болон хар тамхитай холбоотой асуудлаас болж  унасан Монгол Улсын нэр хүндийг сэргээх, харилцаагаа сайжруулах талаар бусад улс орнууд хэрхэн хамтран ажиллаж байгааг тодруулсан. 
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хариултдаа, өмнө нь тамхи зөөсөн тохиолдолд гадаад улсын гаалийн хууль зөрчөөд торгууль төлсний дараа монголд нэг хэргээр хоёр ял оноож болохгүй гээд зүгээр явуулдаг байсан. 2008 оноос яг энэ асуудалд бултах аргагүй болгож, шинэ гэрээ хийж эхэлсэн. Харь орны гаалийн хуулийг зөрчөөд торгуулсан бол монголын төрийн албаны хууль зөрчсөн хариуцлагыг хэн ч ярихгүй байж болохгүй. Иймд  хариуцлагыг нь тусгаж, эдийн засгийн хохирлыг нь төлүүлэх талаар тусгасан гэрээ байгуулдаг болсон гэж байлаа. 
Мөн тэрбээр, дипломатуудын хар тамхи зөөсөн хэргийн цаана том сүлжээ байгаатай санал нэг байгааг дурдаад олон улсын томоохон сүлжээнүүд цаашлаад гадаадад байгаа монгол иргэдийг онилоод хар тамхи  зөөвөрлүүлэх  болсон. Монголчууд дангаараа олон улсын хар тамхины том сүлжээг илрүүлж дийлэхгүй. Иймд манай улсын тусгай байгууллагууд олон улсын тусгай байгууллагатай хамтран ажиллаж, мэдээллээ солилцож, маш идэвхтэй ажиллаж байж хар тамхины асуудлаас иргэдээ хамгаалж чадна гэж байлаа.

Гадаад харилцааны яамны хувьд дипломат шугамаар бусад улс орнуудтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд ойрын үед хамтарсан уулзалтуудыг хийхээр төлөвлөсөн гэдгийг салбарын сайд хариултдаа онцлов. Байнгын хорооны тогтоолоор салбарын яамны хэмжээнд албан тушаалтнуудыг мэргэжлийн түвшинг үнэлэх шалгалтыг явуулах үүрэг чиглэлийн дагуу түвшин тогтоох шалгалт явуулахын зэрэгцээ чадварлаг боловсон хүчнээ өөрсдөө бэлтгэх, урамшуулах, мэргэшүүлэхэд илүү анхаарал тавьж ажиллаж байна гэж Д.Цогтбаатар сайд хариултдаа дурдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.