Олон улсын морин цэргийн уралдаан анх удаагаа Монголд болно
ОХУ-аас санаачлан зохион байгуулдаг "Армейские игры" буюу цэргийн тоглолт нь жил бүр хүрээгээ тэлсээр байна. Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдах уг наадам нь дэлхийн цэрэг армиуд галын шугамд байлдаж дайсагналцах биш цэрэгжлийн спортын талбарт хурд хүч, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөх ёстой гэсэн энх тайванч уриан дор зохион байгуулагдана.
Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд "танкийн биатлон", "мэргэн буудагчийн зааг", "цэргийн хээрийн гал тогоо" зэрэг төрлүүдэд оролцон дэлхийн шилдэг армиудтай эн тэнцүүхэн өрсөлдөж ирсэн. Энэ жил манай улс зохион байгуулагч улсын статустайгаар оролцож, өвөг дээдсийнхээ дэлхийд тамгалсан "Аравт" хэмээх нэртэй морин цэргийн олон улсын уралдааныг анх удаагаа эх орондоо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.
“Цэргийн наадам-2018” тэмцээн дэлхийн долоон улсад зохиогдсон бол 2019 онд 10 улсад зохиогдох болсон талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээллэж, дээрх орнуудад тэмцээний удирдамж, төлөвлөлтийн хурлуудын тов, мэдэгдэл зэргийг хүргүүлсэн. Эдгээр 10 улсын тоонд Монгол Улс багтсан бөгөөд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалахын сайдад “Аравт” морин цэргийн олон улсын уралдааныг эх орондоо зохион байгуулах санал ирүүлснийг үндэслэн энэ сарын 20, 21-нд уралдааныг зохион байгуулах комиссын төгсгөлийн шатны олон улсын төлөвлөлтийн бага хурал болно. Хуралд оролцогч болон ажиглагч орнууд болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Элчин сайдын яамдын батлан хамгаалах атташе нар оролцоно.
Уралдаан Улаанбаатар хотоос 65км зайд орших Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв, хустайн нуруун дахь байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрын байрлалд 2019 оны 08 дугаар сарын 03-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Энэ удаагийн уралдаанд манай улсаас гадна ОХУ, БНКаз улс, Киргизстан улсын зэвсэгт хүчний багууд, түүнчлэн БНХАУ, Зимбабве улсууд ажиглагчаар оролцоно. Уралдаан 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд оролцогч орны багууд 124 км замыг мориор туулж замдаа тактикийн ажиллагааны дөрвөн цэгт даалгавар гүйцэтгэнэ. Үүнд усан саад туулах, морь барих сэлгэх, хээрийн хоноглолт, татан гаргалтын цэгүүд байна. Харин хоёрдугаар шатанд 7,5 кмын богино зайд уралдах ба мөн тактикийн даалгавруудыг биелүүлж хамгийн богино хугацаанд алдаагүй даалгавар гүйцэтгэсэн байдлаараа байр эзлэх юм.
Гадаадын баг тамирчид долоодугаар сарын 20-ноос манай оронд ирж морь, зам маршруттайгаа танилцаж бэлтгэлээ хангаад наймдугаар сарын 3 нд ОХУ, БНХАУ, БНЭАУ, БНКазу, Беларус, Азарбайжан, Иран, Монгол зэрэг зохион байгуулагч 10 улсад нэгэн зэрэг цэргийн тоглолтын нээлт болно.
Нээлт болох хүртэл өдөр бүр урлаг, спортын болон Монгол Улс, зан заншил, адууны өв соёлоо сурталчилсан арга хэмжээнүүд болох ба уралдааны бэлтгэл хэрхэн хангаж байгаа, болон уралдаанд гадаадын багууд хэрхэн оролцож байгааг газар дээрээс нь сурвалжлах боломж нөхцлийг хангаж ажиллана Түүнчлэн хээрийн байрлалд ажлаа хэвийн хэвийн явуулах өндөр хурдын интернэт, мэдээллийн төв, ажил, амралтын байр, унаа, хоол, эмнэлгийн үйлчилгээгээр шаардлагатай нөхцөлд үйлчилнэ.