Ж.Батзандан попорсон л бол хариугаа заавал авдаг
УИХ-ын дарга асан М.Энхболд нэгэн цагт УИХ-ын гишүүн Ж.Батзанданг “Хамгийн увиагүй, амиа бодсон хүн. Жагсагчид манай өрөөнд орж ирээд гарахад цэнхэр ноосон малгайгаа өмсөөд хамгийн түрүүнд гараад явсан. Манай намын байрыг шатаасан хүн. Одоо манай намын хэсэг залуустай дөрөө харшуулаад явж байна. Аягүй бол 2020 онд МАН-аас нэр дэвшинэ. Намынхаа даргын эсрэг гарын үсэг зурсан. Ахынхаа асуудлыг ярихаар байнга гуйж ирдэг. Хамгийн том шүдэнз зурж, хамгийн чангаар хашгирдаг хүн. Яг асуудал болохоор алга болчихдог ийм л хүн” гэж парламентын танхимд хэлж байсан удаатай.
Үнэхээр Ж.Батзандан гишүүний хувьд сүүлийн үед дээрхийг батлах гэсэн шиг МАНАН-гийн эсрэг мөн ч их чанга, чанга дуугарсан хүн. Харин одоо түүнийхээ хариуг авч ахыгаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга болгохоор зүтгүүлж явна.
Цөөхөн хүн амтай манайх шиг улсад хэн нэгэн даргын ах, дүү, хамаатан садан энд, тэнд дарга болох нь энгийн үзэгдэл. Гэхдээ Ж.Батнзандангийн ах нар шиг дүүгийнх нь дуу чангармагц, даргын суудалд очдог байдал нь бүр хэрээс хэтэрсэн гэмээр. Тухайлбал, Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Сайд болон дэд сайд нартайгаа хамт ёсзүйн хариуцлага хүлээн ажлаа өгсөн.
Харин одоо Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга болохоор Засгийн газрын хуралдааныг хүлээн суух болжээ. Ерөнхийдөө түүнийг томилно гэдгийг тохирсон. Харин хэзээний хурлаар гялалзуулах вэ гэдэг нь тодорхойгүй. Мэдээж олны хэл амнаас эмээхдээ Ерөнхий сайд олны анхаарал татахааргүй, магадгүй наадам зэрэгтэй ойртуулж байгаад л томилох болов уу гэсэн хардлага улстөрийн хүрээнд аль хэдийн бий болжээ.
Хамгийн гол нь Ж.Батзандангийн ах үнэхээр мундаг дарга болох хүн мөн үү
Жилийн өмнө яаманд нь гарсан хүн амины хэргээс улбаалан түүний ажлыг өгүүлсэн. Мөн түүнээс өмнө нь Ж.Бат-Эрдэнэ аль ч намын үед албан тушаал ахиж, дэвшиж явдаг хүн. 2011-2012 онд Сү.Батболдын тэргүүлж байсан хамтарсан Засгийн газрын үед Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газар (МТШХХГ)-ын даргаар ажиллаж байсан. Дараа нь АН УИХ-ын 2012 оны сонгуульд ялахад “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв.
2015 оны наймдугаар сарын 16-нд АТГ-ынхан Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй зарим албан тушаалтанд Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсныг тухайн үед хэвлэлээр багагүй шуугисан. Тодруулбал, Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газраас 2012 онд шалгаруулсан нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий Багуудад хүргэх шуудангийн үйлчилгээг сайжруулах тендерийн Үнэлгээний хорооны дарга, гишүүд нь “Монгол дизель” ХХК-д давуу байдал олгон нийлүүлэгдэх автомашины техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулан тус компаниас нийлүүлсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн 34 ширхэг автомашиныг зах зээлийн үнээс өндөр үнээр авсан гэх асуудлаар тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Угтаа тендерийн Үнэлгээний хороо нь нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр удаа явуулсан бөгөөд 2012 оны тавдугаар сарын 23-нд зарласан тендерт “Монгол дизель” ХК-аас 985.051.816 төгрөгийн үнийн саналтай, “Монгол Хьюндай автомотив” ХХК-аас 995.600.000 төгрөгийн үнийн саналтай, “Хурд авто” ХХК-аас 672.000.000 төгрөгийн үнийн санал бүхий тендерийн материалыг ирүүлснээс Үнэлгээний хороо нь “Монгол дизель” ХК-ийг шалгаруулж, тендерийг Сангийн яамаар хянуулан гэрээ байгуулах зөвшөөрөл олгожээ. Ингээд МТШХХ-аас “Монгол дизель” ХК-тай 2012 оны долдугаар сарын 30-нд 985.051.816 төгрөгөөр Багуудад хүргэх шуудангийн үйлчилгээг сайжруулах гэрээг байгуулсан байна. Мөн “Монгол дизель” ХК-аас 2012 оны аравдугаар сарын 04-нд БНХАУ-д үйлдвэрлэсэн “Чинган” маркийн 32 автомашин, “Хово” маркийн хоёр автомашиныг МТШХХГ болон “Монгол шуудан” ТӨХК-ийн холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн аж. Гэвч хүлээлгэж өгсөн автомашинуудын техникийн үзүүлэлт гэрээнд хавсралт болгосон нийлүүлэгдэх автомашины техникийн тодорхойлолтоос зарим үзүүлэлтээрээ зөрүүтэй нь тогтоогдсон байна. Түүгээр ч зогсохгүй 34 автомашинтай холбоотой хэргийг АТГ-ынхан шалгахад үнийн дүнгийн зөрүү нь 693.051.816 төгрөг байжээ.
АТГ-аас дээрх хэргийг шалгах үед Үнэлгээний хорооны нэгэн гишүүн “Эхний тендер хүчингүй болсноос хойш хэд хоногийн дараа буюу дахин зарлахын өмнө Үнэлгээний хорооны дарга намайг өрөөндөө дуудсан. Ороход “Монгол шуудан” ТӨХК-ийн захирал Г.Чинзориг ирчихсэн сууж байсан. Г.Чинзориг нь “Дараагийн зарлах тендерийн техникийн тодорхойлолтыг ингэж өөрчлөхөөр боллоо” гээд н.Буян захирлынхаа гарын үсэгтэй албан бичгийг үзүүлсэн... Гэтэл тендерийн материалд хоёр дахь удаагаа зарласан тендерийн техникийн тодорхойлолтод оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор “Монгол шуудан” ТӨХК-ийн албан бичиг байхгүй байгааг гайхаж байсан... Ерөнхийдөө Г.Чинзориг нь зальтай хүн бөгөөд анхнаасаа өөрийгөө асуудалд оруулахгүйн тулд тендертэй холбоотой баримт бичгүүд дээр гарын үсгээ зураагүй. ... Г.Чинзориг захирал анхнаасаа шалгарсан компанитай холбоотой байсан юм байна... “ гэх зэргээр хуулийнханд мэдүүлэг өгч байсан байна. Харин “Монгол шуудан” ТӨХК-ийн захирал Г.Чинзориг нь “Монгол дизель” ХК-ийн үүсгэн байгуулагчдын хамт “Монзүүмлион” ХХК-ийг байгуулж, хувьцаа эзэмшдэг байснаа тендер зарлахын өмнөх өдөр бусдад шилжүүлсэн аж. Тэр ч атугай “МТШХХГ-ын дарга асан Ж.Бат-Эрдэнэ, Үнэлгээний хорооны дарга Ө.Одгэрэл, ерөнхий нягтлан бодогч Ц.Баярцэнгэл, “Монгол шуудан” ТӨХК-ийн захирал Г.Чинзориг нар Сүхбаатар аймгийн гаралтай хүмүүс гэдгээрээ ойр дотно харилцаатай” гэдгийг хэргийн бусад оролцогчид тухайн үед мэдүүлж байсан байдаг.
Гэтэл одоо бүр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг бүхэлд нь хариуцдаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга болохоор тэмүүлж буй нь ёсзүйн хувьд ч хэтийдсэн асуудал гэлтэй.
Ж.Батзандангийн бас нэг ах нь болох Ж.Батсүрэн албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдож байсан
Ж.Батзанданг олон ахтай гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Тодруулбал, түүний нэг ах нь болох Ж.Батсүрэн 2015 онд Төрийн өмчит “Мон-Сам” зүү тариурын үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан. Харин дүү нь буюу Ж.Батзандан тухайн үед ах Ж.Батсүрэнгээ үүрэгт ажлаас нь чөлөөлж өгөх хүсэлтийг Төрийн өмчийн хорооны даргын нэр дээр гаргаж байсан удаатай.
Учир нь Ж.Батсүрэнд холбогдуулан ТӨХ-ноос “Төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан албан үүргээ урвуулан ашигласан, төрийн өмчийг шамшигдуулсан” гэх үндэслэлээр гомдол гаргасан юм байна. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан аж.
Түүнийг Төрийн өмчит “Мон-Сам” зүү тариурын үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ ашиглан байгууллагын өмчид бүртгэл тооллоготой барилгыг найзынхаа компанид шилжүүлсэн, албаны автомашиныг согтуугаар жолоодож яваад Бэлхийн замд гэрлийн хоёр ч шон дайрч төрийн өмчид бүртгэлтэй машин болон нийслэлийн өмчид хохирол учруулаад төлөхгүй байсан аж. Тиймээс ТӨХ хуулийн байгууллагад хандсан юм байна. Харин үүнийх нь дараа Ж.Батсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Ж.Батзандан ингэж л попорч, түүнийхээ төлөөсийг ихэд нарийн аргаар авч чаддаг нэгэн. Өнгөрсөн хавраас хойш МАНАН бүлэглэлийг үгүй хийхийн төлөө чанга дуугарсаар одоо шагналд нь Ж.Бат-Эрдэнэ ахыгаа албан тушаалтай болгох гэж байгаа нь энэ бололтой.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn