Хүүхдээ хүнтэй мэндэлж сурга!!!

79

 

Хүүхдээ хүнтэй мэндэлж сурга!!!

 

Хүмүүжил гэдэг нь хүнжүүлэх, хүмүүнжүүлэх, хүнээр хүн хийх, хүн шиг хүн болгох гэсэн утгатай. Хүүхдийн хүмүүжил төлөвшил нь амьдралын бүхий л үйл ажиллагаагаар олж авсан мэдлэг, чадвар, дадал, амьдралын туршлага, ерөнхий соёлын бүрэлдэхүүнээс бүрддэг. Сонирхолтой нь хүүхдийн хүмүүжлийн 70-80 хувь нь 3 нас хүрэхээс өмнө төлөвшдөг. Хүүхэд өөрийн гэнэн цагаан өртөнцөөр дамжуулан хүрээлэн буй орчин болон бусад зүйлсийн талаар сурч өдөр бүр шинэ зүйлстэй танилцаж байдаг. Тиймээс хүүхдийг зөв төлөвшүүлэхэд эцэг эх болон олон нийтийн оролцоо чухал үүрэгтэй.

Хүүхдийн хүмүүжлийн хамгийн чухал хэлбэр бол харилцаа. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хамгийн түрүүнд хүүхдээ хүнтэй мэндэлж сургах хэрэгтэй.

Хүн гаднаас ороод ирэхэд хүүхэд дуугарахгүй, хүнтэй мэндлэхгүй хэлгүй ч юм шиг, дургүй ч юм шиг байж болохгүй. Ялангуяа ахмад настай хүмүүсийн өмнө. Багаас нь хүүхдийг бусдыг алаг үздэг, хүнийг гадна талаас нь ялгаварладаг болгож болохгүй. Энэ л хэрэгтэй хүн, тэр бол яах вэ тоох хэрэггүй гэх мэтийн буруу хандлага, саар үлгэр дууриалаар хүмүүжих нь өөрт нь муу. Хүүхэд харсан зүйлээ л дууриадаг шүү дээ.

Хүүхэд хүнтэй бусдын дохиогоор мэндэлдэг, өөрийн сэтгэлээрээ биш өрөөлийн үзлээр том хүнтэй, өөрийн үеийнхэнтэйгээ харьцдаг байж болохгүй шүү дээ. Монголчууд бид мэндлэх, хүндлэх ёсоороо олон улсад тэргүүлэхгүй ч нэлээд дээгүүрт ордог. Учир нь энэ бол бидний хамгийн үнэт зүйл. Үүнийгээ өөрийн үр хүүхдүүддээ зааж, сургахгүй байх нь "монголоо алдсан” хэрэг болно.

Хэн нэгэнтэй чин сэтгэлээсээ мэнд мэдэх, Сайн байна уу та гээд нүд рүү нь харж эелдгээр гар барих нь хүмүүст хамгийн том сэтгэгдэл үлдээдэг байна. Тиймээс та хүүхдийнхээ ирээдүйд сайн сайхныг хүсдэг л юм бол бусадтай чин сэтгэлээсээ мэндлүүлж заавал сургаарай.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.