Төрд биш бизнесмэнүүддээ найд

1017

Төрд биш бизнесмэнүүддээ найдДэлхийн улс орнуудад бизнесмэнүүдийн үнэлэмж асар өндөр байдаг аж. Тухайн нийгэмдээ шүтэгдсэн хүмүүс байдаг гэдгийг бид гадны мэдээ мэдээллээс мэдэх билээ. Ерөөсөө улс орны ачааны хүнд нь бизнес эрхлэгчдийн нуруун дээр байдагт тэр байх. Харин манай улсад бизнесмэнүүдийн үнэлэмж тийм ч сайнгүй байдаг нь нууц биш. "Муу луйварчин”, "дамчин, наймаачин” зэргээр дуудах нь ч бий. Энэ магадгүй социализмын үеийн сэтгэлгээ биднээс асар холдоогүйтэй холбоотой байж мэдэх юм. Өдгөөгөөс хорь гаруй жилийн өмнө буюу социалист нийгмийн үед цалингаасаа гадуур бага сага наймаа хөдөлгөдөг нөхдийг "муу дамчин”, "муу луйварчин” хэмээн нэрлэдэг, сэтгэдэг байсны улбаа өдгөө ч бидний дунд байгаа хэрэг болов уу.

 

     Бас нэг хүчин зүйл нь манай улсад улстөр бизнесийн бүлэглэл байдагтай яах аргагүй холбогдож таарна. Бидний нэрлээд байгаа олигархи бүлэглэл өдгөө ч амь бөхтэй оршиж байгааг уншигч та сайн мэднэ.

 

     Гэхдээ энэ олигархи бүлэглэлд бизнесмэн бүр багтаад байхгүй гэдгийг ч сайн ойлгох хэрэгтэй. Хэдийгээр манай улсад үнэнч шударгаар бизнес хийх боломж дундуур байдаг ч шударгаар хөдөлмөрлөж байгаа олон жишээ бидний өмнө байна. Шударга хөдөлмөрлөөд мөнгө олоод эхлэхээр өнөөх л улстөрчдийн дайралт хавчлага ирдэг нь ч нууц биш. Ингэхээр арга буюу хэн нэгэн улстөрчийн халаасанд орж бизнесийнх нь хамтрагч болдог бичигдээгүй хууль ч бий.

 

     Ийм нөхдийг олны өмнө тодорхой зарлалана л биз. Үүний дараа улс орны ачааны хүндийг үүрэлцэж яваа бизнесмэнүүдээ дэмжих цаг болжээ. Өнөөдөр улсын төсөвт үлэмж хэмжээний татвар өгдөг олон групп, компаниуд байна. Мөн өөртөө тохирсон татвараа шударгаар төлөөд ажлын байр бий болгоод явж байгаа дундаж бизнесмэнүүд ч бий. Бага хэмжээний татвар төлөөд өрх гэрийнхээ амьдрал төсвийг шийдээд явж байгаа бизнесмэн ч байгаа юм. Өнөөдөр эх орон, эдийн засаг хэмээн цээжээ дэлдэж байгаа Ж.Батзандан тэргүүтэй УИХ дахь "эх орончид” улсын төсөвт ямар мөнгө төлөөд байгаа юм. Тэд бүгдээрээ хумслана уу гэхээс бизнесмэнүүд шиг мөнгө төлдөггүй юм.

 

    Тэгэхээр бид бизнесмэнүүдээ тахин шүтээд оройдоо залдаггүй юм гэхэд харааж зүхэж, хавчиж шахаад баймааргүй байна. "Татвар буй дор төр оршино” хэмээдэг биз дээ. Монгол төрийн орших томоохон шалтгаан, улс орны амьдрах нэгэн том тулгуур болсон бизнесмэнүүдээ зөв замаар дэмжих нь зүйн хэрэг. Хууль эрх зүйн орчинг нь илүү сайжруулж, улстөрийн бүлэглэлээс аль болох холдуулах нь бидэнд тулгараад буй шаардлага.

 

      Хамгийн сүүлийн шинэ мэдээлэл гэвэл манай үндэсний томоохон үйлдвэрлэгч болох "MCS” групп энэ онд 208,000,000,000 төгрөгийн татварыг улсын төсөвт оруулсан байх жишээтэй. Энэ бол бахархал. Тодруулбал, "MCS” групп та бидэнд ийм их хэмжээний мөнгө өгсөн байна. Түүнчлэн "МАК”, "Женко” гээд улсад үлэмж хэмжээний татвар төлдөг үндэсний компаниуд олныг нэрлэж болно.

 

     Зуу зуун тэрбумаар нь байнга өгөөд байдаггүй 5, 10, 20, 30 тэрбумаар нь өгч байгаа маш олон аж ахуйн нэгжүүд бий. Бидний амьдрал, улс орны эдийн засаг эдгээр бизнесмэнүүдийн нуруун дээр л тогтож байгаа. Олон ч айл өрхийн амьдрал дээрх үндэсний үйлдвэрлэгчдийн нуруун дээр байгааг дурдаад барахгүй.

 

     Дээр дурдсанчлан бизнеэс эрхлэгчдийн хууль эрх зүйн орчинг сайжруулж үндэсний үйлдвэрлэлийг дэмжих цогц бодлоготой болох цаг хаалга тогшоод удлаа. Даанч манай төр хаалгаа тавихгүй байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэхээр "АПУ”-г биш бүр өргөн агуулгаар нь үйлдвэрлэгч орон болох үндэсний том цогц бодлогыг боловсруулах хэрэгтэйг сануулсаар. Уг нь төр түшилцэж байгаа нөхдөд дотор ийм хэмжээний бодлогод санаархадаг хүн цөөн ч гэсэн бий. Тухайлбал, УИХ-ын Х.Баттулгын байр суурь бол яах аргагүй манайд хэрэгтэй зүйл. Даанч цаана нь сууж байгаа олигархиуд хөдөлгөхгүй юм.

 

     Манай төрийн түшээд, Засгийн газар ерөөсөө панзчны сэтгэлгээгээр ханддаг. Өөрт байгаа зүйлээ шахаж, тэр мөнгөө сонгуулиас сонгуулийн хооронд идэхийг зорилгоо болгодог. Нэг ч үйлдвэр барихыг зорьдоггүй. Гадны гар хөл болсон олигархиудаасаа ч салахыг хүсдэггүй. Үнэнийг хэлэхэд манай ард олон ч мөн чанарыг нь ойлгодоггүйгээс байдал хэвээрээ л байх болно. Улс орны эдийн засгийг бүрдүүлж байгаа бизнесмэнүүдээ дэмжих хамгийн зөв гарцийг сонгохоос өөр аргагүй.

 

     Шинээр "шийдлийн” гэх сүржин нэртэй Засгийн газар байгуулагдаад ажилдаа ханцуй шамлаж байгаа ч аанай л өнөөх өмнөх Засгийн газрууд шигээ панзчны сэтгэлгээгээ цухалзуулаад эхэллээ. Өөрсдөө хөдөлгөж чадахгүй байгаа стратегийн орд газрыг ч үндэсний томоохон үйлдвэрэгчдэд өгчих хэрэгтэй. Уг нь энэ төрд мануухай болж суугаа 76 нөхөр энэ мэт хууль эрх зүйн орчинг л бүрдүүлэх үүрэгтэй болохоос биш панз наймаа үсэргээд бай гэж ард түмэн сонгоогүй юм шүү дээ. Өнөөдөр гацаанд байгаа Оюутолгой, Тавантолгой орд газрын гацааг ийм олигархижсан төр гаргаж чадахгүй, тэд наймаалцах маягаар л эдийн засгаа өсгөх оролдлого хийнэ. Тэгэхээр төрд найдахаас бизнесмэнүүддээ найдах нь чухал боллоо. Тэр Оюутолгой, Тавантолгой гээд стратегийн томоохон орд газраа харийнханд алдаж байхаар үндэсний томоохон үйлдвэрлэгчдэд өгчих хэрэгтэй. Тэд ямартай ч манай төрөөс илүү авч явнагэдэг итгэх хэрэгтэй.

С.Ууганбаяр   

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>