М.Энхболд бол “Адгийн шаар” юм!!!

530

Ц.Сандуйг яллаж, Д.Амарбаясгаланд холбогдох хэргийг хав дарж байгаа тэр прокурор хэн бэ?

УИХ-д олонх болсон МАН-ын гишүүдийн нэр холбогдсон, түүнээсээ “мултарсан” гишүүдийн тоо барагдахаа болив. Харин ийм нөхдийг УИХ-д нэр дэвших “виз” олгосон М.Энхболд “энхийн цагаан тагтаа” болж үлдсэн. УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд, санаатай санамсаргүйг бүү мэд ялагдсан тэр юугаараа хохирсон юм бэ. Тарьсан үр хөврөлийг нь хар даа! Өнөөдөр МАН-ын төлөө яг мал шиг зүтгэж явсан Ц.Сандуй гэдэг хүнд 8-10 жилийн ял тулгасан сурагтай. Хэн ял төлөвлөж байна гээч! МАН-ын генсек Д.Амарбаясгаланд холбогдох хэргийг Нийслэлийн прокурор дээр хариуцаж байгаа, Д.Амарбаясгалангийн сайн найз байж таарав.  Ц.Сандуйг яллаж, Д.Амарбаясгаланд холбогдох хэргийг хав дарж байгаа тэр прокурор бүсгүйн тухай дараа өгүүлнэ. Энэ бүхэн улстөржөөд хэтэрхий хол явчихаж! 

М.Энхболд таны өсгөж өдий хүргэсэн “үр могойнууд”! Газрын наймаачин гэх хочноос та гайхалтай бултаж чаддаг. Бүр хуулийн баримт бичгийн аргаар шүү. Харин Ц.Сандуйд газрын наймаагаа зааж өгснөөс яаж бултдгийг зааж өгөөгүй биз. Танай нам “60 тэрбумын схем” гэгч аргаар албан тушаал наймаалсан нь ажил хэрэг болсон бол Ц.Сандуй, А.Ганбаатар биш нам л бэлтэй болно. Үнэн хэрэгтээ намын удирдлагын гарын үсэг атгаж ороод л сайдтай танилцаад, үзүүлээд ажилд орж байхыг би өөрийн нүдээр харсан. Сайд нь газрын даргаа судалж байгаад ажилд авдаг юм уу, гарын үсэг хараад, гар барьж танилцаад газрын даргын албыг өгдөг юм уу? Ёстой заваан томилогоо болж байсан. Ард нь Та байсан. Тэр нууц гарын үсэг хэнийх байсныг хараагүй ч та энэ үйл явцыг мэдэж байсан. Гэхдээ л хэний төлөө гэдгээс үл шалтгаалан Ц.Сандуй ял авах нь. Авах ч ёстой биз, тэгээд ч танай намынх биш болсон. 

Тэгвэл Д.Амарбаясгалан гэж хэн бэ? Ц.Сандуйгаас “илүү” болохоор МАН-ын генсек болсон байх. Тэр илүү чинь хэдэн “хулгайч” төрүүлэв. Өөрөө яаж өөрчлөгдөв, хар! Д.Амарбаясгалангийн Тагнуулын ерөнхий газарт “шахсан” дэд даргыг хар. Тэр томилгооны ардах хэдэн зуун сая төгрөг Таны нэртэй холбогдож явдгийг мэдэх үү?Түүний томилсон Д.Мөнхжаргал гэдэг “эгч” нийслэлийг яаж бужигнуулж байгааг хар. 

М.Энхболд та адуутай хүн. Д.Амарбаясгалан хэзээдээ нэр дэвших тойрогтоо хурдан удмын адуу бэлэглэх бэнчинтэй болчихов. Эх үүсвэр нь хаанаа байна? Ерөнхийлөгчийн сонгуулийн “кондутор” хийснийх үү, ЖДҮХС-с 60 тэрбум төгрөг тараасан, өөрийнхөө хоёр компанид хүртэл ичгүүр сонжуургүйгээр авснаас ингэж их “малжчихав” уу? Адуунаас гадна ямар малтайг нь андуудаасаа асуучихаарай. 

Д.Амарбаясгаланг би “нүүрсчин” биш хэвлэлийн газартай байхаас нь мэднэ. У.Хүрэлсүх Ж.Мөнхбатыг “нүүрсний хулгайч” гэж хашхирсан шигээ Д.Амарбаясгаланг тэгж хэлж чадахгүй байгаа нь “хамтрагчид” болохоор амргүй байдаг биз. Одоо түүний нуусан, бусдад хадгалуулсан компани, орон сууц, автомашины тоо арван хуруунд багтахгүй боллоо. Гэхдээ яг тан шиг “Надаас юу ч олохгүй, тийм юм байхгүй” гэж мушилзаж хариулдаг. Яагаад Д.Амарбаясгаланг АТГ шалгаж байхдаа шийдвэрлэхэд байтугай дуудаж асуухад хүнд байсан, ямар нөлөөлөл, дарамт ирдэг байсныг “За яахав ээ” гэдэг ахаас асуугаарай. 

Таны цуглуулсан залуус иргэдийн төдийгүй намынхны дургүйг оргилдоо тултал барсан учаас парламентын гаднаас У.Хүрэлсүх “хаалга өшиглөн” орж ирээд багаар чинь хөөж гаргасан. Харамсалтай нь “өлөн” залуус дагуулж ирсэн учраас өнөөдөр “Идэхээ болиоч, идвэл хөөнө шүү” гэхээс өөрөөр яахаа мэдэхгүй, эргэн тойрныхон нь энд тэндгүй “хумсалсаар” аргыг нь барж байна. Ингэж “Хулгайч хулгайчаа төрүүлсэн. 

М.Энхболд танд хамгийн их дургүй хүрдэг зүйл бол МАН-ын залуусын талцал, зөрчил, урвалт. Та өөрөө улс төрийн шийдэл гаргахгүй ажиглаж суудаг, сайн хүн болох гэж сарвалзсан залуус нь “галд шатдаг”. Өчигдөр таныг дагаж байсан залуус өнөөдөр шоронд орохыг хүсээгүй л бол МАН-ын “ЖДҮ-чин, концессчин, тендерчин хулгайчууд”-тай эвлэрэхээ тангараглаад амаа хамхиж байна. Олон ч залуус урвалаа. Зарим нь ялаа хүлээж байна. Та “гэмт хэрэг”, баяжиж хөлжсөн арга барил, улмөрөө нуусан ч залуус чадсангүй. Тиймээс илчлэгдэнэ. Юм үнэнээрээ сайхан. Гэмийг нь дэлгэх энэ залуусаа муулахын өмнө “дээжээс” нь танд барьж байгаа юм. Хамгийн их гэмтэй, “адгийн шаар” учраас та хохирол бага амслаа. Гэвч М.Энхболд Та бол “Адгийн шаар”! 

У.Оргилмаа

Эх сурвалж: baabar.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>