МАН “эцэг хууль”-иар эрхэлж дуусахгүй нь

32

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа. Ингэхдээ УИХ-ын  нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан болон Ерөнхийлөгчийн саналыг нэгтгэх байдлаар их л нямбайлан хэлэлцэж байгаа мэт. Гэвч үнэн хэрэгтээ зарим гишүүний хэлсэнчлэн “дордуулсан долоон заалт”-аасаа ч долоон дор болж мэдэхээр болжээ.

Анх хуулийн төслийг өргөн барих үедээ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “”Аливаа улсын Үндсэн хууль нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, төрийн байгууллын үндсийг тогтоосон эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг, гол хууль нь байдаг билээ. Энэ ч жам ёс, жишгийн дагуу Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөөд 27 жил боллоо. Энэ хугацаанд нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгджээ. Гэхдээ улс орны хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилтыг урагш ахиулахын тулд Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий болсон гэж үзэж байна...  ...Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа, ард иргэдийн төлөөллийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлдэг парламент, урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар, хараат бусаар шударга шийдвэр гаргах чадвартай шүүх, нутгийн удирдлагын боловсронгуй тогтолцоог бэхжүүлэхэд гол анхаарлаа хандууллаа. Эдгээр 4 багц асуудлаар Үндсэн хуулийн 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28,5 хувийг эзэлж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулахад эх хуулийнхаа үзэл баримтлал, үндсэн зарчмыг ягштал баримталсан” гэж тодотгож байсан. Гэтэл Ерөнхийлөгч саналаа хүргүүлснээс хойш анх онцолж, зайлшгүй өөрчлөх ёстой хэмээж байсан, мөн Ерөнхийлөгчийн төсөлтэй зөвшилцүүлэн байж хэлэлцэж байгаа зэрэг нь өдгөө ердөө л барьцаа, наймааны шатанд оччихов уу хэмээх хардлагыг төрүүлэх болж. Тиймдээ ч “их засвар” бус ердөө л “косметик” буюу өнгөн засвар хийх бололтой.

Энэ нь Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн 108 болгож, 5 жилийн хугацаатай байх асуудалтай салшгүй холбоотой гэдэг нь ч илэрхий. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн л гэхэд дээрх тоон дээр саналаа нэгтгэж чадахгүй 10 гаруй хоног хуралдсан. Арай хийж 99 гэдэг тоон дээр тогтсон. Хоёрдахь хэлэлцүүлгийн үед одоогийн байгаа хэвээр явахаар болсон. Энэ мэтчилэн хоёрдахь хэлэлцүүлгийн явцад хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Байнгын хороод, гишүүдээс зарчмын зөрүүтэй 150 гаруй саналын томьёолол гаргасныг хэлэлцэж эхэлсэн.  

Харин өнгөрөгч баасан гарагт МАН-ын бүлэг хуралдаж, Ард нийтийн санал асуулга явуулахыг оролцсон гишүүд 100 хувийн саналтайгаар дэмжсэн. Ингээд бямба гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтээс асуух эсэх асуудлаар санал хураахад  57 гишүүн дэмжсэн. Ингээд хэдэн сар хэлэлцэж, хэлэлцүүлсэн хуулийн төсөл гэнэтхэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтээс асуухад тулж, дахин гацсан хэрэг. Үндсэндээ УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Аль нэг нам олонх байгаа үедээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол олон нам байгаа нөхцөлд хэн хэнээ шантаажлаад урагшлахгүй, сайн ч хууль болохгүй” хэмээж байсан нь талаар болох нь. Өдгөө тэрхүү эрхийг 65 суудал олгосноор МАН-д эрхийг нь өгчихөөд байхад өөрсдөө дотооддоо учраа олж чадахгүй, дахин ард нийтээс асуухдаа тулж байна. Тэгэхээр МАН-ын бүлэгт Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, нийгэм, эдийн засаг, ард нийтэд ашигтай, хэрэгтэй болгох бус зөвхөн өөрсдөдөө л шаардлагатай заалтуудыг тусгахын тулд “засвар” хийх гээд байгаа нь илэрхий боллоо.

Р.Саруул

Эх сурвалж: erennews.mn

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.