МАН-ын нөлөө бүхий гишүүд УИХ-ыг тараахгүй гэж тохирчээ
УИХ тарж, ээлжит бус сонгууль зарлах нь гэж бүтэн сар оволзлоо. Улс төрийн намууд ч ил далд бэлтгэлээ базааж, УИХ-ын гишүүд, нэр дэвших сонирхолтой нөхдүүд тойргоо "тойроод” эхэлсэн.
Яг үнэндээ УИХ-ыг тараах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ч удаа албан ёсоор тавиад УИХ түүнийг нь хүлээж аваагүй юм. Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гарын үсэг цуглуулсан. Арав гаруй гишүүн гарын үсгээ зурсан. Яваагүй. Гэхдээ энэ нь жинхэнээсээ гэхээсээ намын даргадаа тавьсан "санал” төдий байсан гэдэг. Удалгүй, хэдхэн сарын дараа түүний нэр холбогдсон концессын гэрээний төлбөр хийгдээд эхэлсэн байдаг юм.
Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Бүлгийн хуралдаанаар УИХ-ыг тараах тухай хөндөөд ч нэмэргүй. Ээлжит бус сонгууль зохион байгуулах хуулийн хугацаа ч байхгүй. Тэгэхээр МАН-ын бүлэг өнөөдрөөс 2020 оны төсвийг хэлэлцэж эхэлнэ гэсэн үг.