Үг шидтэй

606

Үг шидтэй

 

Г. Төмөрзаяа хуудаснаас

Өнөөг хүртэл үл мартагдах гэгээн дурсамжуудаасаа хэн нэгэнд хэзээ нэг хэрэг болж магад гээд цувралаар өгүүлэн үлдээнэ ээ.

Би багаасаа л цэцэрлэг, сургууль амрав уу үгүй юу хөдөө эмээ рүү очиж, хичээл орохын урд өдөр л төв рүү ирдэг эмээгийн, хөдөөний, малчин охин байлаа. Эмээгийн надад үлдээсэн үнэлж баршгүй оюуны их өвөөс "ус"-тай холбоотойгоос нь эхлэе.

Эмээ өглөө эрт босно оо. Намайг ч унтуулахгүй. Өглөө бүр миний хамгийн түрүүнд хийх ажил бол холоо харагдах хайрханы бэл дэх булгийн эхээс хоёр сав рашаан авчрах..

Эмээгийн захьдаг үг "Булаг рашаандаа залбирч талархаад, бодол хүслээ сайн ярилцаж бай. Тэр хэсэгхэн жижиг чулуу, элсэн дундаас оргилон гарч буй рашаан чинь лусын эзэн нь, хамгийн хүчтэй нь, хүн биднээс ч илүү. Ээ дээ, усанд саваа дүрж болохгүй, ойр хавьд нь шүлсээ ч хаяж болохгүй...". Эмээгийн үгс хууль болохоор эхэндээ хүчээр, алсдаа хүсээд булаг рашаантайгаа их л ярилцдаг боллоо. Чухам юуг ярьж хөөрөлдөж явснаа тухайлан сайн санахгүй ч бяцхан зүрх лавтай муу муухайг уудлахгүй биз ээ. Юутай ч "Том болоод сайн хүн болно оо" гэж ярилцаж байснаа л санах.. Сайн хүн гэдэг нь яг ямар ч хүн юм хэхэ ��

... Өсөж торниод шинжлэх ухаантай танилцахнээ, "Насанд хүрсэн хүний биеийн 70 орчим хувийг ус эзэлдэг" гэнэ. Тэр тусмаа ус нь мэдээлэл зөөвөрлөгч гэдгийг Японы эрдэмтэн Эмото Масару туршилт, судалгаагаар хэдийн батлан харуулжээ. Өөрөөр хэлбэл мууг бодож муухайг үйлдвэл өөрөө түүгээрээ эрчимждэг. Тийм ч учраас ерөөл, хараал гэж байдаг л байх нь, нөлөөлдөг болох нь...

Мөн эмээ минь "- Чишшш... Амны бэлгээс ашдын бэлгэ, муу ёртой хогов" гэж ирээд л тааруу зүйл яриулахгүй, өөрөө ч хэлж ярих, сонсох зүйлдээ их л цээр тавьдаг байж билээ.

Бодохнээ, бид нээрээ л хэлж ярьсан, сонссон, бодсон үгийнхээ үйлийнхээ тойрогт амьдарч түүгээр бодол хөвөрч амьдрал зүс ордог эсвэл зүс гунддаг байх нь.

Үгийн хүч үнэхээр их юм билээ. Хэдүүлээ бие биеэ ерөөж дийлэхгүй юмаа гэхэд хараахгүйхэн шиг, талархах шалтгаан олдохгүй юм гэхэд гоочлох шалтаг хайхгүйхэн шиг байя. Бүтээж буй нэгнээ битүүхэн сэрдэж атаархдаггүй, бүлээн дулаан урмын үгээрээ илүү сайн хийх итгэл эрчийг нь нэмж суръя. Хэнд хэрэгтэйв бидэнд бүгдэд хэрэгтэй. Хүний мөстэй, хүсэл мөрөөдөлтэй, гэрэл гэгээтэй ирээдүйд хэрэгтэй.

Үгийн хүч үнэхээр их юм билээ. Хэдүүлээ үр хүүхдээ айлын хэн нэгтэй жишиж арчаагүй, адгаар нь дуудахгүй өөрт нь байгаа онцлогийг таньж өнгөлөн тордъё. Алдсанд нь шийтгэл биш ахисан, чадсанд нь урам дэм өгч байя.

Элдэв түмэн мэдээлэлд цэнзүүртэй байж эерэг ганцыг ч гэсэн харчихдаг байя, түгээдэг болъё. Тэгвэл бидний ухаан саруул, нийгэм эрүүл.

Эцэст нь, бидний биеийн 70 хувийг ус эзэлдэг. Ус мэдээлэл хадгалдаг, дамжуулдаг. Энэ чанарыг ашиглаж байгалийн болон биеийн усаар дамжуулж олон сэтгэл заслууд ч хийгддэг юм билээ.

ГАЙХАЛТАЙ УХААЛАГ ӨВӨГ ДЭЭДЭС, БУУРАЛ ААВ ЭЭЖ, ӨВӨӨ ЭМЭЭДЭЭ ТАЛАРХАН ЁСЛОЁ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>