ОЮУ ТОЛГОЙ | III улирлын тайлангаас онцлох ГУРВАН зүйл

488

Саарал жагсаалтын өнгө будаг улс төрийн хүчнүүдийн өнгө будагтай сүлэлдэн байгаа энэ өдрүүдэд Монголын хамгийн том төсөл гэгдэх “Оюу Толгой” төсөл гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Саарал жагсаалтын өнгө будагтай адилаар гуравдугаар улирлын тайлан тийм ч базаахгүй байх нь. Бүх үзүүлэлт буурч, гүний уурхайн санхүүжилтээ хайсан дүр зураг том төслийг тойрч байна. Саарал жагсаалт одоохондоо мэдрэгдэхгүй ч хөрөнгө оруулалт хайж эхэлмэгц л мэдэгдэх байх гэсэн айдас сүлдэндээ тэмээ залсан том төслийнхний удирдлагуудад бий. Сөрөг үзүүлэлттэй эерэг хүлээлттэй “Оюу Толгой”-ын гуравдугаар улирлын тайлангаас онцолж харах ёстой гурван зүйлийг та бүхэнд танилцуулъя.

СӨРӨГ ҮЗҮҮЛЭЛТ. ГЭХДЭЭ...

Том төслийн гуравдугаар улирлын тайлан сайн мэдээ дуулгахгүй байх нь. Зэс, алтны олборлолт, боловсруулсан хүдрийн үзүүлэлт, үйлдвэрлэсэн баяжмал, баяжмал дахь зэсийн хэмжээ, баяжмал дахь алтны хэмжээ  бүгд өмнөх улирлынхаас буурсан. Тухайлбал тайлант хугацаанд нийтдээ 28.446 тонн зэс олборлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 27.8 хувиар бага байв. Мөн энэ хугацаанд 52.6 мянган унц алт олборлосон нь өмнөх оныхдоо харьцуулахад 66.8 хувиар бага. Үйлдвэрлэсэн зэсийн баяжмалын хэмжээ өмнөх улирлынхаас 27.2 хувиар, баяжмал дахь зэсийн агууламж өмнөх улирлаас 27.4 хувиар, баяжмал дахь алтны хэмжээ өмнөх улирлаас 64.3 хувиар буурчээ.

Зэс, алтны дундаж агуулга буурна гэдгийг компани энэ жилийн урьдчилсан төлөвлөгөө боловсруулахдаа л тооцоолж байж. Учир нь агуулга өндөртэй олборлолтын үе шат болох 4А олборлолт дуусаж, төлөвлөгөөний дагуу 4В үе шат буюу бага агуулгатай овоолгын хүдрийг олборлож эхэлсэн нь гол шалтгаа аж. Түүнчлэн аравдугаар сард хийх ёстой басан баяжуулах үйлдвэрийн түр зогсолтыг есдүгээр сард хийсэнтэй болсонтой холбогдуулж дээрх үзүүлэлт буурчээ.

“Ийм зүйл болно гэдгийг тооцоолж байсан. Ил уурхайн ажиллагаа 4А-4В болж шилжсэнтэй холбоотойгоор зэс, алтны гарц ирэх оны гуравдугаар улирал хүртэл буурах төлөвтэй” гэж “Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес ярьсан юм.

ГҮНИЙ УУРХАЙ “ЯВЖ Л БАЙНА”

Өнгөрсөн зургаадугаар сард гүний уурхай төлөвлөсөн хугацаанаасаа хойшилно гэдгээ албан ёсоор зарласнаас хойш гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж буй аж. Тэртээ тэргүй хойшилсон юм чинь гээд зүгээр суугаагүй гэдгийг гуравдугаар улирлын тайлангаас харж болохоор байна. Өнгөрсөн хугацаанд гүний уурхайн хоёрдугаар босоо амны үйлчилгээ болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурилуулах ажлыг хийж албан ёсоор дуусгаад байна. Зөвхөн үүнээс гадна дулаан хангамжийн бүтэц, бутлуурын систем болон чулуулаг тээвэрлэх дамжуургыг ч суурилуулаад байна.

Гуравдугаар улирлын тайлант хугацаанд тэр дундаа есдүгээр сард нийт 1385 метр хөндлөн малталт хийжээ. Гүний уурхайг хөрс, чулуулгийн байдлын судалгааг эрчимтэй хийж, олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаа аж. Ойрын хугацаанд тайлан мэдээ гарах бөгөөд тэр даруйд нь олон нийтэд мэдээлнэ гэлээ.

“Анх өрөмдлөг хийхэд хүдрийн биежилт болон геотехникийн үнэлгээ тодорхой болдоггүй. Аль нэг хэмжээ хүртэл ухаад үйл ажиллагаа хийгээд, агуулга өндөртэй хэсэгт хүрээд ирэхээ геотехникийн үнэгээ тодорхой болдог. Бид ч мөн адил энэ замаар явж байна. Одоогоор геотехникийн 1000 дээж цуглуулаад байна. Үүнийг дэлхийн шилдэг мэргэжилтнүүдээр шинжлүүлнэ. Судалгааны ажил яг одоо үргэлжилж байгаа” гэж Армандо Торрес ярьсан юм.

Бүтээн байгуулалтын ажил хойшлогдож магадгүй тул анх тооцоолсон зардал нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн хугацаанд “Оюу Толгой” компанийн борлуулалтын орлогоос 1.2 тэрбум ам.доллар, хөрөнгө оруулалтаас 735 сая ам.доллар, хувьцааны арилжаанаас 515 сая ам.долларыг гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад төвлөрүүлжээ. 

Өнгөрсөн есдүгээр сард “Канакорд” санхүүгийн судалгааны хүрээлэнгийн ажлын хэсэг “Оюу Толгой”-н үйл ажиллагаатай танилцсан. Уг ажлын хэсэг Зээлийн нөхцөл, цаашид ажиллах нөхцөл байдлын шинжилгээ хийсэн энэ байгууллага нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэж үзээд байна.

 

СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН НЬ НӨЛӨӨЛЖ МАГАДГҮЙ

Яг одоогоор бол саарал жагсаалтад багтсан эсэх нь компанийн үйл ажиллагаанд ноцтой нөлөөлөөгүй байна. “Оюу Толгой” төслийн хамгийн чухал, хүлээгдэж буй хэсэг болох гүний уурхай хойшилсонтой холбоотойгоор баталгаажсан хөрөнгө оруулалт 5.3 тэрбум ам.доллар болсон. Гэхдээ тухайн үедээ хөрөнгө оруулагчдаас 4.4 тэрбум ам.долларыг босгож чадсан юм. Үлдсэн хэсгийг нь одоо босгох шаардлага бий. Чухамдаа хөрөнгө оруулагчдаас “мөнгө гуйхад” л саарал жагсаалтын саар нөлөө мэдрэгдэж эхлэх хандлагатай байна.

“Энэ бол хувьцаа эзэмшигчдийн шийдэх асуудал учраас тодорхой байр суурь илэрхийлэх боломжгүй. Гэхдээ хөрөнгө оруулалтын үлдсэн хэсгийг босгох үйл ажиллагааны явцад л саар нөлөө юу, эерэг нөлөө үзүүлэх нь үү гэдэг нь мэдэгдэх байх. Яг одоо хувьцаа эзэмшигчид үлдсэн хөрөнгө оруулалтаа хэрхэн босгох талаар ярилцаж байгаа” гэж Армандо Торрес ярьсан юм.

Гуравдугаар улирлын тайлан мэдээг танилцуулахаас өмнөх долоо хоногт Австралийн санхүүгийн салбарын “Financial Review” сэтгүүл Монгол Улс саарал жагсаалтад орсон нь гол хөрөнгө оруулагч Рио Тинто хөрөнгө оруулахдаа санхүүгийн сахилга батыг сахих ёстой гэх агуулга бүхий мэдээлэл нийтэлсэн. Монгол Улсын дотоодын зах зээл нь мөнгө угаалтыг дэмжсэн, терроризмыг санхүүжүүлж байх эрсдэлтэй тул “Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулалтыг ч чангатгах ёстой гэж хатуу байр суурийг уг нийтлэлд тусгасан байсан билээ.

Жич: “Оюу Толгой” компани 2019 оны гуравдугаар улирлын байдлаар 161 сая ам.долларыг төсөвт, 85.5 сая ам.долларыг харилцагчдын НӨАТ-д тус тус төлжээ.

* * * 

Рио Тинто компани өнгөрсөн долоо хоногт гуравдугаар улирлын тайлангаа танилцуулахад “Оюу Толгой” төслийн зэсийн баяжмалын гарц 28 хувиар унасан гэдгийг мэдээлж байлаа. Энэ мэдээлэл цацагдсан даруйд хөрөнгө оруулагчид яаралтай хуралдаж төслийн ирээдүйн талаар хэлэлцсэн билээ. Өнгөрсөн есдүгээр сард “Канакорд” санхүүгийн судалгааны хүрээлэнгийн ажлын хэсэг “Оюу Толгой”-н үйл ажиллагаатай танилцсан. Уг ажлын хэсэг Зээлийн нөхцөл, цаашид ажиллах нөхцөл байдлын шинжилгээ хийсэн энэ байгууллага нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэж үзээд байна. шинжилгээнээс харвал дараах хэд, хэдэн асуудал урган гарсан юм. Төслийн нэмэлт санхүүжилтийн хэмжээ өссөн нь эргэлзээтэй байгаагаас гадна Монгол Улсын Засгийн газар байгуулсан хэлэлцээрийг дэмжин ажиллах итгэлцэл дутмаг гэж дүгнэжээ.  Үүнээс Рио Тинтод ч, Монголын Засгийн газарт ч асуудал байгааг нь харагдаж буй тул итгэлцлээ нэмэгдүүлэх ёстойг Канакортын шинжээчид онцолжээ.

“Яг одоогийн байдлаар 3.4 тэрбум долларын өр (төслийн санхүүжилт болон цахилгаан станцын дэд бүтцийн санхүүжилт), 500 сая ам.долларын хөрөнгийн санхүүжилт гэж бид тооцоолж байгаа” гэж Канакорд судалгааны төвийн шинжээч Далтон Барретто ярьжээ.

Том төслийн тайлан туйлын базаахгүй байгаа ч бүх зүйлийг төлөвлөсөн. Төлөвлөсөн учир эерэг үзүүлэлт тийш хөтөлж буйг “Оюу Толгой”-н удирдлагууд тайлбарлалаа. Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсон ч гэсэн хийх ёстой гүйцэтгэлийн ажлууд төлөвлөгөөний дагуу явж байгааг сануулсан юм. Эдийн засгийн хүнд үед хөрөнгө оруулалт татахаар хөрөнгө оруулагчид хэлэлцэж байна. Ойрын хугацаанд шийд гарна.

 

Б.Болорсүх   

Эх сурвалж: Zindaa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>