Рио Тинто "Оюу толгой"-н зардал нэмэгдэж уурхайн олборлолт эхлэх хугацаа 2023 он болж хойшилсон тухай мэдэгдлээ

702

Монголын говьд хэрэгжүүлж буй "Оюу толгой"-н гүний уурхайн төслийнх нь хөрөнгө оруулалт 1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэх нөхцөл үүссэн тул үйлдвэрлэл эхлэх хугацааг дахин хойшлуулахаар болсныг Рио Тинто анхааруулсан талаар Financial Times мэдээлжээ. 

Англи-Австралийн хамтарсан уул уурхайн тус компанийн мэдээлснээр "Оюу толгой" төслийн газрын гүний нөхцөл байдал улам хүндрэлтэй болсон тул хүдрийн биетийг олборлох аргачлалаа бүхэлд нь эргэн харахаас аргагүй болсон аж. 

Ингэснээр 5.3 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр болж байна. Үүнийг дагаад 2022 оны тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байсан гүний уурхайн зэсийн үйлдвэрлэл 2023 оны зургаадугаар сар буюу 16-30 сараар дахин хойшлохоор болж буй аж. 

"Гүний уурхайн төслийн барилгын ажлын хүрээнд 2019 оны турш бидний хэрэгжүүлсэн тодорхой ажил хэд хэдэн ахиц авчирсан" хэмээн Рио Тинтогийн Өсөлт, инновацын группийн захирал Стивен Макинтош хэлээд "Гэсэн хэдий ч газрын нөхцөл байдал, хөрсний чанар бидний тооцоолсноос хүнд сорилт болж буй тул олборлох төлөвлөгөө болон зарим сонголтоо эргэн харах шаардлагатай болж байна" гэжээ. 

Тэрбээр "Эцсийн үнэлгээг хийхэд илүү их ажил шаардаж байгаа" гээд уурхайн төлөвлөлтийн аргыг тусгасан хөрөнгө оруулалтын үнэлгээ, нөхцөл байдлыг ирэх жилийн дунд гэхэд эцсийн байдлаар мэдээлнэ гэдгийг хэлсэн байна.

Энэ нь төслийн үнэ цэнэтэй холбоотой асуудал. Тиймээс Рио Тинто групп ирэх сард мэдээлэх хагас жилийн тайлангийнхаа үеэр тус төслийн үнэ цэнийн бууралтын талаар мөн мэдээлэх аж.

Хэдийгээр "Оюу толгой" шиг цогц том төслийн хувьд хугацааг дахин хойшлуулах нь хэвийн бус үзэгдэл биш ч уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Рио Тинто группийн хувьд энэ нь эмзэг тусаж буй.

Түүнээс гадна "Оюу толгой" нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр төдийгүй улстөрчдийн мэтгэлцэх гол сэдэв болдог Монгол орны хувьд энэ нөхцөл хурцадмал байдлыг улам гааруулах эрсдэлтэй.  

Хэдийгээр Рио Тинто "Оюу толгой" төслийг гүйцэтгэж буй ч шууд хувьцаа эзэмшигч нь биш. "Оюу толгой" төслийн 66 хувийг Туркойз Хилл Рисурс(TRQ) эзэмшдэг бол 34 хувь нь Монголын Засгийн газрынх. Харин Рио Тинто нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TRQ-ийн 50.8 хувийг эзэмшдэг билээ. 

Эх сурвалж: Financial Times

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>