Монгол хийцийн хөгжим

3706
Монгол хийцийн хөгжимМонгол малчин хөгжмийн зэмсэг бүтээсэн" гэвэл европынхон үнэмших боловуудаа! Тэд нар толгой сэгсрэн "Италиуд л тийм юм хийдэг байсан биш үү?" гэх тооны юм хэлж мэднэ. Дэлхий дахины хөгжмийн зэвсгийн санд гурав дөрөвхөн аргаар дуу авиаг хөг, аялгуу болгох боломжтой арваад төрлийн хөгжмимдөх зэмсэг байгаа билээ,

1. Үлээх аргаар дуу аялгуу гаргадаг бүрээ, бишгүүр, цоор, дун, бялар лимбэ гэж бий. Тэднийг үлээвэр хөгжимгэж нэрлээд хумүүс амаараа хий үлээж өндөр нам, өргөн нарийн дуу "үйлдвэрлэдэг”

2. Чимхүүрдэх, самардах аргаар дуу аялгуу гаргадаг гитар, лютня, мандолина гэхчилэн өрнөдийн нэртэй хөгжмуүд бий. Тийм хөгжимд зэс, төмөр зэрэг утас хэрэглэдэг учир "утсан хөгжим” гэх нь бий.

3. Тонших, товших, дэлдэх аргаар дуу гаргаж хэм хэмжээ, өндөр намыг зохицуулдаг зэмсэгуүдийг бараг л ижилхэн хэнгэрэг, бөмбөр гэж нэрлэнэ. Бас дамар гэж бий. Арьсан бүрээстэй хөндий , голдуу дүгрэг сав маягийн зэмсэг юм.

4. Тусгай нумаар хавирах хөрөөдөх, үрж дуу аялгуу "үлйдвэрлэдэг” зэмсгүүдийг хуур, хуучир, хийл гэх мэтчилэн нэрлэнэ. Гол төлөв хялгас, утсан /төмөр, зэс/ дээгүүр хялгасан татуургатай нумаар нааш цааш хөрөөдөн хувирал аргаар аялгуу гаргадаг. Өрнөдөд хийл /скрипка/алдаршсан, дорнодод бол монгол морин хуур сонгодог нь болсон билээ.

5. Хангинуулах, харшуулах маягаар туслах чанарын дуу авиаг зохицуулан найрал хөгжимд хэрэглэдэг цан, дэнсэл гэхчилэн туслах чанарын хөгжмийн зэмсэгүүд бас бий.

6. Даралтат хөгжмийг голдуу өрнөдийнхөн /итали/ зохион бүтээж янз бүрээр нэрлэсэн боловч /пианино, рояль/ фортепьяно ерөнхий зохиомж нь орйолцоо адил бөгөөд дуу хөгжмийн бүхий л өнгийг гаргаж чадах олон даралттай /64/ боловсронгуй томоохон бараг л "хөгжмийн суурь машин” гэмээр зэмсэг юм.

     Энэ бүхнийг тоочсоны учир гэвэл монголчууд эдгээрийг мэддэг, эзэмшдэгээр барахгүй нэлээд төрөл зүйлийг нь зохион бүтээсэн ард түмэн юм. Морь унаж, малтай хөөцөлдөхөөс өөр онцлоггүй мэтээр өрнөдийнхөн бичсээр ирсэн. Гэтэл монгол малчин өөрийн биеийг хөгжим болгодог хөөмий, уртын дуу, исгэрээ, дандилдаан/ төдийгүй малынхаа эвэр, чөмөгний яс мэтээр өвөрмөц хөгжмийн зэмсэг бүтээж хэрэглэсээр ирсэн ард түмэн билээ. Малынхаа /бог мал/ чөмөгний ясаар үлээвэр хөгжим /лимбэ, цоор/ хийж хөгжимддөг байсныг бүүр хүн гүрний үеийн булшнаас ч нэг биш удаа гарсан нь гэрч болно.

     "Малаас авсан гурван хөгжим” гэж би урьд нь өгүүлэл бичсэн билээ. Тэр гурван хөгжим бол "Эвэрбүрээ”, "Модон /чөмгөн/ цоор”, "Шанаган хуур" юм.

     Гурав нүхлээд /бөөрөн талд нь/ үзүүр талаас нь үлээж ая дуу гаргадаг зүйлийг "цоор” гэж нэрлэжээ. Түүнийг хийхдээ хулс юм уу, саваа модыг голоор нь хөндийлөөд бөөрөнд нь нүх гаргаад гадуур нь нядалсан хонины түүхий улаан хоолойд углаж хатаадаг байжээ. Улаан хоолой нь мөнөөхөн хөндий модыг гаднаас нь яг бариад хатчихдаг тул хагарч, цуурах зэргээр гэмтдэггүй бас хий алддаггүй, сайн дуутай байдаг ажээ. Цуурыг бас хонины чөмөгний ясаар ч хийдэг байв.

     Монголчуудын тэхийн эвэр ашиглаж хийсэн ятга хөгжим /Алтай/ бол сонгодог зэмсэг билээ.

     "Хэл хуурнаас” /аман хуур/ эхлээд морин хуур хүртэл монгол овогтны бүтээл хөгжмийн салбарт өөрийн байртай явсаар өнөө хүрлээ. Тэдгээрийн дотор цоор, хоомуус, товшуур, морин хуур, бисаанз /хуучир/ Ху жин ер гэж Ху нарын /монгол/ хөгжим гэх хятад үгнээс үүссэн /ятга, бишгүүр , эвэр бүрээ, шанаган хуур, аман буюу хэл хуур, хэнгэрэг, дамар гэхчилэн ихэд нэр гарсан зэмсэгүүд бий. Цан, Дун мэтийг ч монголчууд шар шашны дэлгэрсэн цагаас хойш өргөн хэрэглэдэг болсон юм.

     Монголчууд бид хөгжмийн зэмсэг зохиогоод зогсоогүй түүндээ тохирсон хэдэн зуун дуу бүтээсэн юм. Түүгээр ч барахгүй хөгжмийнхөө зэмсэгээр бахархан түүний тухайд бас дуу шүлэг цөөнгүйг зохиосон ард түмэн юм. Хөгжмийн зэмсэгийн тухай дуу, шүлэг зохиосон өөр ард түмэн ховор. Ер нь дуулддаггүй юм. Монголчууд бүтээсэн хөгжмөө магтан дуулсан олон дуу шүлэг бичсэнээс заримыг дурдвал:  

-"Зуудай модоор урласан
Зүүтэй ёонгороор чавхдал
Зүйтэй яруу намайг гэж ятга гэж нэрийднэ”
хэмээн ятга хөгжмийг магтсан байдаг.  

-"Бишугармайн урласан
Билгийн хуур намайг гэж
Бирю дагинын барьсан
Бишаанз гэж нэрийднэ”
хэмээн "Бишаанз" /Бисаанз хөгжмийг магтсан дууны үг бий .

"Асралт монголын урласан
Агтын    хялгасаар чавхдалсан
Аялгуу сайтай намайг гэж
Ийкэл /айкал хэл/ гэж нэрийднэ
" хэмээн ихэл хөгжмийг бахархан дуулдаг байжээ.

     Өөр бусад хөгжмүүдийн тухайд ч мөн л магтаал дуу байдаг бөгөөд Оросын эрдэмтэн А.Позднеев 1880 онд хэвлүүлсэн "Образцы народной литературы монгольских племен” гэдэг номондоо /Монгол овогтнуудын ардын уран зохиолын дээжис/ дэлгэрэнгүй оруулж, Монгол ардын дуунуудыг анхлан хэвлүүлсэнд үзэж болно.

Хөдөлмөрийн баатар Л.Түдэв

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>