Хар тамхины хэргээр баривчлагдсан дипломат ажилтнууд үнэтэй байранд амьдарч байжээ
Монголын дипломат алба, дипломатчдын нэр хүндийг дэлхий нийтэд шавартай хутгасан Истанбул дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг энэ сарын сүүлчээр шүүхээр товлоод байгаа аж. Бидэнд олдсон мэдээллээр шүүгдэгчдийн өмгөөлөгч, ар гэрийнхэн Германд очжээ. Тэднийг тус улсын хилээр дипломат ачаа нэрээр 70 кг хар тамхи нэвтрүүлсэн хэрэгт буруутган баривчилсан. Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дээрх хэргээс гадна тус улсын хилээр өмнө нь таван удаагийн үйлдлээр 600 шахам кг мансууруулах бодис нэвтрүүлсэн гэх үйлдэлд бас сэжиглэж буй юм.
Яллагдагчдын гэм буруутай нь тодорхой болсон бөгөөд Германы хуулиар олон жилийн хорих ял шийтгүүлэхэд хүрээд байна. Дээрх хоёр хүнтэй холбоотой бас нэг мэдээ дуулгахад, тэд Истанбулд байхдаа тансаг гэхээр орон сууц хөлслөн сууж байсан гэх. Бидэнд байгаа мэдээллээр тэд хөлсөлсөн байрандаа тус бүртээ сарын 2500 евро төлдөг байсан нь саяхан тодорхой болжээ. Гэтэл тус улсад суугаа манай дипломат ажилтнууд сард дээд тал нь 300 ам. доллароор байр хөлслөн суудаг аж.
Г.Галт
Эх сурвалж: Өнөөдөр сонин