Сонгуулийн тогтолцоогоор хоёр намын байр суурь зөрөлдөж эхэллээ

506
 

 

  • Сонгуулийн үеэр facebook хэрэглээг хязгаарлах заалт оруулна


Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. Төсөлд том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог тусгасан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ. Сонгуулийн хуулийн төслийн талаар УИХ дахь МАН-ын бүлэг, Ардчилсан намын зөвлөлийн байр суурийг хүргэе.

Л.Энх-Амгалан: 50:26 гэсэн мажоритар холимог тогтолцоог сонгохоор болсон 

-2020 оны УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах санал дэвшүүлж байна?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа бид "УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтыг хэвээр үлдээсэн. Шууд сонгоно гэдэг нь мажоритар тогтолцоо. Мажоритар тогтолцоог улс нэг тойрог, бүс нэг тойрог, аймаг нэг тойрог, жижиг 76 тойрог, том жижиг мажоритар тойрог гэж тав ангилдаг. Бид энэ удаад том, жижиг мажоритар тогтолцоо буюу холимог мажоритар тогтолцоог сонгож, өргөн барихаар тогтлоо. Үүгээр одоогийн 76 жижиг тойргийг 50 тойрогт хувааж тухайн тойргийн сонгогчид 50 гишүүнийг шууд сонгох юм. Харин үлдсэн 26 гишүүнийг томсгосон нэг тойрогт улс төрийн намаас нэр дэвшүүлж, иргэд сонгоно. Өөрөөр хэлбэл, сонгогч өөрийн тойргийн нэр дэвшигчдээс нэгийг дугуйлахын зэрэгцээ намуудаас нэр дэвшсэн 26 хүнээс нэгийг сонгонж саналаа өгөх юм. Энэ бол холимог мажоритар тогтолцоо. Өмнө нь бид нам дугуйлж, тухайн нам нь хаалттай жагсаалтаар хүнээ гаргадаг байсан бол энэ удаад иргэдэд шууд сонгох боломжийг олгож байгаагаар ялгаатай. Гэхдээ энэ нь пропорциональ тогтолцоо биш гэдгийг онцольё. Жишээлбэл, МАН-аас нэр дэвшсэн 26 улстөрч сонгуульд оролцсон нийт сонгогчдын 50 хувийн саналыг авлаа гэхэд 13 нь УИХ-ын гишүүн болох юм. Ингэхдээ иргэдээс авсан саналаар нь эрэмбэлж, эхний 13 улстөрчийг парламентын гишүүн болгоно гэсэн үг. 

-УИХ-ын сонгуулийн хуульд оруулах анхаарал татсан заалтуудаас дурдвал? 

-Хамгийн гол зарчмын санал нь мөнгөнөөс хамааралтай сонголт хийдгээ л больё гэсэн юм. Онцлох заалтыг дурдвал, сонгуулиар эзэн тодорхойгүй хаягнаас нэр дэвшигчийг гүтгэх доромжлох үйлдлүүд маш их гардаг тул түүнийг хязгаарлахын тулд Facebook компанитай хамтран ажиллана. Мөн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчийн үнэмлэх гардан авснаас хойш хийж болно гэдэг заалт оруулахаар болсон. Харин сон гуулийн зардлыг ил тод болгох үүднээс нэр дэвшигч сонгуулийн зардлаа аудитын байгууллагааар хянуулж, сонгууль дууссаны дараа аудитын тайлан өгдөг тогтолцоог бий болгох юм. Мөн сонгуулийн үеэр тусгай шүүх ажиллуулах санал гаргавал хэлэлцэхэд бэлэн байна. 

Д.Эрдэнэбат: АН Пропорцианаль шинжийг агуулсан тогтолцоог л дэмжинэ 

-МАН-ын бүлэг УИХ-ын сонгуулийг 50:26 гэсэн мажоритар холимог тогтолцоогоор явуулах санал гаргалаа. Энэ нь бусад намуудад яаж нөлөөлөх вэ?

-Манай намын зүгээс Үндсэн хуульд сонгуулийн пропорциональ холимог тогтолцоог тодорхой тусгах санал гаргасан ч МАН унагаасныг олон нийт мэдэж байгаа. Тэгэхээр ирэх сонгууль хуучин тогтолцоогоороо явна гэж ойлгож байна. Одоо өргөн барьж буй хуулиар тойргийг 50:26 гэж хуваана уу, 60:16 болгоно уу хамаагүй. Энэ бол эрх баригчдын эрх мэдлийн асуудал. Хамгийн гол нь пропорциональ буюу хувь тэнцүүлсэн шинжийг агуулсан байвал бид дэмжих байр суурьтай байна. Хэрвээ МАН-ын дэвшүүлсэн 50:26 буюу жижиг 50 тойрог, том нэг тойрог гэсэн холимог мажоритар тогтолцоогоор сонгууль явуулбал иргэдийн олонхын санал авсан 26 хүн л нэг том тойргоос сонгогдоно. Энэ нь жижиг намуудад парла-ментад суудал авах боломжийг тун хомс болгож байна. Сонгодог парламентын гол зарчим бол олон намын оролцоотойгоор асуудлыг шийдэх шүү дээ. Тийм учраас АН пропорциональ тогтолцоог Үндсэн хуульд оруулахын төлөө зүтгээд байсан юм. -Энэ хуулиар ямар өөрчлөлт хийвэл өмнөх сонгуулиудын алдааг залруулж болох вэ?-Анхаарах хэдэн зүйл бий. 2016 оны сонгуулиар нэр дэвшигчийн сурталчилгаанд санаатай болон санамсаргүйгээр саад болох хэлбэрийн маргаан, зөрчил маш их гарсан. Түүнийг энэ хуулиар цэгцлэх ёстой. Мөн сонгуулийн сурталчилгааны хугацаа маш бага байсан. Энэ нь шинээр нэр дэвшиж буй хүмүүст маш муугаар нөлөөлсөн. Тиймээс сонгуулийн сурталчилгааны хугацааг нэмэхэд анхаарч ажиллана. Дараагийн анхаарал хандуулах ёстой сэдэв бол шилжилт хөдөлгөөнийг хянах буюу "царцааны нүүдлийг” хязгаарлах зохицуулалт хийх шаардлагатай. МАН-ын өргөн барьж байгаа төсөл дээр энэ талаар дорвитой өөрчлөлт хийх шинжгүй байна. Сонгуулиас 30 хоногийн өмнө шилжилтийг зогсооно гэсэн заалт байгаа. Бид шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн тойрог тогтоосон өдрөөс зогсоох санал гаргана. Хуулийн төсөлд шинээр цахим сурталчилгааг ашиглах тухай заалтууд ч орж байгаа. Түүнийг иргэд сайн анзаарах хэрэгтэй. Хэрэгжүүлж болох зүйл бий. Тэгэхдээ хэтэрхий нэг талыг барьж, цахим сурталчилгааг хаах нь зөв үү гэдэг дээр АН анхаарал хандуулж байна.

П.Батбөх
ЗГМ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>