Т.Чимгээгийн өмгөөлөгч ноцтой баримтууд дэлгэлээ

559

УИХ дахь ШИНЭ намын Зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдааны үеэр УИХ-ын Түр хороо Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг хамгаалах чиглэлд шинэ нөхцөд байдал үүссэн асуудлаар  өмгөөлөгч С.Оюунчимэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ хэрэгт холбогдоод дөрвөн жил гаруй хугацаанд хоригдож байгаа Т.Чимгээгийн өмгөөлөгчөөр 2015 оны арваннэгдүгээр сараас ажилласан. Энэ хугацаанд Т.Чимгээ нь Эрүүгийн 830, 142 дугаартай хэрэгт холбогдуулан ямар нэгэн үндэслэлгүйгээр сэжигтэн яллагдагчаар татагдаж, улмаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны 03 дугаар шийдэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2017 оны гуравдугаар сарын 11-ны өдрийг 171 тоот дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны наймдугаар сарын 4-ны өдрийн 185 тоот дугаартай тогтоолуудаар шунахайн сэдэлтэй, бусдын захиалгаар Б.Содномдаржаа, Отгонбаатар насанд хүрээгүй Амгаланбаатар нартай бүлэглэж УИХ-ын гишүүн Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэрт нь олон удаа хутгалж онц хэрцгий харгис аргаар урьдчилан төлөвлөж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон гэж яллан буруутгаад өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байна. Тухайн үед шинээр хууль гарсан учраас Дээд шүүхийн тогтоолоор  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11 дүгээр зүйлд зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн юм. Энэ хүн 2015 оны наймдугаар сарын 31-ээс хойш цагдан хоригдож, ял эдэлж байгаа эмэгтэй. Гэтэл хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудаар хуулийн шаардлага хангасан гэж үзэх нэг ч нотлох баримт, яллан буруутгах ямар нэг үндэслэлтэй яах аргагүй энэ хүн энэ хэргийг үйлдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй. Ямар баримтууд байсан гэхээр хэргийн газарт хийгдсэн хурууны хээ, гутлын мөр, үс гээд баримтууд байгаа. Энд Т.Чимгээ Б.Содномдаржаа, н.Отгонбаатар, Ц.Амгаланбаатар нартай холбоотой ямар нэг баримтууд гараагүй, ДНК-ийн шинжилгээний хариу тогтоогдоогүй. Тухайн үед харсан гээд байгаа гурван гэрч байдаг. Хэрэг гарах үед шатан дээр зогсож байсан хоёр хүүхэд Булган гээд гурван гэрчийг оролцуулж таньж олуулах ажиллагааг хийсэн. Гэтэл таньж олуулах ажиллагаагаар эдгээр хүмүүс эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан гэсэн байдаг. Энэ нь 1998 оны сонин сэтгүүл, цагдаагийн эрэн сурвалжлах шугамаар зарлагдсан баримтуудад ч байгаа.
Гэтэл миний үйлчлүүлэгч эдгээр хүмүүсээс 20 см намхан. Энэ бол энгийн, анхаарч үзэх ёстой баримт. Анхан шатны шүүхэд энэ хүмүүс биш гэдгийг хэлсэн. Гэтэл энэ хүмүүсийг шийтгэсэн. Шинжээч нарын дүгнэлтээр энэ хүмүүс хэрэгт холбоотой гэх нэг ч баримт гараагүй. Мөн тухайн үед мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Яагаад гэвэл 2013 оноос эхлээд Ц.Амгаланбаатар нь холбогдох албан байгууллагуудад “би хүн алсан” гэж мэдэгдэл гаргаж, өргөдөл гомдол гаргаж эхэлсэн. Гэтэл энэ хүнийг 2015 онд нэг удаа өөрөө хэргээ хүлээж байгаа учраас шижигтнээр татах тогтоол үйлдээд нэг удаа байцаалт аваад маргааш нь энэ тогтоолоо хүчингүй болгоод энэ хүнийг гэрчээр байцааж эхэлсэн. Монгол Улсын түүхэнд хоёр жил гэрчээр байцаагдсан хүн байхгүй. Энэ хүн “би хүн алсан” гээд байхад л  хоёр жил гаруй хугацаанд гэрчээр байцаагдсан. Цагдан хорихоос өмнөхөн хэргийн материалаас харахад Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа руу 236 удаа, миний үйлчлүүлэгч Т.Чимгээ рүү 49 удаа ярьж, мессеж бичсэн байна. Гэтэл  Ц.Амгаланбаатар би мессеж бичиж чадахгүй гэж хэлээд байгаа. Тэгвэл энэ мэссежийг хэн бичсэн байх вэ? Тухайн үед мөрдөн шалгаж байсан тагнуулын байгууллагын ажилтнууд бичээд байсан уу гэх сэтгэгдэл төрдөг. Шоронгоос мессеж бичиж, залгаад байсан утасны эзний нэр, регистрийн дугаар тодорхой байгаа учраас энэ хүний нэр дээрх утас яаж Ц.Амгаланбаатарт очсон бэ? гэх асуудлыг шалгуулах хүсэлтийг өмгөөлөгч нар тавьсан ч шалгаагүй. Тэгэхээр эдгээр хүмүүсийг яллах, буруутгах талыг барьж байсан болохоос биш гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн яллах, цагтаатгах ялыг хүндрүүлэх, хөнгөлөх хуулийг нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бүтэн тогтооно гэсэн хуулийн шаардлага алдагдаж зөвхөн яллах талыг барьж шалгасан гэдэг нь тогтоогддог.
Энэ үед миний үйлчлүүлэгч Т.Чимгээ хөхүүл хүүхэдтэй эмэгтэй байсан. Тухай үед Эрдэнэт ч байгаагүй. Хүмүүс хэлэхдээ Эрдэнэтэд Отгонбилэг гишүүний тогооч байсан гэдэг. Гэтэл тухайн үед миний үйлчлүүлэгч бүжигчин байсан. 1998 онд өндөр настай эх нь хэвтэрт байсан учраас хүүхдүүдээ шилжүүлээд Дорноговь Сайншандад ээжийгээ сахидаг байсан. Нэг хүүхэд нь нэгдүгээр анги, нэг нь гуравдугаар анги, нэг нь хөхүүл ингээд гурван хүүхдээ асраад Дорноговьд байсан нь тогтоогдсон. Энэ нотлох баримтуудыг өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хурлын үеэр барьж орох гэтэл биднийг онгоцонд сууж байгаа юм шиг гарыг нь өргүүлж шалгаад “За одоо наад юмнуудаа орхи” гэсэн шаардлага тавьсан. Үзгээ, хуультайгаа бариад ор гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед миний бие муудсан гэх мэдээлэл гарсан даа. Учир нь анхан шатны шүүх хуралд бэлдсэн материалыг хурааж аваад өгөхгүй байснаас үүдэн миний даралт өссөн. Энэ хэргийн өмгөөлөгч хийснээр маш их шахалт дарамтан дор хэрэг уншихдаа хүртэл хүний хараан доор байсан /зөвхөн нүд нь гарсан масктай залуу харж байсан/. Хоёрхон утасны дугаар тэмдэглэж авсны төлөө “үүнийгээ тайлбарла” гэсэн шахалт үзүүлж байсан. Сүүлдээ гэр бүлийнхэнд маань хүртэл дарамт ирсэн. Хүүхдийг маань Чингэлтэй дүүргийн цагдаа дээр хүний наймаа, хар тамхины хэргээр шалгаж байна гээд албадан саатуулсан. “Хэн гэдэг хүний ямар өргөдөл гомдлоор шалгав” гэхээр “102-оор ирсэн дуудлага байлаа” гээд хаах жишээний. Өмгөөлөгчдөд “Т.Чимгээд хэргийг нь хүлээлэг” гэсэн шаардлага тавьсан. Би настай хүн хэзээ ч хүн өөрөө хэрэг хийгээгүй гээд байхад хэргийг нь өмгөөлж байгаа өмгөөлөгч учир “чи хэрэг хүлээчих дээ” гэж хэлэх эрх байхгүй юм гэж хэлсэн. Үүнийхээ төлөө гэр бүл, үр хүүхдэд маань аюул заналхийлэл учирч байсан. Эрүүдэн шүүхтэй холбоотой шүүх хурлын өглөө машиныг хажуунаас ирж мөргөх, саатуулах үйлдлүүд гарсан. Араас байнга дагадаг, утас чагнадаг болсон. Энэ хэрэгт орж байсан өмгөөлөгч нараас би л үлдсэн бусад өмгөөлөгч нар зайгаа барьсан. Өмгөөлөгч хүний зүгээс хэлэхэд миний үйлчлүүлэгчийг буруутгах нэг ширхэг ч баримт байхгүй. Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэдэг юм уу хэнд албан тушаал эрх мэдэл байна тэр хүмүүс хэн ч харахад ойлгомжтой хэрэгт хилсээр шийтгэсэн.
14 ширхэг кассет байгаа. Үүний дөрвийг улсын ерөнхий прокурорт үзүүлсэн. Олон нийтэд ил болоод байгаа бичлэгийн гуравны нэгд ч хүрэхгүй. Хүнийг яаж эрүүдэн шүүж, тарчлаан зовоож болдог юм бэ? Хүний орилоон ёолох аймшигтай юм билээ. Би сүүлдээ чихээ таглаад гарсан. Миний үйлчлүүлэгчийг 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр углааш, дан өмд, подволктой, нүдийг нь таглаад хорьчихсон. Гурван сарын дараа намайг ороход нэг удаа эргэлт авсан, үсээ самнахгүй гурван сар болж үзлээ, би зөвхөн уйлж л өдрийг өнгөрөөж байсан гээд энэ эмэгтэй уйлж байсан. Хүндэрч чадахгүй удсанаас болоод цус алдаад миний үйлчлүүлэгч саяхан хагалгаанд орсон. Улсын дээд шүүхэд хүсэлт гаргасан” гэлээ.
О.Онон

Эх сурвалж: Olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>