Хэт зөөлөн ял хар тамхичдыг даврааж байна

1005
  • Хар тамхины хэрэгт холбогдогчдын 90 орчим хувь нь 19-35 насны залуус байна
  • Улсын хэмжээнд өнгөрсөн онд хар тамхины 199 хэрэгт 412 иргэн холбогдсон бол энэ оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 285 гэмт хэрэгт 427 иргэн холбогдсон байна

Хар тамхи Монголын нийгмийн хорт хавдар болсныг илтгэх зарим тоог эхлээд дурдъя. Энэ оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө хоёр шөнийн цэнгээний газарт шалгалт хийхэд 87 хүний 24 нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байв. Ердөө ганц шөнийн дотор хоёрхон газраас илэрсэн нь шүү. Тэр тусмаа урлагийн ертөнцөд танигдаж, олны талархлыг татах болсон зарим эрхмийг энд онцолъё. Хамгийн сүүлд “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр энэ сарын 16-ны өдөр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байгаад баривчлагдсан бөгөөд түүнд хилийн хориг тавьж, цагдан хорих арга хэмжээ авсан. Тэрбээр 2018 онд мөн ийм хэргээр зургаан сарын хорих ял эдэлж байв. Харамсалтай нь тэрбээр засраагүйгээр үл барам дахин хар тамхи хэрэглэж, худалдан борлуулахыг завдаад зогсохгүй шүүх хурлаас зугтаах оролдлого хийсэн. Түүнчлэн Ice top хамтлагийн Коби буюу С.Чулуунбаатар хар тамхины хэргээр хэд хэдэн удаа ял сонсож байсан ч суллагдаад гурван сар ч бололгүй дахин хэрэглэж, өдгөө нээлттэй хорих ангид ял эдэлж буй. Мөн дуучин Б.Амархүү хар тамхины хэрэгт холбогдож, түүнд шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон. Гэвч Б.Амархүү давж заалдаж, хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гарсан байна. Мөн түүнийг батлан даалтад гаргахыг зөвшөөрсөн бөгөөд бид түүнтэй холбогдож хэргийн талаар тодруулахад “Би одоогоор ямар нэгэн тайлбар, мэдэгдэл хийхгүй” хэмээв. Энэ мэтчилэн урлаг соёлынхон өсвөр үе, хүүхэд залууст буруу үлгэр дуурайл үзүүлж, удаа дараагийн гэмт үйлдэл, зөрчил илэрсээр байна. Гэвч хэт хөнгөн ялын бодлого, хууль эрх зүйн хангалтгүй орчноос болж хар тамхи хэрэглэх, ашиг хонжоо олох зорилгоор борлуулж, бэлтгэж, бусдыг уруу татах үзэгдэл буурах нь битгий хэл улам ихэссээр буй. Жишээлбэл, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож 10 жилийн ял сонссон ч түүнд Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, суллаж байлаа. Мөн Guys хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппер Don Dior зэрэг урлаг соёлынхон хар тамхины хэрэгт холбогдож, тэнсэн харгалзах ял авсан түүхтэй. Энэ жагсаалт дуучин Т.Дэлгэрмөрөн, DJ Өөжий буюу О.Ганболд, улсын начин Ц.Улаанхүү, жүжигчин Б.Энхтүвшин тэргүүтэй олны танил эрхмүүдээр үргэлжилнэ. Манай улсад хар тамхи хэрэглэгсэд болон донтогчдыг эмчлэх нэгдсэн эмнэлэг хэрэгтэй байгааг ч давтан хэрэглэж буй дээрх эрхмүүд, жилээс жилд өсөж буй гэмт хэргийн үзүүлэлт бэлхнээ харуулна. Өдгөө Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хар тамхитай холбогдох гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж, зохион байгуулалттай үйлдсэн иргэнийг 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэхээр тусгасан байна. Гэвч хэрэглэсэн этгээдүүдийг зөрчил, богино хугацааны таслан сэргийлэх арга хэмжээ төдийгөөр шийтгэж, өршөөл уучлалд хамруулсаар байвал манай улсын ирээдүй чимээгүй тахалд живэхэд тун дөхлөө. 

Дуучин Б.Амархүү болон Г.Эрдэнэбаяр нартай холбоотой хар тамхины хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Б.Мандухайгаас тодрууллаа.

-Б.Амархүүг ямар үндэслэлээр батлан даалтад гаргасан бэ. Мөрдөн байцаалтад шилжих тухай мэдээлэл гараад байна?

-Хэрэг хараахан мөрдөн байцаалтад буцаагүй. Прокурор хэргийг мөрдөн байцаалтад буцаах аль эсвэл шүүхэд эсэргүүцэл бичдэг. Одоогоор аль ч шийдвэр эцсийн байдлаар гараагүй байна. 

-Дуучин Г.Эрдэнэбаяр өмнө нь хар тамхины хэргээр ял эдэлж байсан. Ямар нэгэн эмчилгээнд хамрагдсан уу? 

-2018 онд хар тамхины хэргээр хоёр жилийн хорих ял авсан ч магадлангаар орж, зургаан сар хорих ял эдлээд суллагдсан. Ямар нэгэн эмчилгээнд хамрагдаагүй. Гэхдээ хоригдож байх явцдаа тодорхой хэмжээнд сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдсан. Хамгийн гол нь давтан хэрэглэсэн нь харамсалтай. 

-Давтан хэрэглэсэн үед шийтгэл нэмэгддэх зүйл заалт, ялын бодлого бий юу? 

-Эрүүгийн хуульд тийм заалт байхгүй. 

НИЙТЛЭЛЧ:Т.НАМУУНБОЛОР

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>