Хятадын Ухань хотод хүмүүс нууцлаг вирусээр халдварлажээ
Хятадын төв бүсийн Ухань хотод үл мэдэгдэх вирусны халдварт өвчин гарсныг тус улсын эрх баригчид шалгаж эхэлжээ.
Нийтдээ 44 хүн уг халдвараар өвчлөөд байгаагаас 11 хүний биеийн байдал хүнд байгааг албаныхан өчигдөр мэдээлсэн байна.
Үүний улмаас Сингапур, Хонг Конг зэрэг хотууд Ухань хотоос зорчин ирэгсдийг эрүүл мэндийн тусгай үзлэгт хамруулж эхэлжээ.
Халдварыг SARS (Severe Acute Respiratory Syndrome) хэмээх аюултай өвчин байж магадгүй гэсэн сэжиг таамаг Хятадын сошиал ертөнцөд тарсан байна.
Ханиад томуутай төстэй SARS халдварт өвчин 2002 онд дэлхий даяар тархахад 700 гаруй хүн амиа алдаж байв. Тухайн үед уг өвчин Хятадаас анх тарж байжээ.
Сошиал орчинд дээрх өвчинтэй холбоотой худал мэдээ тарааж, нийгмийг цочроосон найман хүнийг шийтгэсэн тухайгаа Ухань хотын цагдаагийн газар мэдээлсэн байна.
Ухань хотын эрүүлийг хамгаалах газраас гаргасан мэдэгдэлд одоогоор хүнээс хүнд халдсан тохиолдол илрээгүй гэжээ. Мөн өвчилсөн хүмүүсийн дотор тус хотын далайн хүнсний захад ажилладаг хүмүүс хэд хэд байгаа тул захыг ариутгах арга хэмжээг авсан байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өвчний тухай мэдэж байгаа бөгөөд Хятадын талтай холбоотой ажиллаж байгаагаа мэдэгджээ.
2002 онд гарсан SARS-ийн халдварын үеэр дэлхийн 26 улсын 8,000 гаруй хүн өвчилснөөс Хятадад 349, Хонг Конгт 299 хүн амиа алдаж байв.
Тухайн үед тархалтын эсрэг хангалттай арга хэмжээ авч чадаагүй Хятадын эрүүл мэндийн сайд албан тушаалаасаа огцорч байжээ.
Эх сурвалж: BBC
Э.СЭМҮҮН, IKON.MN