Хөгжлийн банкны “туг тахиулах” шинэ захирал хэн бэ

779

  • Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээр байна
  • Тэтгэвэрийн  зээлийг тэглэхэд шаардлагатай 763 тэрбум төгрөгийн баталгаа дээрх орд болж чадахгүйг уул уурхайн салбарынхан төдийгүй мэргэжлийн шинжээч нар хэлж байна 

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай Үндэсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргасан гэнэтийн мэдэгдэл, түүнээс улбаалсан үйл явдал өнөөдөр УИХ, Засгийн газар хууль зөрчих, төв банк урьдын алдаагаа давтах уршиг дагуулж мэдэхээр байна. Хамгийн ноцтой нь, баялгийн тэгш хуваарилалт нэрийн дор Хөгжлийн банк хамаг эрсдэлийг өөр дээрээ үүрч болзошгүй нь. Тэр тусмаа цэвэр ашиг нь 400 тэрбум төгрөгт ч хүрэхгүй төсөлд Хөгжлийн банк баталгаа гаргаснаар удирдлага нь шүүхийн хаалга татахад хүрэхээр байна. Хөдөлмөр, нийгмийн хам­гааллын сайд С.Чинзориг “Сал­хитын ордын нөөцийг барьцаалан бонд гаргаж, улмаар арилжааны банкуудад худалдаална. Ордоос олборлож байгаа эрдэс баялгийг нь Монголбанк худалдан авч шилжүүлснээр өрийг барагдуулна” гэж мэдэгдсэн. УИХ­-д яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Засгийн газрын богино хугацаанд боловсруулсан хуулийн төслөөс харахад, тэтгэврийн зээлийг тэглэх эцсийн санхүүжилт нь төв банкнаас хийгдэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсвийн шинжтэй үйл ажиллагааг төв банкаар санхүүжүүлэх өмнөх гашуун туршлага ирэх сонгуулийн өмнө давтагдах нь. Ийм нөхцөл байдал бий болсноор төв банк төгрөг хэвлэнэ гэсэн үг. Төгрөг хэвлэснээр одоогийн хоног хоногоор өсөж буй ам.долларын ханш болон инфляцад ирэх дарамт тэр хэрээр нэмэгдэх сөрөг үр дагавартай. ОУВС­тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд төв банкийг төсвийн гадуурх үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглосон. Гэтэл тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслөөр Засгийн газар амлалтаа зөрчиж байна гэж эндээс ойлгож болох нь. Сонгууль угтсан улс төрийн шийдвэр эдийн засагт ямар хорлонтойг 2012, 2016 оны үйл явдлаас харж болох юм. Эргэн сануулахад, “Чалко” компаниас авсан өрийг бид дөрвөн Засгийн газар дамнан байж 2017 онд төлж барагдуулсан. Тэтгэврийн зээлийг тэглэхэд мөнгө босгох баталгаа болж буй Салхитын мөнгө, алтны ордын техник, эдийн засгийн үндэслэлийг “Эрдэнэс силвер ресурс” компанийн захиалгаар TOPAZIA гэгч компани 2019 онд гүйцэтгэсэн байдаг юм. Тус компанийн хийсэн тооцооллоор, Салхитын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Жилд 300 мянган тонн алт, мөнгө агуул­сан хүдэр баяжуулах юм бай­на. Гэвч тэтгэврийн зээлийг тэглэхэд шаардлагатай 763 тэрбум төгрөгийн баталгаа дээрх орд болж чадахгүйг уул уурхайн салбарынхан төдийгүй мэргэжлийн шинжээч нар хэлж байна. “Эрдэнэс силвер ресурс” нь “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болж байгуулагдсан. Салхитын ордын хэл ам дагуулсан лицензийг өнөө тус эзэмшиж буй. Хөгжлийн банкийг арыг нь даалгах гээд байгаа Салхитын мөнгөний ордын зах зээлийн үнэлгээ хэд вэ. Хуулийн төслийн танилцуулгад 808.3 тонн мөнгө, 1.1 тонн алтны нөөцтэй, 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай гэж дурджээ. Гэтэл 2019 онд батлагдсан ТЭЗҮ-гээр 251 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, өнөөгийн үнэ цэнээр 122 тэрбум төгрөгийн үнэлгээтэй гэсэн мэдээлэл байгаа нь дахиад л эргэлзээ үүсгэж орхилоо. Хэрэв ТЭЗҮ-ээр төсөл нь хувийн хэвшлийнх байгаад банк зээл олговол нийт санхүүжилтийн 70 хувь буюу 20 тэрбумд л зээл олгох боломжтойг зарим судлаач дурдсан удаатай. Гэтэл эрх баригчид Хөгжлийн банкаар баталгаа гаргуулахаар хуулийн төсөл боловсруулсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болоод байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин ажлаа өгсөн шалтгааныг сонгуулиас гадна шинээр баталгаа гаргах бондтой ч холбох болсон. Түүний ажлаа өгөхөд хүрсэн шалтгаан нь бонд байсан гэж зарим хэвлэл бичиж буй. Одоогоор тус банкны дараагийн захирал томилогдоогүй бөгөөд “туг тахих” хүнээ Төлөөлөн удирдах зөвлөл нь удахгүй томилох байх. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн дараах заалтыг Засгийн газар зөрчиж байгаа юм. Тус хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Баталгаа, батлан даалтыг энэ хуулийн 10.1.2­10.1.5­д заасан шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрт гаргаж болно." гэж заасан. Гэтэл Салхитын орд нь 763 тэрбум төгрөгийн баталгаа болсноор нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихгүй, нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийг мөн санхүүжүүлэхгүй, ажлын байр шинээр бий болгохгүй. Харин төсвийн өрийг нэмэхээс гадна халамжийг дэмжихээр байгаа нь Хөгжлийн банкны тухай хуультай тэрсэлджээ. Иргэн ипотекийн зээл авахын тулд урьдчилгаа 30 хувиа төлж, үлдсэн 70 хувь дээрээ зээл авах хүсэлт тавьдаг. Гэтэл Хөгжлийн банк ашиг нь гаргах баталгааны 40 хувьд ч хүрэхгүй төслийг хариуцахаар байгаа нь эрсдэл юм. Салхитын ордыг ашигласнаар хүртэх цэвэр ашиг 250.9 тэрбум бөгөөд энэ нь дээрх шаард­лагатай мөнгөн дүнгийн дөнгөж гуравны нэгтэй тэнцэж байна. Ийм төсөлд Хөгжлийн банк баталгаа гаргах нь эдийн засгийн үр ашиггүй төдийгүй зарчмаасаа ухрахад хүргэхээр байгаа юм. Салхитын ордын эзэмшигч өөрчлөгдсөний дагуу мэргэжлийн инженерийн бүрэлдэхүүнтэй баг ТЭЗҮ­-д тодотгол оруулжээ. Уг төслийн жилийн хүчин чадал нь “Оюутолгой” хүдэр боловс­руулалтын хоёр хоногийн хүчин чадалтай тэнцэх аж. Мөнгө цэв­рээр гарахгүй бөгөөд алт агуулсан баяжмал зарахаар байна. Засгийн газар тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-­д өргөн мэдүүлсэн. Тэгвэл энэхүү хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэх бололтой. Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдлийг Салхитын ордоос олох ирээдүйн орлогыг барьцаалан үнэт цаас гаргах замаар бараг­дуулахаар эрх баригчид төлөв­лөөд байгаа. Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулсан цэвэр ашиг, тус ордод хийсэн ТЭЗҮ­ийн цэвэр ашгийн хэмжээ хоорондоо зөрүүтэй байна. Судалгаагаар, 2019 оны байдлаар улсын хэмжээнд 229 мянган тэтгэвэр авагч иргэн нийт 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Тэтгэвэр авагчдын 91.8 хувь нь Хаан банк болон Төрийн банкаар үйлчлүүлдэг гэх судалгаа бий. Засгийн газар хууль зөрчин Хөгжлийн банкаар баталгаа гаргуулах гэж яарах нь улсаа хорлосон үйлдэл биш гэж үү. 

Б.БАЯРТОГТОХ

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>