Сонгогчдоосоо зугтаж, тойргоо солигсод

549

Дассан газрын даавуу зөөлөн гэж үг бий. Гэвч улстөрчдийн хувьд тойргийн сонгогчдоо дасгаж байгаад эргэж уулзах нүүргүй болмогц бултаж, зугатдаг “моод” дэлгэрээд удаж байна.

Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд УИХ-ын долоон удаагийн сонгуулиар парламентад тухласан ч тойргоо огт солиогүй гишүүн ганц үгүй. 1992-2016 оны хооронд болсон УИХ-ын сонгуульд Ц.Нямдорж л гэхэд 7 удаа ялалт байгуулсан. Тэр Увс аймгийнхаа тойрогт “хүч” үздэг байснаа 2016 онд гэнэтхэн Хан-Уул дүүргийн иргэдийг төлөөлөхөөр болсон.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ч ялгаагүй 7 удаагийн парламентад өвдөг шороодоогүй нэгэн. Тэр өвөрхангайчуудыг төлөөлж байснаа Баянгол дүүрэгт нэр дэвшин, ялалт байгуулсан.

Төрсөн нутаг хэмээн Завхан аймгаас улстөрчийн гараагаа эхлүүлж байсан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Говь-Алтайгаар овоглуулах нь холгүй явсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар Баянзүрх дүүрэг болгон тойргоо сольцгоосон. Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Хөвсгөл аймгаасаа зугатаж чингэлтэйчүүдийг төлөөлөх болсон.
Тэдний хувьд олон удаа нутгийн сонгогчдоо хуурсан учраас эргээд очих нүүргүй болж, олон нийтэд чадварлаг улстөрч гэх “алдар” хадгалагдан үлдсэн учраас сүүлчийн “сум” буюу өдгөө оршин суугаа газраа томъёолон нэр дэвшдэгтэй холбоотой.

Ийн тойргоо сольсон гишүүд “Төрсөн нутгаасаа олон удаа парламентад сонгогдож, чамгүй зүйлийг хийлээ. Харин одоо бол та бүхнийгээ төлөөлөхөөр шийдлээ. Учир нь би энэ дүүргийн иргэн. Төрсөн нутаг шигээ хөгжүүлж чадна” гэх мэт үгсийг уянгалуулдаг. Харамслатай нь очих газаргүй учраас л шинэ тойргийн сонгогчдыг мунхруулж буй нь тэр.
Уг нь тойрогтоо хийсэн, бүтээсэн зүйлтэй, сонгогчдынхоо эрх ашгийн төлөө дуугарч чаддаг улстөрчдийн хувьд нүүр бардам байхаас гадна тойрогтоо дархлагдаж, ёстой л танихгүй бурхнаас, таньдаг чөтгөр гэгчээр иргэдийн саналыг авах боломж нээлттэй байдаг.
Харамсалтай нь УИХ-ын гишүүдийн хувьд санал өгсөн иргэдийн төлөө бус нэр дэвших квот өгсөн намынхаа төлөө ажилласаар дөрвөн жилийн мөчлөгийг өнгөрөөсөөр ирсэн.
Хуульд нэг хүн нэг газар нэр дэвших тухай заасан байдаг. Тиймээс намууд нэр дэвшигчдээ суудал олж ирэх тойрогт нь хувиарласаар ирсэн гэсэн үг. Хууль зөрчөөгүй боловч сонгогчдоо дасгаж, санал авсан ч тойрогтоо хийсэн зүйлгүйдээ бантан бултсаар байдаг улстөрчдөд энэ удаагийн сонгуулиар дүнг нь тавих цаг болсон бололтой.

Тойргоо солигсодод бас нэг арга үйлчлээд байдаг нь сонгуулийн тогтолцоо. Хэрэвзээ бүр тойрог олдохгүйд хүрвэл тэд намын жагсаалт гэх “том гишгүүр”-ийг сонгуулийн хуульд суулгаж өгдөг. Энэ удаагийн сонгуулийг ч ялгаагүй энэ л зарчмаар зохион байгуулна. Тэгэхээр бултагсад жагсаалтад багтахаар чихэлдэх ч магадлалтай. Тиймээс л сонгогчид сонголтоо зөв хийх нь өнгөрсөн 30 жилийн түүхийг давтахгүйн баталгаа болох нь ээ.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>