ИРЭХ СОНГУУЛЬД ХЭНТИЙД ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ

136

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт сонгуулийн халуурал эхлэх цаг дөхсөөр байна. Энэ 4 дүгээр сард багтаан уг сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэх намууд СЕХ-нд бүртгүүлнэ. Харин намуудын болон бие даан өрсөлдөх нэр дэвшигчид ирэх 5 дугаар сарын 31 гэхэд бүртгүүлэх ёстой. Ингэснээр Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан суманд УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.

Хэнтийтэй холбоотой улстөрийн хүрээнийхэн төдийгүй бусад нөхөд ч уг тойрогт өрсөлдөөд үзчих санаа их байгаа. Гэхдээ зарим нөхдүүдийн хувьд сурталчилгаагаа аль хэдийн эхлүүлсэн. Тухайлахад МАХН-ын дарга Н.Энхбаяр.

Энэхүү 42 дугаар тойрогт өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиаар МАН-аас нэр дэвшсэн Д.Гантулга хэмээх залуу ялсан. Тэрбээр УИХ-ын хамгийн залуу гишүүн болж байсан ба АН-аас нэр дэвшсэн Хэнтий аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар, МАХН-аас нэр дэвшсэн улсын начин Д.Одхүү нартай өрсөлдөн сонгогдсон юм. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулиар намаасаа нэр дэвшигчийг хэтэрхий улайран дэмжсэний учир “бандаашны” хэмээх хэрэгт орооцолдсон нь түүнийг 2 жилийн дараа УИХ-ын гишүүнээсээ татгалзахад хүргэсэн юм. Түүнийг УИХ-аас татгалзсан 2018 оны 7 дугаар сараас хойш уг тойргийн нөхөн сонгууль эхэлсэн гэж хэлж болно. Ялангуяа МАХН-ын Н.Энхбаяр ээжийн нутаг хэмээн усалсаар ирлээ. Гэхдээ тэр өөрөө нэр дэвших үү, дэд дарга С.Ганбаатараа явуулах уу гэдэг нь одоогоор тодроогүй байна. Мөн тус намд уг тойрогт нэр дэвшиж байсан туршлагатай Д.Одхүү хэмээх начин эр бас бий.

Тэгвэл АН-аас уг тойрогт өмнө нь өрсөлдөж 3 гаруйхан хувиар ялагдсан Ж.Оюунбаатар дахин нэр дэвшихийг хүсч байгаа нь тодорхой. Гэхдээ түүнд УИХ-ын гишүүн асан “Монроуд”-ын Н.Гарамгайбаатар бас санаархаж буй. Гэвч Н.Гарамгайбаатарын хувьд АТГ-т шалгагдаж буй учраас нэр дэвших боломжгүй байх гэж олон хүн ярьж байна.

Харин МАН-аас нэр дэвших боломжтой нөхдүүд бол олон байгаа. Намын зарим нөхөд нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвших ёстой гэлцэж буй. Харин нөгөө хэсэг нь нэр дэвшээд хэрэггүй өөр хүн нэр дэвшүүлсэн нь дээр гэлцэж байгаа аж. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас энэ тухай тодруулахад “Нэр дэвших боломжтой 4-5 хүн байна. Намын дарга болоод аймгийн намын хариуцлагатнууд, нийгмийн зүтгэлтэн гэх мэт” хэмээсэн.

Өнгөрсөн оны 7,8 дугаар сард У.Хүрэлсүхийг нэр дэвшвэл унана гэцгээж байсан Тэгвэл түүнээс хойш У.Хүрэлсүхийн улстөрийн үйл ажиллагаа түүний рейтингийг суга өсгөсөн бөгөөд өнөөдөр улстөрчдийг тэргүүлж буй. Тухайн үед Хэнтийнхэн Н.Энхбаярыг л сонгуульд ялна гэлцэж байсан бол одоо эргээд У.Хүрэлсүхэд балиашигдах хүн олон болсон гэлцэнэ. Мөн МАН-аас одоо аймгийн Засаг дарга хийж буй Н.Ганбямбыг нэр дэвшүүлэхийг хүсдэг ч тэр өөрөө үгүй гэж буй. Н.Ганбямбын хувьд 2016 онд ч нэр дэвшихгүй гэсээр Д.Гантулгад боломж олгосон билээ. Тэгэхээр энэ удаа ч үгүй гэх нь тодорхой. МАН-аас мөн “Идеал” группийн захирал М.Батбаяр, МУГЖ дуучин Г.Эрдэнэбат нарын нэрс ч сонсогдож байгаа. Олны ярих нь эдгээр хүмүүсийн нэг нь нэр дэвших бололтой. Хэрвээ ийм тохиолдолд тэд Н.Энхбаярт “амтагдах”-уу, үгүй юу гэдэг сонирхолтой юм.

Мөн бусад намууд болон бие даан нэр дэвшүүлэх “дурны” нэр дэвшигчэд энэ удаа олон байж мэднэ. Учир нь энэ удаагийн сонгууль ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн толь болно.

Эх сурвалж: Gereg.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.