​Эрдэмтэд ‘Коронавирусийн’ эх сурвалж байх магадлалтай нээлтийг 15 жилийн өмнө илрүүлж байжээ

699

Эрдэмтэд 15 жилийн өмнө Хятадын өмнөд хэсгээс хэдэн жилийн өмнө олон хүний амь насыг авч одсон “SARS”, “MERS” зэрэг тахалтай ижил төрлийн, өнөөдрийн байдлаар 900 гаруй хүний амь насанд хүрээд байгаа “2019-nCov” вирусийн эх сурвалж байж болохуйц агуйг илрүүлж байжээ.

Дэлхий дахинд 2003 онд “SARS” өвчин дэгдэж 800 гаруй хүн нас барсан юм. Үүний дараа АНУ-д төвтэй, цар тахал дэгдээж болзошгүй зэрлэг амьтдын өвчлөлийг судлах “EcoHealth Alliance” ашгийн бус байгууллага хүн төрөлхтний өмнө дахин тулгарч болзошгүй өөр вирусийн аюулыг судлах явцдаа 2004 онд Хятадын өмнөд хэсгээс “2019-nCoV” вирустэй генийн бүтцийн хувьд 96 хувь ижил вирус илрүүлж байсан аж.

Тус байгууллагын Ерөнхийлөгч Питер Дасзак энэ талаар “Манай судалгааны баг 2004 онд Хятадын өмнөд хэсгийн Юньнань мужийн Кунминг хотоос 60 километрт орших нэгэн агуй дахь зэрлэг сарьсан багваахайнуудад хийсэн судалгаагаар SARS-тай ижил төрлийн вирус илрүүлсэн. Тэрхүү вирусийн кластер маш өндөр эрсдэлтэй болохыг бид олж тогтоосон бөгөөд лабораторид хийсэн туршилтаар хүний эсийг халдварлах боломжтой болохыг бид илрүүлсэн” гэжээ.

Үүний дараа “EcoHealth Alliance”  байгууллагын эрдэмтэд тухайн агуйн ойролцоох тосгонд амьдардаг  хүмүүст хийсэн судалгаагаар тэдний гурван хувь нь уг вирусийн эсрэг дархлаатай болсон байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл энэ нь “2019n-CoV” вирус өмнө нь тодорхой хүрээнд дэгдэж байсан болохыг баталж байгаа аж. Тиймээс тус байгууллага тухайн үед энэхүү аюултай нээлтээ хэд хэдэн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлж, ДЭМБ-ын зүгээс ч уг вирусийг хүний эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгчдийн тоонд оруулж байжээ.

Гэсэн ч энэхүү судалгааны ажиллагаа санхүүжилтгүйн улмаас цааш үргэлжлэлгүй гацсан байна. Учир нь тухайн үед дийлэнх эрдэмтэд “SARS” өвчин мэрэгч амьтнаас үүссэн гэдэг дээр санал нэгдэж байсан бөгөөд Засгийн газрууд ч үүнийг хамгийн аюултай өвчин гэж үзэж байсны улмаас тэдний шинэ аюултай вирусийн судалгааг санхүүжүүлэх институц олдоогүй аж.

Гэсэн ч сарьсан багваахай нь бусад хөхтөн амьтадтай харьцуулахад амьтнаас-хүнд халддаг зооноз вирусийг өөртөө илүү агуулдаг аж. Тиймээс тус байгууллага өнгөрөгч онд өөрсдийн судалгаандаа түшиглэн БНХАУ-д сарьсан багваахайгаас хүнд халдварладаг зооноз төрлийн вирусийн дэгдэлд гарч болзошгүй талаар коронавирусийн дэгдэлт гарахаас ч өмнө тодорхой хүрээнд дахин анхааруулж байжээ.

Тэгвэл өнгөрөгч сарын сүүлээр Хятадын нэрт вирус судлаач Ши Жэнлигийн удирдсан эрдэмтдийн баг БНХАУ-ын Ухань хотод 2019 оны арванхоёрдугаар сараас дэгдсэн шинэ төрлийн коронавирус нь сарьсан багваахайн генийн бүтэцтэй 96 хувь тохирч байгааг тогтоосон юм.    

Энэ талаар Питер Дасзак “Тухайн үед ДЭМБ ч тэр, БНХАУ-ын эрх баригчид ч тэр бидний энэхүү нээлтийг маш нухацтай авч үзсэн. Тиймээс бид судалгааны ажлаа үргэлжлүүлж Хятадын хэд хэдэн тосгонд тандалт хийх замаар тахал тархах эрсдэлийг тодорхойлж тэрхүү мэдээллээ ч бусад эрдэмтэдтэй хуваалцсан. Гэсэн ч одоо тэрхүү агуйд очих юм бол орохыг хориглоно гэсэн тэмдэг өлгөсөн байгаа. Энэ бол Засгийн газрууд хэрхэн ажилладаг болохыг илтгэх тод жишээ” гэсэн юм.

Мөн тэрээр “Гэхдээ Хятадын Засгийн газар зэрлэг ан амьтны худалдааг хориглох шийдвэр гаргасан нь зооноз вирусийн тархалтын эсрэг тэмцэхэд маш том түлхэц болсон. Гэсэн ч зэрлэг ан амьтнаас гаралтай тахлын дэгдэлтийг хүн амын төвлөрөл рүү нэвтрүүлэхгүй байх нь маш хэцүү. Тухайлбал, Хятадын 5000 жилийн турш явж ирсэн соёл нь өнөөгийн хүн амынх нь өдөр тутмын амьдралд маш гүн гүнзгий шингэсэн байдаг. Үүнийг Хятадын уламжлалт анагаах ухаан, хоол хүнс зэргээс харж болно. Ийм зүйлсийг хориглох ямар ч боломжгүй” гэжээ.

Эрдэмтэд Ухань хотоос эхтэй коронавирусийн эх сурвалж, хүнээс-хүнд халдах тархалтын хурд зэргийг одоо хэрнэ нарийн тодорхойлж чадаагүй байна. Гэсэн ч Питер Дасзакын үзэж байгаагаар хэрэв тухайн үед түүний багт судалгаагаа цааш үргэлжлүүлэх санхүүжилт олдсон бол одоо гараад буй дэгдэлтээс урьдчилан сэргийлэх эсвэл хор хохирлыг багасгахад тодорхой хэмжээнд тус болох байсан аж.

Үндсэндээ Питер Дасзак шиг эрдэмтэд  “2019-nCoV” вирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх байсан болон мөн тахлын тархалтыг хэрхэн бууруулах талаар одоог хүртэл тодорхой мэдэхгүй хэвээр. Гэсэн ч маш тодорхой нэг зүйл байгаа нь ирээдүйд гарч болзошгүй тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг санхүүжүүлэх болон томоохон хэмжээний дэмжлэг дутагдаж буй. Дан ганц эрдэмтдийн хүчин чармайлт урт хугацааны, бодит үр дүнд хүргэх боломжгүй. Ердөө сүүлийн 10 жилийн хугацаанд Эбола вирусийн шинэ омог зүйлийг оруулаад 1000 гаруй шинэ вирусийг эрдэмтэд илрүүлсэн аж. Мэдээж дэлхийн хэд хэдэн оронд шинэ төрлийн вирусээс урьдчилан сэргийлэх боловсон хүчин, тоног төхөөрөмжийг бэлдэж чадсан байна. Харамсалтай нь өнгөрсөн жил л гэхэд АНУ Засгийн газар шинэ вирусийн эсрэг судалгааны зарим байгууллагуудын санхүүжилтийг танаж, үлдсэн байгууллагуудын төсвийг бүрмөсөн хаасан аж. Гэтэл эрдэмтдийн тогтоосноор хүний эрүүл мэндэд аюул учруулж болохуйц 1.5 сая орчим вирус байдаг. Эдгээрийг судалж тодорхой болгохын тулд жилд 125 сая ам.доллар зарцуулах замаар урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд 1.2-3.4 тэрбум ам.доллар шаардлагатай. Энэ их тоо шиг харагдаж болно. Гэвч CNN-ын мэдээлснээр коронавирусийн дэгдэлт өнөөдрийн байдлаар дэлхийн эдийн засагт 60 тэрбум ам.долларын хохирол учруулаад байна. Үүнээс өмнө 2003 онд SARS өвчин дэлхийн эдийн засагт 40 тэрбум ам.долларын хохирол учруулж байв.

О.Мөнхбат

Эх сурвал: National Post

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>