Айсуй сонгуулийн чимээ: Завхан
Монгол Улс 1992 оноос хойш долоон удаа УИХ-ын сонгууль зохион байгуулжээ. Найм дахь удаагийн сонгууль болоход гурван сар гаруй хугацаа үлдээд байна. Тиймээс “Сонгууль-Анализ” булангаар аймаг бүрийн сонгуулийн өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байгаа. Энэ удаа Завхан аймгийн тойргуудыг онцолж байна. Тус аймагт сонгуулийн тогтолцооноос хамааран 2-3 гишүүн сонгож ирсэн. Он цагийн дарааллыг харахад аймгийн сонгогчид МАН, АН-ын зэрэгцүүлэн ялалт өгч байжээ. Гэхдээ цэнхэр талдаа аймаг гэдгийг улс төрийн хүрээнд ярьдаг. Өнгөрсөн оны сонгуулиар гэхэд улс даяар МАН олонхи болсон. Харин Завханы хоёр тойрог цэнхэртсэн байдаг. Ийнхүү УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөн Завханд хэрхэн өрнөснийг хүргэе.
1992 он: МАН /МАХН/
1992 оны анхны ардчилсан УИХ-ын сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан. Завхан аймгийн тойрогт МАН/МАХН/-аас нэр дэвшсэн Н.Багабанди, 58.8 хувь буюу 22011 санал авч, анхны ардчилсан парламентын гишүүн болж байв. Мөн МАН-аас нэр дэвшсэн Ц.Намхайнямбуу, С.Нямзагд нар олонхийн санал авч байв.
1996 он: АН
Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан. 76 тойрогт таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Завхан аймгийн сонгогчид энэ удаа АН-д итгэл үзүүлэв. 21 дүгээр тойрогт Н.Багабанди, 22 дугаар тойрогт Ц.Ганхуяг, 23 дугаар тойрогт Н.Батцэрэг нар ялалт байгуулав. Тэдэнтэй Б.Цэнддоо, Д.Раднаарагчаа нар өрсөлдсөн юм. 1996 оны сонгуульд сонгогчдын 45.7 хувийн саналыг авсан Ардчилсан нам УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай болжээ.
2000 он: МАН
УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Завхан аймгийн сонгогчид МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь сонгов. 21 дүгээр тойрогт Б.Шаравсамбуу, 22 дугаар тойрогт Ш.Отгонбилэг, 23 дугаар тойрогт Д.Оюунхорол нар ялалт байгуулав. Тэдэнтэй бусад намаас Ч.Содномцэрэн, Ц.Ганхуяг, Я.Санжмятав гэсэн нэр дэвшигчид өрсөлдсөн юм.
2004 он: МАН,АН
Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан. Завхан аймгийн сонгогчид энэ удаа МАН-д итгэл үзүүлсэн. Завхан аймгийн 21 дүгээр тойрогт Эх орон ардчилал эвслээс нэр дэвшиж өрсөлдсөн Ч.Содномцэрэн олонхийн санал авав. Түүнтэй МАН-аас Д.Батмөнх өрсөлдсөн юм. Харин 22 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Туяа ялалт байгуулав. Мөн 23 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Я.Санмятав олонхийн санал авав. Түүнтэй МАН-аас Д.Моломжамц, Эх орон алдчилал эвслээс Ц.Галбаатар, бие даан нэр дэвшигч Д.Оюунхорол нар өрсөлдсөн билээ. Монгол Улсын хэмжээнд нийт сонсогчийн 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.
2008 он: МАН
Тухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид МАН-д илүү итгэл хүлээлгэв. Аймгийн 17 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Балдан-Очир олонхийн санал авав. Харин 18 дугаар тойрогт УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ялалт байгуулсан байдаг. Мөн МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ш.Сайхансамбуу олонхийн санал авав. Тэдэнтэй АН-аас Я.Санжмятав, З.Нарантуяа,Ч.Содномцэрэн нар нэр дэвшиж өрсөлдсөн юм.
2012 он : МАН, АН
УИХ-ын сонгууль анх удаа холимог системээр явагдсан. Тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлигатай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт зэрэг байв. Завхан аймагт МАН-аас Д.Оюунхорол, АН-аас Я.Санжмятав нарын нэр дэвшигч олонхийн санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг.
2016 он: АН
МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулсан. Харин Завханы хоёр тойрог цэнхэртсэн байдаг. Завхан аймгийн 17 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Я.Санжмятав ялалт байгуулсан. Түүнтэй МАН-аас Б.Энхболд, МАХН-аас Д.Балдан-Очир нар өрсөлдсөн байна. Мөн 18 дугаар тойрогт АН-ын гишүүн З.Нарантуяа өрсөлдөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Түүнтэй МАН-аас Ш.Батсамбуу, МАХН-аас Б.Батхуяг нар өрсөлдөн өвдөг шороодсон ийм сунгаа болсон юм.
2020 он:
Энэ удаагийн сонгууль 2008, 2012 онтой адил томсгосон тойргоор явагдана. Сонгуулийн санал авах хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна. Мандатын тоог орон нутагт нэмж, нийслэлээс хасч баталсан. Одоо намууд нэр дэвшигчдээ тодруулж байна. Завхан аймагт МАН-аас Ц.Цэрэнпунцаг, Ш.Батсамбуу, О.Содбилэг нар нэр дэвшихээр яригдаж байгаа бол Ардчилсан намаас УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Я.Санжмятав, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар нэр дэвшиж магадгүй гэнэ.
Т.Батсайхан
Эх сурвалж:: “Зууны мэдээ" сонин