МАН-ын санхүүжилтийг шилэн болгоё
Эрх баригч намынхан УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээсээ хандивын мөнгө авахгүй гэдгээ мэдэгдсэн. Саяхан болсон Удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээд, намын дарга У.Хүрэлсүх хандив авахгүй гэдгээ дахин анхааруулсан байна. Тэрээр “Иргэн, аж ахуйн нэгжээс хандив нэрээр нэг ч төгрөг авахгүй. Сонгуульд шударгаар оролцоно. Сонгуулийн хандив гэж нэр дэвшигчид зарим иргэн, компаниас их хэмжээний мөнгө авдаг. Эргээд хандивласан хүмүүстэйгээ хууль бус зүйл хийдэг. Энэ жишгийг өөрчилж, сонгуулийг шударга явуулъя” гэжээ.
Нэг талаас харахад намын даргын энэ мэдэгдэл нь өмнө нь МАН сонгуульд ямар мөнгөөр оролцдог байсныг харуулж байна. Хандив нэрээр их хэмжээний мөнгө босгоод эргээд түүнийгээ “нөхөж өгөх” гэж хууль бус зүйл хийдэг байжээ. Үүнийг болиулъя гэдгийг намын дарга нь хэлсэн байна. Нөгөө талаас сонгуулийг шударга явуулъя хэмээн уриалжээ. Үнэхээр намын дарга У.Хүрэлсүх шударга сонгуулийг хүсч байгаа бол намынхаа сонгуулийн санхүүжилтийг шилэн болгочих хэрэгтэй. Улс төрийн нам бол олон нийтийн байгууллага. Улс төрийн намын тухай хуульд ч намын санхүүжилтийг хандиваар босгоно гээд заачихсан. Гэтэл нэгэнт хандив авахгүй, тийм замыг сонгохгүй гэсэн юм чинь ямар эх үүсвэрээр сонгууль явуулах гэж байгаагаа мэдэгдэх хэрэгтэй. Эрх барьж, улсын санхүү, сан хөмрөг атгаж байгаа МАН-ыг улсын төсвөөс, уул уурхайн орлогоос, тендер концесс, гадны хүчин зүйлээс санхүүгээ босгох уу гэдэг хардлага ч үгүй болно гэсэн үг.
Саяхан Үндэсний аудитын газраас 2020 оны УИХ-ын сонгуульд улс төрийн нам, эвслээс гаргах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөг байхаар тогтоов. 2016 онд 3.4 тэрбум төгрөг байсан бол энэ жил нэг тэрбум гаруй төгрөг нэмэгдэж орж ирлээ. Түүнчлэн нэг нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээ 775 сая байна. Тэгэхээр 2020 оны УИХ-ын сонгууль ямар их мөнгөний сонгууль болох нь ойлгомжтой.
МАН 2016 оны сонгуульд иргэн аж ахуй нэгжээс хэдэн төгрөгийн хандив авч, хэдий хэмжээний зардал гаргасан гэдгээ Сонгуулийн ерөнхий хороонд тайлагнаж байжээ. Тухайн тайланг харъя л даа. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН хуулийн этгээдээс 130 сая төгрөгийн хандив авсан бол иргэнээс 3.2 тэрбум гаруй төгрөг цугларчээ. Үүнээс сонгуулийн мөрийн хөтөлбөр танилцуулах зардалд 1.7 тэрбум, нам эвсэл, нэр дэвшигчдийг сурталчилах зардалд хоёр тэрбум төгрөг, сонгуулийн үеэр хөлс, урамшуулал гэж 140 саяыг зарцуулсан. Ингээд нийт зардал 4.1 тэрбум гаруй төгрөгийн зардал гарсан талаар тайланд дурьдсан байна. Гэтэл тухайн жил аудитын байгууллагын тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээ 3.4 тэрбум байсан. МАН зардлын дээд хэмжээг барьж чадаагүй төсвөө хэтрүүлж сонгууль явуулсан байдаг.
Харин 2020 оны сонгуулийн зардлын дээд хэмжээ цаасан дээр зурснаар бол 5.9 тэрбум. Тэгэхээр МАН үүнээс их хэмжээний санхүү гарах нь ойлгомжтой. Харин тэр эх үүсвэрийг эрх баригч нам хаанаас босгохоо тайлагнах л хэрэгтэй.
Сонгуулийн санхүүжилттэй холбоотой асуудлаар хуульчдын байр суурийг хүргэж байна.
Өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхан: МАН хандив авахгүй гэдэг нь хаалт төдий мэдэгдэл
-МАН 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээсээ хандив авахгүй гэдгээ зарласан. Гэхдээ нэр дэвшигч, иргэд, аж ахуй нэгжээс хандив авч л таарна. Хандивгүй гэдэг нь зүгээр нэг хаалт төдий мэдэгдэл юм. Харин АН-ын 100 саяын хандивыг өөр өнцгөөс харахаар хүний эрхийг хаагаад байгаа мэт байна. Гэхдээ нэгдсэн сонгуульд өөрийн зардлыг даах чадвартай хүмүүсийг л дэвшүүлнэ гэж ойлгогдож байна. Сонгох сонгогдох эрхийг мөнгөөр хаасан биш нам дотроо хариуцлагажуулах, хий нэр дэвшиж үймүүлэх, жинхэнэ нэр дэвшигч этгээдээс мөнгө салгаж, нэрээ татах зэрэг байдлыг таслан зогсоох арга хэмжээ болсон гэж харсан. Ер нь Улс төрийн намын хуульд Улс төрийн намын санхүүжилт нь хандиваас босно гээд заачихсан. Тэгэхээр хандив авахгүй гээд мэдэгдчихээр МАН-ын санхүүгийн байдал харанхуй, бүрхэг ил тод биш болчихож байна.
Хуульч Н.Ариунболд: Хандив авахгүйгээр сонгууль оролцоно гэж байхгүй
-Улсын төрийн намын тухай хуульд иргэнээс нэг сая, ААН-ээс арван сая төгрөг хүртэлх төгрөгийн хандив авч болно гэж заасан. Харин Сонгуулийн тухай хуульд иргэнээс таван сая, хуулийн этгээдээс 20 сая төгрөгийн хандив авна гэж заасан байдаг. Мөн улс төрийн намууд өөрийн дотоод дүрэм журамд заасны дагуу гишүүдээс татвар, хандив авч болдог. Энэ нь санхүүгийн нэгдүгээр эх үүсвэр юм. Тиймээс аливаа нам ямар ч татвар хандивгүйгээр сонгуульд оролцоно гэж байхгүй. Саяхан Үндэсний Аудитын газраас сонгуульд зарцуулах төсвийн дээд хэмжээг тогтоолоо. Ийм хэмжээний мөнгө зүгээр ургаад гараад ирнэ гэж байхгүй. Улс төрийн нам гэдэг бол олон нийтийн байгууллага. Тийм учраас санхүүгийн үйл ажиллагаа нь ил тод нээлттэй байх нь зүйтэй. Сонгуулийн дараа санхүүгийн тайлан авна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин