МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа

1146

МҮХАҮТ-аас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг яаралтай батлан гаргах талаар мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд, "Шинээр байгуулагдсан "Шийдлийн” Засгийн газраас улс орны эдийн засгийг идэвхжүүлэх, хямралт байдлаас богино хугацаанд гарах, данхайсан төсвийг багасгах, төрийн албаны хүнд суртал, чирэгдлийг бууруулах чиглэлд идэвхитэй ажиллан бизнесийнхэн, хувийн хэвшлийнхний санал бодлыг авч эрчимтэй, шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлж байгаад монголын хувийн хэвшлийнхний нийтлэг эрх ашгийг төлөөлөн илэрхийлэгч гол байгууллага болох МҮХАҮТ, түүний мянга мянган гишүүд, шинээр сонгогдсон удирдлагууд гүнээ талархан хүлээн авч байна.

2015 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хууль нь зөвхөн төрийн байгууллагууд бус, хувийн хэвшлийн олон мянган аж ахуйн нэгжийн хувьд ч хамааралтай, Монгол Улсын цаашдын хөгжил дэвшил, авлига хээл хахуулийг багасгахад чухал үүрэг гүйцэтгэх хууль тул үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх нэг гол нөхцөл болох "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэн батлан гаргах шаардлагатай байна.

2008 оны 1 сараас 7 сарын хооронд хэрэгжсэн "Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх тухай”, 2008 оны 1 сарын 21-нээс хэрэгжсэн "Татварын өршөөл үзүүлэх тухай” хуулиудаас харахад 2856 аж ахуйн нэгж, 5000 гаруй иргэд хамрагдан 4 тэрбум ам.долларын хөрөнгө буюу тухайн үеийн Монгол Улсын төсвийг бараг 2 дахин нугалсантай тэнцэх хэмжээний хөрөнгө ил болсон байдаг. Гэвч хууль хэрэгжих хугацааг хэт тулгасан, эрх бүхий байгууллагуудын санаачлагагүй зэрэг олон шалтгааны улмаас нийт аж ахуйн нэгжүүдийн дөнгөж 2 хувь нь хамрагдаж эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг бодитоор амсаж харин үлдсэн 98 хувь орлогын тэгш хуваарилалтад хамрагдах боломжгүй үлдсэн гашуун туршлагаас сургамж авч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг эдийн засгаа цэвэршүүлэх, нийт бизнесийн идэвхжилийг сэргээх том боломж гэдэг талаас нь харж яаралтай гаргах хэрэгтэй.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаар бизнес эрхлэгчид том, жижиг гэлтгүй бүгд нэг гараанаас гарах, өнөө үед хамгийн их хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, ДНБ-ын 30 гаруй хувьд хүрээд байгаа далд эдийн засгийг багасгах, нийгмийн нэг том асуудал болоод байгаа авлига, хээл хахуулийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засаг, бизнесийн олон чухал ач холбогдол, үр дүн гарах юм.

Тус хууль батлагдан гарснаар олон мянган аж ахуйн нэгжүүдийн хувьд эхлэлийн тайлангаа шинээр гарган бизнесээ цааш шударгаар "шилэн дансаар” эрхлэн хөтлөх, татварын шударга харилцаанд орж өрсөлдөөний тэгш боломж бүрдэн бизнес эрхлэх орчин сайжирч үйлдвэрлэл, худалдаа улам бүр өсөн тэлэх үүд хаалга нээгдэн санхүүгийн шинэтгэл бодитойгоор хэрэгжиж эхлэх болно" гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>