Коронавирусийн халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор ОХУ-д дөрөвдүгээр сарыг дуустал бүх нийтээр амарна
ОХУ-д коронавирусийн тархалтыг сааруулах зорилгоор нэг долоо хоногийн бүх нийтийн амралт зарласан нь өнөөдөр дуусч байгаа юм. Тэгвэл тахлын эрчим зогсолтгүй нэмэгдэж байгаа тул уг амралтыг дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлэх зарлигт тус улсын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр гарын үсэг зуржээ. Орос улсад төдийгүй дэлхий дахинд цар тахал оргил үедээ хүрээгүй байгаа тул ийм шийдвэр гаргаж байгаагаа Путин тайлбарласан байна. Амралтын хугацааны цалинг ажилласнаар тооцож олгохоо тэр мөн мэдэгджээ. Пүрэв гарагт тахлын хамгийн том төв Москва хотод халдварын бараг 600 шинэ тохиолдол бүртгэгдсэн юм. Орос даяар сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 771 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тоо нь 3,548 хүрсэн байна. Халдварын улмаас нас барсан өвчтөний тоо 30 хүрчээ.
Р.Төмөр
Эх сурвалж: Russia Today