БНХАУ-ын 800 иргэнээр мөнгө угаалгахыг завдсан толгойлогчдыг нь шалгаж дууслаа
-Камбожид гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө “Голомт”-ын данс руу шилжүүлжээ-
Тагнуулын ерөнхий газар, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаахтай тэмцэх болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтран өнгөрсөн оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудаас БНХАУ-ын 818 иргэнийг саатуулж, улмаар 783-ыг нь албадан гаргаад буй билээ. Хятадууд “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зочид буудал болон Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь нэгэн орон сууцыг хөлслөн өнгөрсөн ес болон аравдугаар сараас хойш сууж байсан юм. “Саарал жагсаалт”-д багтчихаад байгаа энэ үед манай хууль сахиулах байгууллагынхны явуулсан уг арга хэмжээ нь Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлсэн ажиллагаа гэдгийг тагнуулын байгууллагаас онцолж буй. Тодруулбал, ФАТФ-ын ээлжит хурлаар Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг үнэлж, хяналтад байх орнуудын жагсаалтад оруулах шийдвэр гаргасан билээ. Уг жагсаалтад орсноор манай улсын хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай болсон.
ФАТФ-аас тус тогтолцоог боловсронгуй болгоход шаардлагатай хэд хэдэн зөвлөмжийг Монгол Улсад хүргүүлсний дунд “Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийг олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагааг нэмэгдүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн байх” гэх шаардлага тавьсан. Уг шаардлагын хүрээнд Монгол Улсын хууль сахиулах байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд тодорхой ажлууд хийж буйн нэг нь дээрх хэрэг. Хууль сахиулах байгууллагынхан энэ хэргийн зарим холбогдогч, зохион байгуулагчдыг нь шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа гаргаж, НПГ-т хүргүүлээд буй гэнэ. Прокурор, мөрдөх байгууллагын хэд хэдэн эх сурвалж үүнийг батлаад, зарим холбогдогчийнх нь үйлдлийг шалгаж хараахан дуусаагүйг нэмж хэлсэн юм.
Бидэнд олдсон мэдээллээр БНХАУ-ын иргэн Лиу Тинхуа гэгч энэ зохион байгуулалттай бүлэглэлийг байгуулж, удирдсан хэрэгт холбогдоод буй. Тэрээр өнгөрсөн оны долдугаар сард Монгол Улсад орж ирээд гадаадын хөрөнгө оруулалттай “Мультидимэншионал интернэйшнл” ХХК-ийг байгуулсан аж. Улмаар 800 гаруй иргэнийг оруулж ирэн, дээр нэр дурдсан зочид буудлуудад байршуулан гэмт хэрэг үйлдэж эхэлснийг манай тагнуул, цагдаагийнхан таслан зогсоосон билээ. Улмаар гол зохион байгуулагч болох 20 орчим хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулснаас өдгөө 13 нь тус ангид байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь тогтоогджээ. Ингээд цахим төхөөрөмж ашиглан “Вичат”, “Телеграмм”, QQ зэрэг захидал харилцааны сүлжээнд “Жи-Мобайл”, “Скайтел”, “Юнител”-ээс авсан олон тооны утасны дугаараараа хуурамч хаяг нээсэн байж. Улмаар жуулчин, бизнес ангиллын визээр оруулж ирсэн 800 орчим хятад иргэндээ хэрхэн ашиглах талаар хичээл зааж, бэлдэц, нууц үг зэргийг цаг хугацааны давтамжтай илгээхийг сургадаг байсан нь батлагдсан гэнэ. Ийнхүү сургасан хүмүүсээ “МТ4” хэмээх, өөрсдөө хувиргаж боловсруулсан платформд элсүүлэн хөрөнгийн зах зээлд арилжиж буй хувьцааг худалдах, худалдан авах ажиллагаанаас ашиг олж буй мэтээр зохиомол байдал бий болгон залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болжээ.
Мөн шалгалтын явцад манай хууль сахиулагчид БНХАУ, Камбожийн цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллан мэдээлэл авахад Камбож улсад гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө “Мультидимэншионал интернэйшнл” ХХК-ийн “Голомт” банк дахь ам.долларын данс руу хөрөнгө оруулалт нэрээр шилжүүлсэн байсан гэнэ. Уг мөнгийг нь энд 86-66 УА..., 57-89 УА... дугаартай “Лексус-570”, 99-66 УА... дугаартай “Ланд круйзер-200” гэх зэрэг есөн автомашин, 12 000 гар утас, өндөр хүчин чадалтай 700 гаруй компьютер, ширээ, сандал, зочид буудлын түрээсийн төлбөр зэрэгт төлж, угааж байсныг нь хууль сахиулагчид шалгалтын явцад тогтоожээ. Эд мөрийн баримт болгож 3.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй олон тооны компьютер, гар утас, нийтдээ 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн жийп, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хураагаад буй. Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээс сүр дуулиантай шалгаж эхэлсэн, гадаадын иргэд олноороо Монгол Улсад орж ирэн мөнгө угаасан гэх хэргийн нэг хэсгийг хууль сахиулагчид ийнхүү шалгаж дуусав. ФАТФ-аас манай улсыг “саарал жагсаалт”-д оруулчихаад байгаа өнөө үед прокурор, шүүхийнхэн олны анхаарал татсан уг хэргийг шуурхай шийдвэрлэх нь Монголын мөнгө угаахтай тэмцэх тогтолцоо, хууль сахиулах, шүүх, прокурорын байгууллагын үйл ажиллагаа сайжирсныг олон улсад нотлох боломж юм. ФАТФ манайхыг дээрх жагсаалтад оруулахдаа мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэг шүүхээр бараг шийдвэрлээгүй нь тааруу үзүүлэлт гэж үнэлсэн гэдэг. Тиймээс үндэстэн дамнаж мөнгө угаасан дээрх хэргийг шийдвэрлэвэл дээрх жагсаалтаас улсаа гаргахад дэм болох биз ээ.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин