Монгол Улс саарал жагсаалтаас мултрах эхний "шалгалт"-аа өгсөн

692

Ази, Номхон далайн мөнгө угаалт, терроризмтой холбоотой тэмцэх бүлгийн уулзалт өнгөрсөн наймдугаар сарын 18-23-нд Австрали улсад болсон.  Уг уулзалтад Монголыг төлөөлсөн багийнхан мөнгө угаах терроризмтой тэмцэхэд Монгол Улс ямар ажил хийж, хууль эрх зүйн орчин хэрхэн сайжирсан талаар техникийн хэрэгжилтийн тайлангаа хамгаалаад ирсэн юм. Энэ бол эхний шатны техникийн үзүүлэлтийн хамгаалалт бөгөөд эцсийн үнэлгээний дүн аравдугаар сард гарах юм. Өөрөөр хэлбэл, есдүгээр сард Тайландад болох Ази, Номхон далайн мөнгө угаалт, терроризмтой холбооны хурлаар хоёрдугаар тайлан буюу үр дүнгийн тайлангийн хамгаалалтад Монгол Улс оролцох юм. Энэхүү хоёр тайлангийн дүгнэлтээс хамаарч Монгол Улсыг Мөнгө угаах гэмт хэрэг болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцдэг олон улсын байгууллага болох ФАТФ-ын саарал жагсаалтад орох эсэх нь шийдэгдэнэ. Тус бүлгийн журмын дагуу эдгээр уулзалтын эндээс дүгнэлт гартал ямар нэгэн мэдээлэл хийх боломжгүй байдаг юм байна. Тэгэхээр одоохондоо Монгол Улс саарал жагсаалтаас гарах эхний "шалгалт"-аа өгсөн ч хариу нь тодорхойгүй байгаа юм.

“Саарал жагсаалт” ба өмнөх үнэлгээ

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас 2017 онд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны 2 дахь удаагийн Харилцан үнэлгээг гүйцэтгэсэн. Тус үнэлгээгээр Монгол Улс техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжөөс хангаагүй 5, хагас хангасан 15, дийлэнхийг хангасан 15, бүрэн хангасан 5 үзүүлэлттэй байсан бол үр дүнтэй байдлыг илэрхийлэх шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс 2 үзүүлэлтийг дунд зэрэг хангасан, харин 9 үзүүлэлтийг хангаагүй үр дүнтэй гарсан байна. Ингэснээр 2017 оны долоодугаар сард Ази Номхон далайн бүсийн байгууллагаас Монгол Улсын Харилцан үнэлгээний тайланг хэлэлцэж, Монгол Улсыг Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын эрчимтэй хяналтад авсныг зарлаж хугацаат үүрэг даалгавруудыг өгсөн юм. Монгол Улс нэн түрүүнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчноо өөрчлөх, улмаар Харилцан үнэлгээний тайлангаар хангалтгүй үнэлгээ авсан техникийн болон шууд хэрэгжилтийн үзүүлэлтүүдийг хангаж ажиллах үүрэг авсан юм. Монгол Улс ФАТФ, АНДББ-аас өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлэхгүй тохиолдолд эрчимтэй хяналтаас ФАТФ-ын “саарал жагсаалт”-д шилжиж олон улсын санхүүгийн захаас бүрэн тусгаарлагдах эрсдэлтэй юм.

“Сааралт жагсаалт”-д орохгүйн тулд юу хийв?

Монгол Улсын үр дүнтэй байдлын шалгуур үзүүлэлтүүд үндсэндээ хангалтгүй дүн авсныг харгалзан үзэж Засгийн газраас шууд хэрэгжилтийн үзүүлэлтүүдийг сайжруулах зорилгоор 2018 оны 10 дугаар сар хүртэл хэрэгжүүлэх “Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үр дүнг сайжруулах ажлын төлөвлөгөө”-г 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр баталж 2018 оны 10 дугаар сар хүртэл хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Терроризмтэй тэмцэх тухай хууль, Гаалийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр баталсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлж, хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг мөн эрсдэлд суурилсны үндсэн дээр хийх, хуулийн нэр томъёоны тодорхойлолтуудыг олон стандартад нийцүүлэх, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг эрс чангатгахтай холбоотой заалтуудыг хуульд оруулсан байна. Монгол Улс 2017 оны Харилцан үнэлгээний тайланд “хангаагүй” буюу “хагас хангасан” техникийн хэрэгжилтийн 20 үзүүлэлтийн үнэлгээг ахиулах хүсэлтийг АНДББ-д гаргаж, 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр техникийн үзүүлэлтийн биелэлтийн тайланг дагалдах мэдээ материалын хамт боловсруулан хүргүүлсэн юм. Монгол Улс техникийн хэрэгжилтийн “дийлэнхийг хангасан” эсвэл “бүрэн хангасан” зөвлөмжийн тоо хамгийн багадаа 21-д хүргэх шаардлагатай юм. АНДББ-аас 2019 оны 5 дугаар сард ирүүлсэн тайланд дурдснаар Монгол Улсын хувьд техникийн хэрэгжилтийн 20 МАКРО-САНХҮҮГИЙН ОРЧИН 13 үзүүлэлтийн үнэлгээ ахиж, харин 1 үзүүлэлтийн үнэлгээ буурсныг мэдэгдсэн. Мөн Монгол Улс шууд хэрэгжилтийн үзүүлэлтүүдээ тайлагнахыг үүрэг болгожээ. Ингэснээр тавдугаар сард Монголбанкны Ерөнхийлөгч, ХЗДХЯ-ны сайдын хамтарсан тушаалаар Шууд хэрэгжилтийн үзүүлэлтүүдийг тайланг боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан.

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN

http://eagle.mn/r/62257

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>