Нью Йорк муж халдварын тоогоор Италийг гүйцэж, Франц улс 10,000 эндэгдэлтэй дөрөв дэх улс боллоо
Мягмар гарагт АНУ-ын Нью Йорк муж дангаараа Covid-19 халдварын тохиолдлын тоогоор Итали улсыг гүйцэж түрүүлжээ. Мөн өчигдөр тус мужид нийтдээ 731 хүн халдварын улмаас нас барсан нь нэг өдөрт хамгийн олон эндэгдэл бүртгэгдсэн тохиолдол болсон юм. Мужийн нийт эндэгдлийн тоо 5,500 хүрээд байна. Муж дотроо Нью Йорк хотын нийт эндэгдлийн тоо 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын үеэр амиа алдсан хүний тоог давжээ.
Өчигдрийн байдлаар Нью Йорк хотод шинэ коронавирусийн халдвараар нас барсан өвчтөний тоо 3,202 хүрсэн бол есөн сарын 11-ний халдлагын үеэр нийтдээ 2,977 хүн амиа алдаж байсан юм.
Гэсэн хэдий ч Нью Йорк мужийн эмнэлгүүдэд өдөрт нэмэгддэг өвчтөнүүдийн тоо сүүлийн гурван өдөр дараалан буурсан нь тахлын эрч саарч байгаагийн эхний шинж тэмдэг гэж мужийн захирагч Эндрью Куомо үзэж байна. Цар тахлын нэг том төв болох Европ тивийн Итали, Испани улсуудад өдөрт бүртгэгддэг эндэгдлийн тоо буурч эхэлсэн бол Франц, Их Британи улсуудад нэмэгджээ. Өчигдөр Их Британид 786 хүн амиа алдсан нь хамгийн олон эндэгдэл бүртгэгдсэн өдөр болсон байна.
Энэ улсад илэрсэн нийт халдварын тоо 55,940 хүрчээ. Мягмар гарагт Франц улсын эндэгдлийн тоо 10,000-ын босгыг давсан нь тус улсыг ийм муу үзүүлэлттэй дэлхийн дөрөв дэх улс болгосон байна. Францаас гадна АНУ, Итали, Испани улсуудад 10,000-аас дээш тооны хүн Covid-19 өвчнөөр нас бараад байгаа. Дэлхий даяар бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол өчигдрийн байдлаар 1,380,000 орчим, эндэгдлийн тоо 80,000 орчим байна.
Шинэ коронавирусийн халдварын батлагдсан тоогоор дэлхийд тэргүүлж байгаа 10 улсын тоо баримтууд:
Улс | Халдварын тохиолдол | Эндэгдэл | Харьцаа | |
1 | АНУ | 383,256 | 12,021 | 3% |
2 | Испани | 140,511 | 13,897 | 10% |
3 | Итали | 135,586 | 17,217 | 13% |
4 | Герман | 101,806 | 1,607 | 2% |
5 | Франц | 98,959 | 10,343 | 10% |
6 | Хятад | 82,773 | 3,331 | 4% |
7 | Иран | 62,589 | 3,872 | 6% |
8 | Их Британи | 55,940 | 6,171 | 11% |
9 | Турк | 34,109 | 725 | 2% |
10 | Швейцар | 22,253 | 821 | 4% |
Р.Төмөр
Эх сурвалж: Reuters, AFP