АНУ-ын эндэгдлийн тоо 10,000-ыг давж, Норвеги улс тахлыг хяналтдаа оруулсныг зарлалаа

50

Шинэ коронавирусийн цар тахал дэгдсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл АНУ-д амиа алдсан хүний тоо нийтдээ 10,000 хүрснийг Жон Хопкинсийн их сургуулиас гаргасан тоо баримт харуулж байна. Цагаан ордны эрх баригчид энэ долоо хоногийг Америкчуудын хувьд хамгийн хүнд хэцүү цаг үе байх болно гэж анхааруулж байв. АНУ-д Covid-19 халдвараар өвчилсөн нийт хүний тоо Даваа гарагийн байдлаар 356,942 хүрсэн байна.

Тус улсын тахлын хамгийн том голомт болоод байгаа Нью Йорк мужид халдварын өсөлт анх удаа удааширч эхэлснийг мужийн захирагч Эндрью Куомо өчигдөр мэдэгджээ. Гэхдээ тэр сургуулиудыг хааж, онц шаардлагагүй бизнесүүдийн үйл ажиллагааг хориглох шийдвэрээ дахин хоёр долоо хоногоор сунгаж, дөрөвдүгээр сарын 29 хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна. Даваа гарагт Нью Йорк муж даяар 599 өвчтөн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 4,578 хүрчээ. Тус мужид бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн байдлаар 130,689 болоод байна.

АНУ-д цар тахлын эрчим сулраагүй байгаа энэ үед Европын орнуудад оргил үе нь өнгөрч, зарим улсууд хөл хорионы дэглэмээ сулруулах талаар ярьж эхэлжээ. Тухайлбал Норвеги улсын эрүүл мэндийн сайд коронавирусийн тахлыг хяналтдаа оруулж чадсаныг Даваа гарагт зарласан байна.

Норвеги улс халдвартай нэг хүний цааш хэдэн хүнд дамжуулсан тоогоор тахлын идэвхийг хэмжиж байгаа. Өнөөдрийн байдлаар халдвартай нэг хүн цааш дунджаар 0.7 хүнд вирус дамжуулах хэмжээнд хүрээд байгаа гэнэ.

Норвегийн эрх баригчид энэ тоог нэгээс бага хэмжээнд буулгах зорилготой байсан юм. Онц байдал зарлаж, тахлын эсрэг арга хэмжээ авч эхлэхээс өмнө энэ тоо 2.5 байжээ. Гурван долоо хоногийн өмнө Норвеги улс сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудыг хааж, хөл хорионы дэглэм тогтоож байв. Маргааш тус улсын эрх баригчид онц байдлыг дөрөвдүгээр сарын дундаас цааш сунгах эсэх талаар шийдвэр гаргана. Даваа гарагийн байдлаар Норвеги улсад бүртгэгдсэн шинэ халдварын тоо 5,755 болж, нас барсан өвчтөний тоо 59 хүрээд байна.

Сүүлийн байдлаар дэлхийд хамгийн олон халдварын тохиолдолтой 10 орныг жагсаавал:

  Улс Халдварын тохиолдол Эндэгдэл Харьцаа
1 АНУ  356,942   10,524  3%
2 Испани  135,032   13,169  10%
3 Итали  132,547   16,523  12%
4 Герман  101,806   1,608  2%
5 Франц  98,959   8,911  9%
6 Хятад  82,755   3,331  4%
7 Иран  60,500   3,739  6%
8 Их Британи  52,274   5,383  10%
9 Турк  30,217   649  2%
10 Швейцар  21,657   765  4%

Э.Сэмүүн

Эх сурвалж: AFP, Associated Press

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.